Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Н.Мөнхбаяр "Малчид гар худгийнхаа усны түвшинд хяналт, шинжилгээ хийж байна"

- Цаашид худгийн усны ундарга болон хур тунадасны хэмжилт хийхээр төлөвлөсөн -

Оюу Толгой ХХК-ийн Хамтын оролцоонд тулгуурласан байгаль орчны хяналт, үнэлгээ хөтөлбөрийн ажилтан Н. Мөнхбаяртай ярилцлаа.

Хамтын оролцоонд тулгуурласан байгаль орчны хяналт үнэлгээний хөтөлбөрийн талаар ярих уу?
Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсээс говь нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулахад хүрээлэн байгаа орчинд хэрхэн нөлөөлж байгааг хянах зорилгоор ус, ургамал, ан амьтан, тоос, дуу чимээний хяналт шинжилгээг тогтмол явуулдаг. Эдгээр ажлын үр дүнгээр цаашид авах арга хэмжээгээ тодорхойлохоос гадна төр, захиргааны байгууллагуудад хуваарийн дагуу танилцуулдаг. Харин орон нутгийн иргэдэд энэ төрлийн мэдээлэл төдийлөн хангалттай хүрдэггүй. Тиймээс Оюу Толгой төслийн байгаль орчны хяналт шинжилгээний үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийн оролцоог хангах, тэдэнд энэ талын мэдээллийг хүргэхээр 2011 оноос эхлэн Хамтын оролцоонд тулгуурласан байгаль орчны хяналт, үнэлгээ хөтөлбөрийг орон нутгийн иргэдтэй хамтран хэрэгжүүлж байна. Ус болон бэлчээр, амьтны ажиглалт, хяналтыг эхлүүлээд байгаа. Удахгүй орон нутгийн иргэдтэй хамтран тоосны хяналтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Орон нутгийн иргэд хэр хүлээн авч байгаа вэ. Энэ ажлыг хийхэд багаж хэрэгсэл хэрэгтэй. Үүнийг яаж шийдсэн бэ?
Нутгийн иргэдтэй хамтарч байгаль орчныг хянаж, үнэлэх ажил Рио Тинто компанийн бусад уурхайнуудад хийгддэг ажил. Бас манай төрийн захиргааны байгаль орчны байгууллагаас ч хүлээгдэж байсан. Энэ хөтөлбөрийг эхлүүлэхдээ Оюу Толгой төслийн зүгээс тодорхой тооны малчдад сурталчлан таниулж, хамтран ажиллах санал тавьж байсан. Харин сүүлийн үед хөтөлбөрт хамрагдаагүй зарим малчид бидэнтэй хамтран байгаль орчны хяналт үнэлгээний хөтөлбөрт оролцох хүсэлтээ илэрхийлж байгаа нь ач холбогдлоо ойлгож байгаагийн нэг илрэл гэж бодож байна. Оюу Толгой компаний зүгээс хяналт үнэлгээний ажлуудад хэрэглэгдэх байршил тогтоогч, зургийн аппарат, туузан метр, хэмжилтийн хүснэгт, гарын авлага зэрэг багаж хэрэгслээр хөтөлбөрт хамрагдсан малчдыг хангасан.

Хөтөлбөрийн үр дүн ямар байна вэ?
Хөтөлбөр маань өөрөө шинэ, Монголын бусад уурхайд төдийлөн хэрэгжиж эхлээгүй учраас бидэнд суралцах, судлах зүйл их байгаа. Өнөөдрийн байдлаар усны болон амьтны хяналт шинжилгээ маань харьцангуй тогтворжиж, малчид маань ч энэ ажилдаа дадлагажиж байна. Малчдын мал маллах арга нь байгаль, юмс үзэгдлийн ажиглалтын арга дээр голлон суурилсан байдаг. Тиймээс малчид маань усны ажиглалт хяналтыг өнөөдөр хийж эхэлж байгаа асуудал биш. Тэд амьдралынхаа туршид худгийн усны түвшин, бэлчээр, зэрлэг ан амьтны шилжилт хөдөлгөөн хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг ажиглаж, анзаарч байдаг. Гагцхүү тэр ажиглалт нь албан бус, шинжлэх ухааны тодорхой аргачлалаар хэмжсэн судалгаатай харьцуулах боломжгүй. Харин энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр усны түвшин, ан амьтны тоо, бэлчээрийн гарц чухам яг юунаас болоод нэмэгдэж, хасагдаж байна вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйгээр тодорхойлох боломжтой болж байгаа юм. Малчидтай хамтарсан байгаль орчны хяналт судалгаа бол олон жилийн туршид хийгдэх зүйл. Байгаль цаг уур, хүний хүчин зүйлээс хамааралтай хувьсан өөрчлөгдөж байгаа бэлчээр, ус, зэрлэг ан амьтны өөрчлөлтийг малчид өөрсдөө албан ёсоор бүртгэлжүүлж байгаа нь малчдын хувьд бэлчээрийн төлөвлөлт болон байгаль орчныг хамгаалах аливаа үйл ажиллагааны суурь мэдээлэл болох юм.

Говийнхон усаа чандмань эрдэнэ гэдэг. Тэгвэл усан дээр хяналт шинжилгээ ямар байдлаар хийгдэж байна вэ?
Өнөөдрийн байдлаар малчид гар худгийн усны түвшинд хэмжилт хийж байна. Цаашид худгийн усны түвшний хэмжилтээс гадна худгийн усны ундарга болон хур тунадасны хэмжилтийг нэмж хийхээр төлөвлөсөн. Оюу Толгой ХХК-ийн зүгээс усны түвшний хяналт шинжилгээг Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо сумын нутгуудад орших нийт 356 уст цэгт 7 хоног, сар, улирал тутамд хийж гүйцэтгэж байгаа. 

Малчид өөрсдөө худаг усандаа хяналт шинжилгээг ямар байдлаар хийж байгаа талаар тодруулах уу?
Говьд бэлчээрийн усан хангамжийн дийлэнх хувийг хур борооноос шууд хамааралтай гар худаг эзэлдэг. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын 20 малчин Оюу Толгой төслийн Гүний хоолойн шугам, Гашуун Сухайт боомтын зам болон Ундай голын сав газрын дагууд 26 гар худаг дээр усны хэмжилт хийж байна. Хэмжилтийг хийхдээ тусгай метр, бүртгэлийн хуудас ашигладаг. Малаа услахын өмнө болон дараа усны түвшний хэмжилтийг хийнэ. Хэмжилтийг улирал бүрээр нэгтгэж Оюу Толгой төслийн усны мэргэжилтнүүд өөрсдийн цуглуулсан мэдээлэлтэйгээ харьцуулан шинжилгээ хийж дүгнэлтийг малчдад хүргэдэг.

Малчдын хувьд энэ ажлынхаа үр дүнд хэр сэтгэл хангалуун байгаа вэ. Өмнө нь зөвхөн хяналт шинжилгээний дүгнэлтийг л сонсдог байсан?
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа үндсэн зорилго нь Оюу Толгой ХХК-ийн байгаль орчны үйл ажиллагаанд малчдыг татан оролцуулж, тэдэнд компанийн зүгээс хийж байгаа байгаль орчны хяналт шинжилгээний мэдээллийг нээлттэй болгох явдал. Энэ ажил малчдын хувьд өөрсдөд нь хэрэгтэй ажил учраас тэд сэтгэл хангалуун байгаа. Ус, худаг гаргах, бэлчээрээ төлөвлөх, зэрлэг ан амьтныг хамгаалах зэрэг бүхий л үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн суурь нь судалгаа байдаг. Тиймээс малчдын хувьд нутаг орноо илүү сайн мэдэхээс гадна уламжлалт мэдлэг ойлголтыг шинжлэх ухааны аргачлал судалгаатай хослуулсанаар шийдвэр гаргагчид, байгаль орчны чиглэлийн төсөл санхүүжүүлэгч нарт энэ талын санал бодол, үгээ хүргэх боломж ч бүрдэж байна. Мөн Оюу Толгой ХХК-ийн хувьд зөвхөн компанийн усны мэргэжилтнүүд Ханбогд сумын усны нөөцийг хэмжихээс гадна энэ ажилд малчдын оролцоог нэмэгдүүлж байгаа нь харилцан итгэлцэлийг бүрдүүлэх томоохон алхам болж байгаа.

Говь бол хангай шиг задгай усгүй. Тиймээс худаг усны талаар Оюу Толгой ХХК ямар бодлого баримталж байна вэ?
Оюу Толгой ХХК орон нутагтай сайн хөршийн харилцаатай байж, нийгмийн хариуцлагаа эрхэмлэж ажиллахыг зорьдог. Уурхайн барилгын шатны нөлөөллөөр эвдэрч, ашиглах боломжгүй болсон цөөн худгийг сэргээн засварлахаас гадна бэлчээрийн менежмент хөтөлбөрийн хүрээнд Ханбогд сумын нийт бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх ажлыг орон нутгийн засаг захиргаа, малчид болон сумын бэлчээрийн менежментийн төрийн бус байгууллагатай хамтран 2011 оноос хийж эхлээд байна. Төслийн хүрээнд нийт 20 гар худгийг сэргээн засварласан. Эдгээр 20 худгийн тав нь 2-40 хүртэл жил ашиглагдаагүй, бүрэн эвдэрч, дарагдсан гар худгууд байсан. Харин бусад нь ундарга буюу босоо хананы ус нэвтрүүлэх чадвар муудсаны улмаас усны хэмжээ, түвшин нь буурсан бөгөөд сэргээн засварласны дараа бүх худгийн усны хэмжээ хангалттай хэмжээнд хүрсэн.

Худаг сэргээх, засварлах ажил бараг мартагдаад байсан. Өнөөгийн нөхцөлд худаг засах ажил өртөг өндөртэй, хүн хүч их шаардана. Энэ ажил малчдын амьдралд нөлөө үзүүлсэн үү?
Говьд мартагдах шахсан уламжлалыг сэргээлээ. Олон жилийн өмнө социализм гэж байхад нийтийн хүчээр малчдын гар худгийг засдаг байсан. Бидний хувьд үнэ өртгийн талаас биш үр өгөөжийг илүү чухалчилж байгаа. Нэг худгийн усыг хэдэн айл өрх, хичнээн мал хэрэглэх билээ, бэлчээр ашиглалт сайжирна гээд үр дүнг эдийн засгийн талаасаа тооцоолох аргагүй их л дээ. Цаашид бэлчээрийн усан хангамжийг гар болон гүн өрмийн худгаар нэмэгдүүлэх ажлыг жил бүр шат дараалалтайгаар хийхээр төлөвлөж байна.

 

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.