Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой төслийн бүтээн байгуулалт 90 хувьд хүрлээ

- Энэ оны 4 дүгээр улирлаас анхны хүдрээ боловсруулж эхэлнэ-

Монгол улс, Улаанбаатар хот - Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд онцгой ач холбогдол бүхий Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтын ажил шийдвэрлэх шатандаа орж, гүйцэтгэл нь 90 хувьд хүрээд байгааг дуулгахдаа бид баяртай байна.

Оюу Толгой уурхай төлөвлөсөн хугацаанаасаа 6 сарын өмнө буюу энэ оны 4 дүгээр улирлаас анхны хүдрээ боловсруулж эхэлнэ. Гучин гурван сарын хугацаанд хийхээр төлөвлөсөн нөр их ажлыг хорин долоон сарын дотор багтаан гүйцээж, үр шимийг нь хүртэж эхлэх хугацааг ойртуулснаас гадна зэсийн үнэ тогтвортой байгаа үед бүтээгдэхүүнээ борлуулж эхлэх нь үүнээс ч дутахааргүй өндөр ач холбогдолтой билээ.

Тус уурхай нь ашиглалтад орохоос өмнө Монгол Улсын эдийн засагт нийт 7.8 их наяд төгрөгийн (6 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалт хийгдэх юм. Энэ их бүтээн байгуулалтын ажилд 9,621 монгол хүн хөдөлмөрлөж байгаагаас гадна, төсөл эхэлсэнээс хойш үндэсний 1,700 орчим аж ахуйн нэгж, байгууллага ханган нийлүүлэлт хийжээ. Зөвхөн 2011 онд гэхэд үндэсний 1,000 гаруй ханган нийлүүлэгч 1,7 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээ нийлүүлсэн байна.

Оюу Толгой төсөл нь уурхайгаа ашиглахаас өмнө Монгол Улсын Засгийн газарт 900 тэрбум төгрөг төлөх билээ. Оюу Толгой төсөл хэрэгжих нийт хугацаанд Монголын Засгийн газар нийт мөнгөн урсгалын 70 хүртэлх хувийг дангаараа ногдол ашиг, татвар, нөөц ашигласны төлбөр болон бусад олон төрлийн төлбөр, хураамжийн хэлбэрээр авах юм.

Монголын ард түмэн нь Оюу Толгойн үйлдвэр ашгаа өгч эхлэхийг хүлээлгүй, түүний үр шимийн дийлэнхийг, түрүүлж, бизнесийн ямар нэгэн эрсдэл хүлээлгүй ийнхүү хүртэж эхэллээ.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.