Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Н.Алгаа "Оюу Толгой төсөл нь Монголын уул уурхайн хөгжлийн жишиг болж, цаашид зуун жилийн хугацаанд хөтөлж явна гэдэгт итгэдэг"

- Гадаадад ажиллаж байгаа маш олон инженер, техникийн ажилтнууд эргэж ирж Оюу Толгойд ажиллаж байгаа нь үнэхээр сайшаалтай -

Ч.Пүрэвээ
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаатай ярилцлаа.

Өнөөдөр Монгол улсад уул уурхайн хөгжлийн явц ямар байна вэ. Өнөөдрийн төвшиний талаар яриагаа эхлэх үү?
Уул уурхайн хөгжлийг 1924 оноос эхэлж тоолдог. Үндсэндээ чиг баримжаагаа эндээс эхэлсэн байдаг. 1970-аад оны үед уул уурхайд техник, технологийн талаасаа дэвшил гарсан. Дараа үе нь 2000 оноос эхэлсэн. Хамгийн сүүлийн үеийн том жишээ бол Оюу Толгой төсөл. Энэ төслийн хувьд говийн бүсэд дэд бүтэц байхгүй хүнд нөхцөлд ажлаа эхэлсэн. Өнөөдөр бид олон улсын ерөнхий нөхцөл байдалтай холбогдоод дэлхийн хэмжээний үндэстэн дамнасан корпораци ч юм уу, дэлхийн томоохон компаниудын нийгмийн хариуцлага, ил тод байдал гээд тэдний дүрмээр явах шаардлага гарч байгаа юм. Ийм дүрмийг Монголд авчирж байна. Уул уурхайн хөрөнгө оруулалт нь нэгдүгээрт, өндөр бүтээмжтэй, хүчин чадалтай, орчин үеийн техник, дэвшилтэт технологийг оруулж ирсэн.

Хоёрдугаарт, уул уурхайн үйлдвэрлэл явуулдаг соёлыг авчирсан. Үйлдвэрлэл явуулдаг соёл гэж байна. Бүх уурхайнууд хөдөлмөр, аюулгүй байдал эрүүл ахуйн стандарттай. Үүнийг Оюу Толгой төсөл Монголд авчирч байна. Үүн дээр ажиллах хүчин Монголд бэлтгэж, бий болгож байгаа. Өнөөдөр ийм мэргэжилтэй хүмүүс дутагдалтай байгаа, өмнө нь бэлтгэх боломж ч байгаагүй. Тиймээс Оюу Толгой ХХК шиг томоохон компаниуд үндэсний хэмжээний боловсон хүчин бэлтгэхэд анхаарч байгаа. Тухайн орныхоо хөгжлийг урагшлуулах, нийгмийн хариуцлагаа биелүүлэх үүргээ хүлээж байна.
Монгол улс 1990 оноос ардчилал, зах зээлд орсон. Түүнээс хойш эдийн засгийн хувьсгалыг сайн эхэлсэн. Гэхдээ зах зээлийн сонгодог утгаар нь ойлгож хэрэгжүүлээгүй. Суурь нь муутай учраас хувийн хэвшлийн хурдацтай хөгжилд саад болох зүйл олон байна. Мэдлэг чадваргүй учраас тэр соёлыг нь ойлгодоггүй. Хүлээн зөвшөөрдөггүй.

Уул уурхайн дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажил ямар шатанд явж байгаа вэ. Таны бодлоор хэр хурдацтай байгаа вэ?
Жишээ болгоод яръя. Оюу Толгой төсөл мэргэжилтэй ажилтан бэлтгэх үндэсний хэмжээний томоохон бодлого явуулж байгаа. Маш том хөрөнгө оруулалт. Монгол улсын хөгжлийн хувьд өндөр үр ашигтай. Гадаадад ажиллаж байгаа маш олон инженер, техникийн ажилтнууд эргэж ирж байгаа нь үнэхээр сайшаалтай. Оюу Толгой ХХК инженер, техникийн ажилтнуудаа тэтгэлэгт хөтөлбөрөөр бэлтгэж эхэлсэн. Энэ бол компани ажилтнаа бэлтгэх нэг бодлогоо хэрэгжүүлж байгаа гэж боддог.

Таны ярьсан орчин үеийн техник, дэвшилтэт технологийг эзэмших боловсон хүчин бэлтгэх ямар боломжууд байна вэ?
Улсын хувьд боломж байгаа. Гэхдээ мэргэжилтэн бэлтгэх боловролын тогтолцоо нь буруу. Тиймээс гадаадад жишиг болсон хөтөлбөрийг оруулж ирэх хэрэгтэй. Өнөөдөр мэргэжилтнээ зайлшгүй бэлтгэх шаардлага байгаа учраас Оюу Толгой ХХК сургаж эхлээд байна. Уг нь мэргэжлийн хүмүүсээ иймэрхүү томоохон төслийг урьдчилан харж, угтаж бэлтгэсэн байх ёстой.

Уул уурхай бол өндөр техник, технологи шаардсан, урт хугацаанд гүйцэтгэх ажил. Үүнийг зарим хүмүүс сайн ойлгохгүй байх шиг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
Уул уурхайн мэргэжил нарийн. Уул уурхайн бизнес хайгуулаас эхлээд бүтээгдэхүүн борлуулах хүртэл шат дамжлаг бүртээ эрсдэлтэй. Үүнийг зарим хүмүүс ойлгодоггүй. Үүнийг хөрөнгө оруулагчид, ажиллаж байгаа хүмүүс, бодлого боловсруулагчид, бодлогыг дэмждэг хүмүүс л ойлгоно. Өнөөдөр монголчууд бүгдээрээ мэдэх гэж оролдож байна. Энэ бол өмнөх нийгмийн сургалтын тогтолцооны буруу. Тиймээс бүгдээрээ уул уурхай ярьдаг болсон. Уг нь ашиг хүртэж байгаа хүмүүс төлөөллөөрөө дамжуулаад санал бодлоо илэрхийлэх ёстой. Түүнээс биш бүгдээрээ тооны машин бариад ашгийг бодоод суугаад байж таарахгүй. Уул уурхай өөрөө маш өндөр технологи шаарддаг. Мэргэжлийн бус хүмүүс ийм зүйл яриад байгаа нь буруу. Уг нь хүмүүс хийдэг хийдэг ажлаа л хийж, мэддэг зүйлээ ярих ёстой. Мэдээж тодорхой хугацааны дараа байдал өөрчлөгдөх биз. Уул уурхай Монголд үнэхээр том орлого авчирж байгаа учраас бүх талын ашиг сонирхол байгаа. Өнөөдөр бүгдээрээ инженер болчихоод яриад байна. Магадгүй 5-10 жилийн дараа гайгүй болно байхаа.

Ийм байдал бусад оронд байсан болов уу эсвэл өвхөн манай улсад ажиглагдаад байна уу?
1970-аад онд ийм зүйлүүд байсан түүхтэй. Бүр Эрдэс баялгийн үндэсний үзэл гэсэн нэр томъёотой. Нэг талаас үзэгдэл ч гэж болно. Манайх шиг жижиг, шилжилтийн, хөгжих гэж байгаа, орлого нь уул уурхайгаас хамааралтай улсад ийм үзэл илүү хурдацтай, илүү өргөн далайцтай явагдаж байгаа. Өнөөдөр хүмүүс их хүлээлттэй, үр дүнг нь үзэх гэж яараад байгаа. Оюу Толгой шиг дэлхийн хэмжээний, эхний гуравт орох том уурхайн тухай бид яриад байна. Маш том бүтээн байгуулалт. Дэд бүтэцгүй, усгүй, эрчим хүчгүй газар ийм богино хугацаанд барина гэдэг бүх нөөц бололцоогоо дайчлана гэсэн үг. Бид нар том байгууламжийг барих ажлыг дэндүү хялбарчилж ойлгоод байна. Дунд зэргийн уул уурхайн үйлдвэр барихад орд нь нээгдэхээс эхлээд шатуудаа дамжиж явсаар 21 жилийн хугацаанд ашиглалтад ороод 26 дахь жилээс ашгаа авч эхэлдэг. Дэлхийн жишиг ч ийм л байдаг. Мэдлэг шаардсан учраас мэргэжлийн бус хүмүүст ойлгуулах амаргүй. Олон сувгаар мэдээлэл авч байгаа болохоор ойлголт бол хүмүүст байгаа л даа. Гэхдээ ойлгох, мэдэх хоёр өөр. Мэдлэг эзэмшихгүйгээр ойлголтоор яриад байгаа нь буруу.

Монгол улсад хэрэгжиж байгаа, дэлхийн хэмжээний том төсөл болох Оюу Толгой болоод монголчуудын ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
Би Оюу Толгойг нээгдсэн цагаас нь мэднэ. Оюу Толгой төсөл бол Монголын уул уурхайд бүх талаараа хөгжлийн жишиг болж, цаашид 100 жилийн хугацаанд хөтөлж явна гэж итгэдэг.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.