Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Тэмдэглэл: Уул уурхайн орон Австралиар...

- Байгалийн баялгаа түшиглэж, хариуцлагатай уул уурхайг эрчимтэй хөгжүүлж өндөр хөгжилтэй улс болжээ -


Нортпаркес уурхай

Дэлхийн ногоон тив болох Австрали улсын уул уурхайтай Монголын уул уурхайн сургуулиудын багш, эрдэмтэд, мэргэжлийн хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн богинохон хугацаанд танилцаад ирлээ. Энэ улс хөгжлийнхөө дээд шатанд аль хэдийнэ хүрчээ гэж хэлж болохоор болжээ. Биднийг ганц уурхайн гэрээ байгуулах гэж мэтгэлцэх хооронд бүх талаараа ардаа хол орхисон байна. Гэхдээ хөгжлийн нууцыг нь судлаад, толгой өвтгөөд байх зүйлгүй. Ердөө л байгалийн баялаг дээрээ түшиглээд, хариуцлагатай уул уурхайг эрчимтэй хөгжүүлж, орж ирсэн орлогоо ухаалгаар зарцуулж, өнөөгийн өндөр хөгжилтэй Австрали орныг бий болгож. Монголчуудын хувьд энэ улсын хөгжлийн түүх сайн жишээ төдийгүй шууд хэрэглэх арга туршлага ч болмоор юм шиг. Учир нь манай хоёр орон байгалийн баялаг, газар нутагтаа харьцах хүн амын тоогоор хоорондоо нэлээд төстэй.


Паркес хотын гудамж

Шинэ технологи, шилдэг бүхнийг хэрэгжүүлэгч Нортпаркес
Австрали улсын хамгийн том хот болох Сиднейгээс баруун хойшоо 350 орчим км зайтай Нортпаркес уурхай байрладаг. Уурхайгаас 27 км зайтай Паркес хот байдаг аж. Зэс алтны энэ уурхай 1994 онд үйл ажиллагаагаа эхэлжээ. Гэхдээ энэ нутагт уул уурхайн түүх 100 орчим жилийн өмнөөс эхэлсэн байна. Анх ил уурхайгаа ашиглаж, 3 жилийн дараа буюу 1997 оноос далд уурхайгаа ашиглаж эхэлжээ. Өнөөдөр уурхайн 80 хувийг Рио Тинто компани, харин 20 хувийг Сумитомо корпораци эзэмшиж, зэсийн баяжмалаа БНХАУ болон Японы зах зээлд гаргадаг байна. Бүтээгдэхүүнээ уурхайгаас далайн боомт хүртэл төмөр замаар, тэндээсээ усан онгоцоор тээвэрлэдэг байна. 2024 он хүртэл ашиглах нөөцөө тогтоосон бөгөөд одоо ч хайгуулын ажлаа үргэлжлүүлж байгаа гэнэ. Нортпаркес уурхайд өдөрт 700 орчим хүн тогтмол ажилладаг. Эдний хувьд далд уурхайн блокчлон олборлох аргыг анх удаа хэрэгжүүлсэн байна. Тиймээс газар дээр нь үзэхээр автомашинаар 8 км явж 580 метрийн гүнд нь орж үзлээ. Сонирхолтой нь далд уурхай руу ямар нэгэн тусгай өргөгчөөр бус автомашинаар яваад орчих боломжтой. Блокчлон олборлох аргыг энгийнээр хэлбэл газрын гүнд ухсан хонгилоо ийш тийш нь салаалж, хүдрийн биетээ блокчлон суллаж жингээр нь доошоо буюу хоолойдоо унагааж, түүнийгээ машинаар түрж тусгай хонгилд хүргэдэг. Энэ хонгил нь хүдрээ газрын гүнд байрлах анхдагч бутлуурт хүргэн жижиглэж, туузан дамжуургаар дээшээ баяжуулах хэсэгтээ хүргэнэ. Дашрамд өгүүлэхэд, Оюу Толгойн далд уурхайд ийм аргаар хүдэр олборлох юм. Нортпаркес уурхай өнөөдрийн байдлаар өдөрт 10-15 000 тонн, жилд 6 сая тонн орчим хүдэр гаргадаг байна. 1997 оноос ашигласан энэхүү загвараа дахин сайжруулсан хэмээн Уурхайн ерөнхий менежер нь тайлбарлаж байсан. Далд уурхайн хувьд цөөн тооны хэсэгт хүмүүс ажиллах бөгөөд ихэнх төхөөрөмжүүдээ иж бүрэн автоматжуулж, газар дээрээс удирддаг. Баяжуулах хэсгийн хувьд ч шилдэг техник, технологи хэрэглэдэг байна. Уурхайн ерөнхий менежер Стефани Лоудер “Нортпаркес уурхайн хувьд хамгийн үнэт зүйл бол аюулгүй ажиллагаа юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа аюулгүй бас үр дүнтэй байх ёстой” хэмээн ярьж байсан. Нордпаркесийн ойролцоо уурхайчдын хот Паркес байдаг. Нийт хүн ам нь 15 мянган орчим бөгөөд уурхайг дагаж хөгжсөн хот юм байна. Нэгэн жигд өндөртэй цэвэрхэн барилгууд, зөв төлөвлөлт, гэрэлтүүлэг, засмал зам, цэцэрлэгжүүлэлт, амар амгалан байдал гээд Паркесийн өнгө төрхний сайхныг дурдвал маш олон. Уурхайгаас орж ирсэн орлогоор орон нутгийн жижиг хот хэрхэн хөгжиж болдгийн жишээг эндээс харж болохоор. Дашрамд өгүүлэхэд Австралийн Засгийн газар Нортпаркес уурхайгаас ямар нэгэн хувь эзэмшдэггүй, харин бодлогоо маш зөв тодорхойлж, татвараа л бүрэн авдаг гэж байна лээ.


Нортпаркес уурхайн тариаланч Жеофф

Уул уурхайн компани газар тариалан эрхэлдэг
Уул уурхайн компани зэс алт олборлохоос гадна газар тариалан эрхлэж байгаа нь нэлээд сонирхол татлаа. Нортпаркес уурхай нийт 6000 га газартаа улаанбуудай, тосны ургамал зэрэг 3 төрлийн ургамал ээлжлэн тариалдаг. Энэ нутгийн хувьд газар тариалан эрхлэхэд тун тохиромжтой бүс нутаг гэнэ. Хугацааны хувьд намар тариалаад, хавар ургацаа хураана. Учир нь зун их халуун болж, ургамал хатаж ургац алдах эрсдэлтэй учраас түүнээс өмнө ажлаа амжуулдаг юм байна. Үржил шим сайтай нутаг болохоор ургацын хэмжээ ч муугүй. 1 га газарт 400 долларын зардал гаргаад, 450-600 доллар орлого олно. Үндсэндээ 1 га газраас 50-200 долларын ашиг олно гэсэн үг. Уг нь 7 дугаар сард хур тунадас их ордог ч энэ жилийн хувьд нэлээд гандуу байсан аж. Энэ бүс нутагт Нортпаркесаас гадна 2-3 уурхай газар тариалан эрхэлдэг аж. Үүнээс гадна уурхайн орчимд жилд 10 мянган ширхэг мод тариалдаг. Бэлэн болгож үндэслүүлсэн модыг ердөө 2 хүн л тарьчихдаг гэнэ. Газар тариаландаа хамгийн сүүлийн үеийн дэмшилтэт техник, тоног төхөөрөмж ашиглана. Энд ашиглаж байгаа тракторууд гэхэд бүх үйлдэл нь автомат аж. Уурхайн тариаланч Жеофф “Газар тариалан эрхлэх нь зөвхөн ашиг олохдоо бус орон нутгийн иргэдтэй сайн харилцаа тогтоох, хамтран ажиллах боломж бүрдүүлдэг. Манай энэ талбайд фермерүүд ирж харилцан туршлагаа солилцож, бие биенээсээ суралцах ажиллагаа явуулдаг. Ирэх долоо хоногт уулзалт зохионо” хэмээн танилцуулж байна лээ. Тэрээр газар тариалангийн ажил эрхлээд 30 орчим жил болж байгаа гэсэн.


Автоматжуулалтын төвийн захирал Стив Шедин

Хөгжлийг гайхамшиг болгох Автоматжуулалтын төв
Дэлхийн уул уурхайн хөгжил асар хурдтай явагдаж байна. Биднийг уурхайгаа хагас дутуу ойлгож ядаж байхад энэ том үйлдвэрлэл бүрэн автоматжиж, хүнээр зөвхөн “чигээ” заалгаад газар дээр ч, газар дор ч ажиллаад эхэлжээ. Хэдэн зуун метрийн гүнд уурхайчид хутгагч машин жолоодох ажил үеэ өнгөрөөж, газрын дээрээс товч дарах төдийгөөр удирдаж байна. Харин ийм тоног төхөөрөмж бүтээх ажил нэлээд нарийн төвөгтэй төдийгүй цаг хугацаа зарцуулдаг аж. Үүнийг нүдээр үзэхээр Австралийн Сиднейн их сургуулийн Автоматжуулалтын судалгааны төв дээр очлоо. Үндсэн үйл ажиллагаа нь гаднах орчинд ажиллах том хэмжээний тоног төхөөрөмжийг иж бүрэн автоматжуулах талаар судалгаа, шинжилгээ хийх бөгөөд 150 хүн ажилладаг. Нэлээд хэдэн үе шаттай ажил хийгдэн, ийм ухаалаг машинууд бий болдог байна. Машиныг яаж хүн шиг ажиллуулах талаар судлах нь хамгийн сонирхолтой хэсэг. Энгийнээр хүнд байдаг харах, сонсох, таних дадал хэвшлийг машинд суулгана гэсэн үг. Тэдний хийсэн бүтээгдэхүүний нэг нь далайн боомт дээр чингэлэг зөөдөг автамашин. Нэг дор 25 автоматжуулсан машин ажиллуулж, нэг хүн удирдах боломжтой болгожээ. Үүнээс гадна далайн гүн үү оруулж шүр хайж олоод мэдээллээ дамжуулдаг төхөөрөмж ч байх аж. Талбайд байгаа зэрлэг ургамал илрүүлч нисдэг тэрэг гээд маш олон төхөөрөмж бүтээж. Эдгээрийг хараад хөгжил гэхээсээ илүү гайхамшиг гэмээр. Гэхдээ энэ бүхнийг аль нэг компанийн захиалгаар бүтээдэг гэж байсан. Захиалга өгч судалгаа хийлгэж байгаа газруудын нэг нь уул уурхайн Рио Тинто компани. Тиймээс Рио Тинто уурхайн Автоматжуулалтын төв гэж байх аж. Энэ төв 43 хүнтэй бөгөөд 15 судалгааны, 14 техникийн, үйлдвэрлэгч 4 хүн, 10 судлаач оюутан ажилладаг байна. Рио Тинтогийн уурхайн Автоматжуулалтын төвийн захирал Стив Шедин “Манай төв байгуулагдаад таван жил болж байна. Бидний гол зорилго бол Рио Тинтогийн захиалгаар алсын удирдлагатай, бүрэн автоматжсан уурхай бий болгох. Энэ зорилгодоо хүрэх арга замаа ч тодорхойлсон. Төвийн хувьд эхнээсээ зорилгоо биелүүлж байгаа. Гүнийн уурхайн хүдэр хутгагч, өрөмдөгч машинууд автомат болсон. Үүнээс гадна бусад салбарт хийсэн тоног төхөөрөмжөөс алийг нь уурхайд авчирвал тохирох талаар судалж байна” хэмээн ярилаа. Уурхайд хэрэглэх тоног төхөөрөмжийг автомат болгохоос өмнө уурхайгаа зөв ойлгох тал дээр нэлээд их цаг зарцуулдаг гэнэ. Үүний дараа автоматжуулах ажлаа эхлэдэг. Энэ төвд бүтээсэн тоног төхөөрөмжийг уурхайнууд ашиглахдаа судалгаа хийсэн хүмүүсийг нь хамт авч ажиллуулах тохиолдол бий. Өнгөрсөн жил гэхэд 10 гаруй хүн Рио Тинтогийн ажилтан болж өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ уурхайд буюу бодит орчинд нь ажиллуулах болжээ.

(Үргэлжлэл бий)
Ч. Батпүрэв

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.