Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Түншлэл, тогтвортой байдал нь Оюу Толгойн өнөөгийн амжилтыг бий болголоо

- Оюу Толгой төслийн нийт үр ашгийн 80 хувийг далд уурхайгаас олборлоно -

Монгол улс, Улаанбаатар хот Уул уурхайн хөрөнгө оруулалтын Дисковер Монголиа - 2012 чуулга уулзалт өчигдөр Монголын хүүхдийн ордонд эхэллээ. Оюу Толгой ХХК тус чуулганыг найм дахь жилдээ ивээн тэтгэж байгаа юм. Чуулганы эхний өдөр Оюу Толгой ХХК-ийн удирдлагууд төслийн үйл явц, өнөөгийн хамтын амжилт, цаашдын үйл ажиллагааны талаар илтгэл тавилаа.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей 'Түншлэл ба амжилтын үндэс' илтгэлдээ, “Монгол улсын эдийн засагт урт хугацааны тогтвортой хөгжлийг авчрах Оюу Толгой төслийг анх төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Энэ амжилт нь Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчид болон Монголын үндэсний 2,000 орчим ханган нийлүүлэгч компани, 10 мянгаад монгол ажилчдын нөр их хөдөлмөр, түншлэлийн үр дүн юм” гэлээ.

Тэрээр цааш нь “Хөрөнгө оруулагчдад бизнесийн тогтвортой орчинг бүрдүүлж чадсан учраас Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан 2009 оноос хойш Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт Оюу Толгойн хөрөнгө оруулалтыг оруулахгүйгээр 13 дахин өссөн үзүүлэлттэй гараад байна. Оюу Толгой төслийн нийт мөнгөн урсгалын 71 хүртэлх хувь нь Монгол Улсын Засгийн газарт ногдох тухай Олон улсын валютын сангийн судалгаа байдаг бөгөөд монголчууд Оюу Толгой төслийн үр ашгийг эрсдэлгүйгээр, эхнээс нь хүртэж байна” гэж онцолсон.

Дисковер Монголиа - 2012 чуулганы үдээс хойшхи хуралдааныг нээж Оюу Толгой ХХК-ийн Уул уурхайн олборлолт, үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх захирал Матью Гили 'Монгол улс дахь дэлхийн хэмжээний уул уурхай' сэдвээр илтгэл тавьсан. Тэрээр “Оюу Толгойн ил уурхайн хүдрийг баяжруулах үйлдвэрт боловсруулахад бэлэн болоод буй өнөөгийн амжилт бол зөвхөн эхлэл юм. Оюу Толгой төслийн нийт үр ашгийн 80 хувь нь далд уурхайгаас гарах бөгөөд ирэх таван жилийн хугацаанд хамгийн нарийн ажиллагаа шаардсан далд уурхайг ашиглалтад оруулж, цахилгаан станц барих, баяжуулах үйлдвэрийг өргөжүүлэх гэх мэт олон ажлуудыг гүйцэтгэнэ” гэж хэлсэн. Дашрамд дурьдахад, дэлхийн хэмжээнд гарын 10 хуруунд багтах цөөн тооны блокчлон олборлох нарийн технологи шаардсан далд уурхай байдаг байна. Тэдний хоёрыг нь Оюу Толгой төслийн хөрөнгө оруулагч, далд уурхайн бүтээн байгуулалтын болон ашиглалтын арвин туршлагатай Рио Тинто компани удирддаг ажээ.

Камерон МакРей хэлсэн үг ба 'Түншлэл ба амжилтын үндэс' илтгэл.

Зургийн цомгийг сонирхоно уу. 

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.