Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Нөхөн сэргээлтийн шинэ технологи нэвтрүүлж байна

- Энэ технологиор хурдан ургадаг, эрс тэс уур амьсгалд зохицсон тарьц бэлтгэнэ -

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой ХХК говийн байгалийг нөхөн сэргээхэд зориулсан ургах чадвар сайтай тарьц бэлтгэх шинэ технологи Монголд анх удаа нэвтрүүлж байна. Энэхүү технологиор хурдан ургадаг, эрс тэс уур амьсгалд амьдрах чадвар нь 95 хүртэлх хувьтай, хурдан боловсордог, үндэсний системийн хөгжил сайтай тарьц бэлтгэх юм.

Оюу Толгой төсөл хэрэгжиж байгаа Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг нь байгаль, цаг уур, ургамлан нөмрөгийн өвөрмөц онцлогтой бөгөөд хээр, хангайн бүс нутагт хийдэг нөхөн сэргээлтийн технологиос ихээхэн ялгаатай юм. Иймээс тухайн нутгийн газрын гадарга, ургамлан бүрхэвч болон экосистемийг унаган төрхөнд нь аль болох ойртуулах зарчмыг баримтлан ажиллаж байна. Биологийн нөхөн сэргээлтийг амжилттай хийхийн тулд олон жилийн суурь судалгаа, ургамалжилтын хяналт шинжилгээ, ховор ба нэн ховор ургамлыг хүлэмж болон задгай талбайд тарьж ургуулах, үрийн соёололтыг турших, хөрсөн дэх үрийн нөөцийг судлах зэрэг ажлуудыг 2003 оноос эхэлсэн.  

Биологийн нөхөн сэргээлтэд ашиглах нутгийн ургамлын зүйлийн цуглуулгаар үржүүлгийн талбай байгуулан тарьц, суулгац үйлдвэрлэж түүгээр төслийн нөхөн сэргээлт, хамгаалалтын ойн зурвас, нутгийн ургамлын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар  ажиллаж байна. Энэ ажилдаа хэрэглэх нөөцтэй байхын тулд Ханбогд сумын төвд нийт 5 га газрыг хамруулсан мод үржүүлгийн газрыг 2011 онд байгуулсан.  Үрсэлгээ тарьц бойжуулах хүлэмж нь 640 м2 талбай бүхий нийлмэл оройтой, давхар хулдаасан хальсан бүрхүүл, халаалтын системтэй учир 3-11 дүгээр сарын сүүл хүртэл ургамал тарих боломжтой. Мөн усалгааны автомат өгөгдлийн самбар, бордоо холигч, 320 метрийн урттай мананцар үүсгэгч усалгааны системүүдтэй юм.

Одоогоор хүлэмжинд говийн хайлаас, буйлс, жигд, чацаргана, шар хуайс, хармаг, заг зэрэг мод бутлаг ургамлыг үрээр болон суулгацаар тарьж туршиж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.