Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Орчин үеийн нисэх буудлын буух зурвасын замыг амжилттай барьж дуусгалаа

- Монгол инженерүүд болон барилгачид хамгийн богино хугацаанд гүйцэтгэлээ -

Монгол улс, Улаанбаатар хот - Орчин үеийн нисэх буудлын буух зурвасын замыг амжилттай барьж дуусгалаа. Энэ бол Монголын өмнийн говьд анх удаа баригдаж байгаа олон улсын стандартад нийцсэн нисэх буудлын цогцолборын гол хэсэг юм. Оюу Толгой ХХК Монголын өмнө хэсэг буюу Өмнөговь аймагт авто зам, уул уурхайн дээд сургууль, техник технологийн сургууль, өндөр хүчдэлийн шугам, гүний худгийн усан хоолой, баяжуулах үйлдвэрийн холбогдох барилга байгууламж зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийж байна. Үүний нэг нь энэхүү олон улсын стандартын нисэх буудал юм.

Монголд анх удаа буух зурвасын замыг хамгийн богино хугацаанд гүйцэтгэж дээд амжилт тогтоолоо. 3.2 км урттай буудлын зурвасыг Монголын инженерүүд, гэрээлэгч компаниуд төлөвлөгөөт хугацаанд чанарын өндөр түвшинд барьж дуусгалаа.  Монголдоо хоёрт орох том хэмжээтэй хатуу хучилт бүхий уг нисэх буудалд Боинг 737, С130 төрлийн онгоц буух боломжтой.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон Макрей “Өмнийн говьд дэд бүтцийн томоохон сүлжээг бий болгох бидний төлөвлөгөө биеллээ олж буйг харахад нэн таатай байна. Энэхүү төслийг Монголын барилгын компаниудтай хамтран аюул осолгүй, богино хугацаанд, чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн нь Оюу Толгой ХХК болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж буйн нэг томоохон илрэл юм.” хэмээн онцлон тэмдэглэлээ. 

АНУ-ын Айова муж дахь 'Гомако' компаниас нийлүүлсэн хатуу хучилттай зам тавигч төхөөрөмжийг Монголд анх удаа ашиглан, бүтэн 3 жилд гүйцэтгэх буух зурвас замын ажлыг хамгийн богино хугацаа буюу 90 хоногт дуусгасан юм. Галт тэрэгний цуваатай адил энэхүү машин нь гулган шилжих хөдөлгөөнөөр 7.5 метр өргөн, нэг метр орчим урт, 44 см зузаан замыг нэг минутанд хатуу хучилттай болгодог.

'Ханбумбат' нэртэй нисэх буудлын цогцолборыг Оюу Толгой төслийн санхүүжилтээр барилгын менежментийн Флюр компанийн удирдлагаар Монголын 'Арц суварга', 'Эй Си Эч Сервис' зэрэг компаниудын 500 гаруй ажилчид барьж гүйцэтгэж байна. Энэхүү нисэх буудлын цогцолбор нь үйлчилгээний барилга, агаарын хөдөлгөөн удирдах хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий цамхаг, галын аюулгүй байдлыг хангах иж бүрэн хэрэгсэл бүхий алба зэрэг олон хэсгээс бүрдэнэ.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.