Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Бангарра театрын 'АМИН СҮЛД' орчин үеийн бүжгийн тоглолт

Монгол улс, Улаанбаатар хот -  Монголын Урлагийн Зөвлөл, Рио Тинто - ийн дэмжлэгтэйгээр Австралийн уугуул соёл, бүжгийн 'Бангарра' театрын 'Амин сүлд' тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Монгол, Австралийн хамтын ажиллагааны 40 жилийн ойн хүрээнд олон орны чадварлаг боловсон хүчний хамтын ажиллагааны үр дүнд Оюу Толгой төсөл амжилттай хэрэгжиж буйг Рио Тинто компани онцлон тэмдэглэж, хоёр орны гайхамшигт соёлыг харилцан таниулах, энэ талаарх мэдлэгээ солилцох боломжийг олон нийтэд бүрдүүлэн, энэхүү арга хэмжээг ивээн тэтгэж, зохион байгуулж байгаа юм. 

Бангарра хамтлаг Монголын ард түмэнд зориулсан уран бүтээлээ Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа 2012 оны 9-р сарын 22, 23-ны өдрүүдэд толилуулна. Энэ тоглолтын үеэр СУИС-ийн бүжгийн багш, оюутнууд, Монголын үндэсний дуу, бүжгийн чуулгын бүжигчдэд зориулан мэргэжлийн аргазүй, туршлага солилцох сургалт зохион байгуулах юм.

Ийнхүү Бангарра театр Австралийн эртний уугуул иргэдийн соёл иргэншлийг Монгол улсын сонгодог урлагийн тайзнаа орчин үеийн бүжгэн жүжгээр амилуулах гэж байна. 9-р сарын 18-нд Монголд айлчлан ирэх энэ театрын тоглолт Монгол, Австрали улсын хамтын ажиллагаа, соёлын харилцааг сайжруулахад хувь нэмрээ оруулж, олон улсад нэрээ дуурсгасан гайхамшигт урлагийн бүтээлээ үзэгчдийн хүртээл болгох юм.

Бангарра бүжгийн театр нь 1989 онд байгуулагдаж, 1991 оноос хойш Стивен Пэйж найруулагчийн удирдлага дор урын сангаа баяжуулсаар иржээ. Тус театр жилд тайзны 110 уран бүтээл туурвиж, Австрали болон олон улсад аялан тоглодог ажээ.  Тэд АНУ, Франц, Их Британи, Монако, Герман, Швейцарь, Канад, Япон, Өмнөд Солонгос, БНХАУ зэрэг оронд аялан тоглож байв.

Австралийн нэрт найруулагч, хөгжмийн зохиолч Дэвид Пэйж, Стив Франсис нарын дэглэсэн 'Амин сүлд' бүжгэн жүжиг нь Австрали тивийн уугуул иргэдийн өвөрмөц соёл иргэншлийн тухай орчин цагийн хүмүүст таниулж байгаа юм. Энэ тоглолт нь үдэш болж, нар шингэн харанхуй нөмрөхөөс эхлэн өглөө үүр манхайн цайх хүртэлх үед өрнөх Австралийн уугуул иргэдийн үйлийг гайхам чадварлаг бүжгээр илэрхийлэн харуулдаг юм. Тус тивийн эртний уугуул оршин суугчид хэрхэн аж төрж байсан түүх өгүүлэх энэхүү тайзны уран бүтээл нь өвөг дээдсийн онгон савдаг дуудах жаягийн ид шид хийгээд тэнгэр газрын дунд орших өлгий нутгийн уул ус, газар шороонд амьдрал хэрхэн үүсч, булаг шандын амин усаар хүмүүс хэрхэн өвчин шаналлаас аврагдаж байгааг ардын тууль домгоос сэдэвлэн үзүүлэх ажээ. 'Амин сүлд' бүтээлээр Австралийн эртний уугуул иргэдийн отог аймгууд, хийморь сүлд сэргээх тэдний зан үйлийг илтгэн харуулдаг нь нэн сонирхолтой юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.