Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Л.Цэцэгсүрэн "Нөхөн сэргээлтийг газар шорооны ажил эхлэхээс өмнө зөв төлөвлөх нь чухал"

- Нөхөн сэргээлтийн стандартыг мөрдүүлж байна -

Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны ахлах ажилтан Л.Цэцэгсүрэнтэй ярилцлаа.

Аливаа барилга, дэд бүтцийн үйл ажиллагаа явуулахын тулд эхлээд газар шорооны ажил хийх нь мэдээж. Оюу Толгой төсөл энэ талаар ямар менежмент хэрэгжүүлж байгаа вэ?
Оюу Толгой төслийн уурхайн бүтээн байгуулалтын ажил өнөөдөр 90 хувьтай байна. Энэ бүх ажилд нийтдээ 3024,86 га талбай хөндсөн байгаа. Ингэж тодорхой хэлж байгаагийн учир нь Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн Газрын асуудал хариуцсан баг бүтээн байгуулалтын объект бүрийг барьж, байгуулахад зайлшгүй өртөгдөх талбайг нэг бүрчлэн бүртгэж, барилгын ажлын явцад тухайн ажлыг хэвийн явуулахад шаардагдах талбайгаас хэтрүүлэн газрын эвдрэл үүсгүүлэхгүй байх, эвдрэлийг хамгийн бага хэмжээнд хазгаарлахад хяналт тавьж ажилладаг. Үүнийг дотоодын Газар хөндөх зөвшөөрлийн журмаар зохицуулдаг.

Тэгвэл газар хөндөх зөвшөөрөл гэж юу вэ. Илүү тодруулж болох уу?
Газар хөндөх зөвшөөрлийн журмыг бусад уул уурхайн компаниудад ч хэрэгжүүлдэг. Гэхдээ Оюу Толгой төслийн хүрээнд энэ журмыг хэрэгжүүлдэг арга барил нь ялгаатай. Бид Газар хөндөх зөвшөөрлийн дотоод журмаа боловсруулахдаа төслийн үйл ажиллагаатай холбоотой аливаа газар шорооны ажил Монгол улсын холбогдох хууль, тогтоомж, стандарт шаардлагуудад нийцэх төдийгүй Европын хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын байгаль орчны шаардлагуудыг хангасан, мөн Оюу Толгой төслийн Байгаль Орчинд Үзүүлэх Нөлөөллийн Нарийвчилсан Үнэлгээний тайланд дурдагдсан бүхий л шаардлагуудыг биелүүлсэн байх ёстой гэж үзсэн. Тиймээс хууль эрх зүйн өргөн хүрээний судалгаа хийж, дэлхийн томоохон уул уурхайн компаниудын туршлагаас журамдаа тусгасан. Тиймээс энэ журам маш амжилттай хэрэгжиж байна. Энэхүү журмын дагуу аливаа газар хөндөх үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө гэрээт компаниуд бидэнд зөвшөөрлийн хүсэлтээ гаргадаг. Энэ хүсэлтэд тухайн ажилд шаардлагатай талбайг тооцоолсон байх ёстой бөгөөд үүний дагуу байгаль орчны шалгалт хийж, дүгнэлт гаргадаг. Ингэхдээ хамгийн түрүүнд тухайн талбайд барилгын ажил явуулахад байгаль орчныг хамгаалах, хууль тогтоомжуудад нийцэж байгаа эсэхийг анхаарна. Үүний дараа, тухайн орчны ургамлын бүлгэмдэл болон өнгөн хөрсний хэв шинжийг тодорхойлдог. Энэ нь барилгын ажил дууссаны дараа тухайн газрыг эргүүлэн унаган төрхөнд нь оруулахыг дэмжих нөхөн сэргээлтийн ажлын хамгийн анхны чухал шат юм. Газрыг нөхөн сэргээнэ гэдэг нь тухайн газрын унаган ургамлын бүлгэмдлийг дахин бий болгоно гэсэн үг. Тухайн ургамлын бүлгэмдэл нь өөрийн өвөрмөц хэв шинжит орчин бүхий өнгөн хөрсөндөө илүү амжилттай бүрэлдэнэ. Бид холбогдох багуудаас ховор ургамлын зүйл, хөрсний чанар, усны нөөц болон чанар, ан амьтдын амьдрах орчинд нөлөөлөх байдлын талаар мэргэжлийн дүгнэлтүүдийг гаргадаг. Хэрвээ тухайн ажил уурхайн лицензийн талбайн гадна явагдах бол орон нутгийн болоод соёлын өвийн асуудлаар Оюу Толгой ХХК-ийн Орон нутгийн харилцааны хэлтсээс дүгнэлт гаргуулдаг. Ингэж олон талаас судалж гаргасан дүгнэлтүүдийг үндэслэж газар хөндөх зөвшөөрлийн нөхцөлүүдийг бичиж баталдаг. Үүнийг гэрээт компаниуд ажлаа гүйцэтгэх бүхий л хугацаанд мөрдөж ажилласнаар газрын эвдрэлийг зөвшөөрөгдсөн талбайд хязгаарлаад зогсохгүй өнгөн хөрсийг хамгаалах, тоосжилтыг багасгах, эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх зэрэг байгаль орчны олон асуудлыг хянах бололцоотой болдог.

Хөрсөө хуулаад тодорхой нэг газар хадгалах нь мэдээж. Тэгвэл ямар байдлаар, хэрхэн хадгалдаг вэ. Тодорхой стандарууд байх уу?
Уул уурхайн компаниуд газрыг ухаад, сэндийлээд орхидог гэсэн ойлголт хүмүүсийн дунд түгээмэл бий. Харин Оюу Толгой төсөл өөрийн үйл ажиллагааны улмаас хөндсөн газар бүрийг нөхөн сэргээх нарийн боловсруулсан төлөвлөгөөтэй байдаг. Нөхөн сэргээлтийн ажил экскаваторын шанагаар өнгөн хөрс хуулахаас эхэлдэг. Учир нь өнгөн хөрс бол эвдэгдсэн газрыг нөхөн сэргээж байгалийн төрхөнд нь буцааж оруулахад хамгийн чухал стратегийн ач холбогдолтой зүйл. Өнгөн хөрсөөр хучаагүй талбайд их үр цацаж, усалсан ч байгалийн төрхийг нь сэргээхэд хэцүү. Магадгүй олон арван жилийн уйгагүй арчилгааны дараа үр дүн гарч болох юм. Иймээс аливаа барилгын болон газар шорооны ажил шимт хөрсийг зөв хуулахаас эхлэдэг. Хуулах гүнийг тодорхойлж газар хөндөх зөвшөөрөлд бичиж, хаана хадгалахыг бас заадаг. Харин хадгалах газрын байршлыг тогтоохдоо тухайн талбайн ашиглагдах хугацааг харгалзана. Хэрвээ тухайн талбай олон жилийн турш ашиглагдах бол шууд урт хугацааны буюу уурхайн хаалтын үед ашиглагдах өнгөн хөрсний талбай руу зөөж хадгалдаг. Түр байгууламж барих талбайгаас хуулсан бол тухайн орчинд нь хадгалдаг. Амьд чанарыг хамгаалахын тулд овоолгыг 3 метрээс дээш өндөргүй байлгадаг.

Үйл ажиллагаа явуулаад тодорхой хугацааны дараа нөхөн сэргээнэ. Энэ талаар тайлбарлах уу?
Нөхөн сэргээлтийг газар шорооны ажил эхлэхээс өмнө зөв төлөвлөж ажиллахгүй бол ямар ч их хөдөлмөр, хөрөнгө зарцуулсан ч амжилтгүй болох эрсдэлтэй. Оюу Толгой төслийн хувьд Уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөлтийг Техник эдийн засгийн үндэслэлийн хавсралт болгон боловсруулсан байгаа. Түүнд уурхайн үйл ажиллагаа эхэлснээс хойшхи 5 жилийн дараа уурхайг хаах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахаар заасан. Харин бүтээн байгуулалтын шатанд явцын нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Хэрэгжилтийг Газар хөндөх зөвшөөрлийн журмаараа нөхцөлдүүлдэг. Гэрээт компаниуд барилгын ажил гүйцэтгэсэн талбайдаа хууль, стандартын шаардлагыг хангах түвшинд техникийн нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгдөг.

Техникийн нөхөн сэргээлт юугаараа илүү чухал вэ? Тухайлбал уул уурхайн компанийн хувьд?
Техникийн нөхөн сэргээлтийг хэрхэн гүйцэтгэснээс биологийнх нь амжилт хамаарна. Өөрөөр хэлбэл, тарьсан үр ургах уу үгүй юу гэдэг. Иймээс бид гэрээт компаниудтай зөв зохистой гүйцэтгэх тал дээр нягт хамтран ажилладаг. Тэдэнд тавигдах шаардлагуудыг таниулж, тайлбарлахын зэрэгцээ шаардлагыг хэрхэн хэрэгжүүлж байгаад байнгын хяналт тавьж, цаг тухайд нь шаардлагатай зөвлөгөө өгдөг. Тухайн хөндөгдсөн талбайг ухаж гаргасан дарааллаар буцааж булах, тэгшлэх зэргээр орчинтой нь дөхүүлэн хэлбэршүүлж нутгийн хүн ард, мал, амьтдад аюулгүй болгосон байх, налууг Монгол улсын стандартад заасны дагуу 18 градусаас илүүгүй байхаар хэлбэршүүлэх, энэ гадаргууг салхины элэгдэлд хялбархан орж тоосны эх үүсвэр болохооргүйгээр зохих хэмжээнд нягтаршуулах, өнгөн хөрсөөр хучсан байх, зонхилох салхины чиглэлд хөндлөн ховилууд үүсгэн самнасан байх гэх зэрэг үндсэн шаардлагууд бий. Харин зонхилох салхины чиглэлд хөндлөн ховилууд үүсгэн самнасан байх гэдэг нь бидний техникийн нөхөн сэргээлтэнд тавьдаг онцлог шаардлага. Энэ шаардлагыг нөхөн сэргээлтийн тухай стандартад заагаагүй байдаг. Гэхдээ газрыг дахин ургамалжуулахад хамгийн чухал ач холбогдолтой. Нэгдүгээрт, байгалийн салхиар хийсч байгаа үр ховилуудад тогтож суух, хоёрдугаарт, ховилуудын хооронд хуримтлагдсан чийгийн нөлөөгөөр суусан үр соёолох, улмаар дахин ургамалжих процесс амжилттай явагдах нөхцөлийг бүрдүүлдэг. Одоо төслийн бүтээн байгуулалтын нэгдүгээр шат дуусч байгаатай холбоотойгоор гэрээт компаниуд барилгын ажил гүйцэтгэсэн талбайнууддаа техникийн нөхөн сэргээлт хийж, хүлээлгэн өгөх ажил ид явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар 845 га газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн байгаа. Энэ ажил уул уурхайн компанийн хувьд яагаад чухал вэ гэдийг энгийнээр тайлбарлая. Ил болон далд аль ч төрлийн уурхайн үйл ажиллагаанаас хаягдал чулуулгийн овоолгууд үүснэ. Эдгээр овоолгуудыг уурхайн үйл ажиллагааны явцад төдийгүй уурхай хаагдсанаас хойш нуралт үүсэж хүн, мал, амьтанд аюул учруулахгүй байхаар инженерийн нарийн төлөвлөлттэйгээр босгож, налууг зөв үүсгэж, гадаргууг тогтворжуулах ёстой.

Өмнө нь компаниуд ийм дарааллаар нөхөн сэргээлтийг хийж байсан уу, Оюу Толгой төсөл дээр олон компани ажиллаж байгаа. Та бүхэн энэ стандарыг мөрдүүлж чадаж байна уу?
Чадаж байгаа. Оюу Толгой төслийн барилга, дэд бүтцийн ажлыг маш олон гэрээт компаниуд гүйцэтгэж байгаа. Эдний хувьд бүгдээрээ зөвшөөрөгдсөн талбайд зам, барилгын ажлаа гүйцэтгэж эхлэхийн өмнө Өнгөн хөрсний менежментийн төлөвлөгөөг боловсруулан, биднээр хянуулж, батлуулдаг. Энэхүү төлөвлөгөөнд ажил дууссаны дараа талбайг хэрхэн нөхөн сэргээх талаар тусгасан байх шаардлагатай. Мөн бүх шаардлагуудад нийцэх түвшинд гүйцэтгэж хүлээлгэж өгөх үүрэгтэй байдаг. Гүйцэтгэж дууссан байдалд бидний зүгээс байнгын хяналт, шалгалт хийж, шаардлагатай зөвлөгөө өгдөг. Хангалттай сайн гүйцэтгэлээ гэж үзвэл Газар хөндөх зөвшөөрлийг нь хааж, төслийн удирдах нэгжид мэдээлснээр тухайн гэрээт компани ажлаа бүрэн хийлээ гэж үздэг. Тиймээс бид нөхөн сэргээлтийн стандартыг мөрдүүлж чадаж байгаа гэж үзэж болно. Байнгын нарийн чанд, өндөр шаардлага, хяналт тавьж, зөвлөгөө өгч, хамтран ажиллах зарчмыг Оюу Толгой компани Монголд анх хэрэгжүүлсэн. Хамгийн гол нь эдгээр компаниуд цаашдын ажилдаа суралцсан зүйлээ хэрэгжүүлж, бусдад үлгэрлэх нь чухал юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.