Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой Ханбогд сумын иргэдээр ажилчдынхаа эгнээг тэлж байна

- Тэд дэлхийд тэргүүлэгч уурхайн ажилчид болно -

Монгол улс, Улаанбаатар хот - Дэлхийд тэргүүлэгч Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Ханбогд болон зэргэлдээх Даланзадгад, Баян-Овоо, Манлай сумын нийгэм, эдийн засгийн хөгжилд олон чиглэлээр хувь нэмэр оруулах, тогтвортой харилцаа бий болгож хөгжүүлэхийг зорьж ирсэн юм.

Энэхүү ажлынхаа хүрээнд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, сургаж дадлагажуулах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар Оюу Толгой ХХК-д Ханбогд сумын харьяат 142 хүн ажиллаж байгаа юм. Эдгээр хүмүүс цехийн мастер, агааржуулалтын техникч, тоног төхөөрөмж, машин мехнинизмын оператор зэрэг олон мэргэжлээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн удирдлагууд буюу үйлдвэрийн Ерөнхий менежер Шелван Валоо, Үйлдвэр-техникийн хэлтсийн Менежер Шон Орсер нарын санаачилгаар “Баяжуулалтын дээжлэгч” албан тушаалд ажиллах 14 хүнийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдээс сонгож авсан юм. Эдгээр ажилчид Баяжуулах үйлдвэрийн технологийн процессоос дээж авч, авсан дээжээ баяжуулалтын туршилт судалгаа, химийн шинжилгээнд бэлтгэх ажлуудыг гүйцэтгэх юм.

Баяжуулалтын хэлтэс шинэ ажилчдынхаа мэргэжлийг дээшлүүлэх, ажлын дадлага туршлага болон уул уурхайн мэдлэг олгох сургалтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал Оюу Толгой ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд Баяжуулалтын дээжлэгчдэд  аюулгүй ажиллагааны сургалтууд болон уул уурхайн үйлдвэрлэл, технологийг танилцуулах сургалтууд явуулсан байна. Шинээр ажилтан болж байгаа залуучуудыг “Эс Жи Эс Монгол” ХХК-ийн лабораторит дээж бэлтгэлийн ажлын дадлага, туршлага эзэмших сургалтад хамрагдаж байхад нь уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

Ц.Энхбаяр: Би Ханбогд сумын уугуул иргэн. Сумынхаа дунд сургууль, дараа нь хотод дээд сургууль төгссөн. 2012 оны 5 дугаар сард Оюу Толгой ХХК-ийн ажилд шалгаруулж авна гэсэн зарын дагуу шалгалт өгч тэнцсэн. Шалгаруулалт үнэн зөв, шударга явагддаг. Оюу Толгой ХХК-ийн ажилтан болсондоо маш их баяртай байна. Энд сургалтад суугаад уул уурхай, аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын талаар мэдлэгтэй болсноос гадна мэргэжлийн чиглэлээр дээж бутлах, нунтаглах төхөөрөмжүүд дээр дадлага хийж байна.


Х.Сандуйжав: Ханбогд сумын уугуул иргэн. Өмнө нь мал маллаж байгаад, 2008 оноос хойш хувиараа бизнес эрхлэж байсан. Энэ сарын 12-ноос Оюу Толгойд ажилд орсон. Би уул уурхайн талаар мэдлэг муутай байсан. Ажилд орсоноос хойш сургалтад хамрагдаад нэлээд зүйлийг сурч мэдэж байгаа. Монголын хамгийн том, хамгийн ирээдүйтэй Оюу Толгой уурхайд ажиллах болсондоо маш их баяртай байна. Орлоготой, ажилтай болсондоо сэтгэл өндөр байна.


T.Ганхөлөг: Оюу Толгой ХХК-д ажиллах болсондоо баяртай байна. Би 5 сарын эхээр дээж бэлтгэгч ажилд авна гэсэн зарын дагуу шалгалт өгч тэнцээд, 6 дугаар сарын 12-ноос ажиллаж эхэлсэн. Өмнөговь аймгийн МСҮТ-ийг 2011 онд уул уурхайн техникийн ашиглалтын мэргэжлээр төгсөөд Ханбогд сумандаа ажил эрхлээгүй нэг жил орчим байсан. Одоо сургалтад хамрагдаж байна. Энэ сургалт их ойлгомжтой, онол, дадлага хослуулсан болохоор сайн сурах боломжтой. Цаашид өөрийгөө хөгжүүлэх, суралцах боломжоо ашиглана гэж бодож байгаа. Оюу Толгой ХХК-ийн шалгаруулалт шударга явагддаг болохоор залуучуудад ажилд орох боломж их байгаа гэдгийг хэлмээр байна.


 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.