Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжиж байна

- Монгол үйлдвэрлэгч Оюу Толгойн томоохон худалдан авалтын үйл ажиллагаанд хамтран ажиллахаар боллоо -

Монгол улс, Улаанбаатар хот - Бүтээн байгуулалтын эхний үе шатаа ардаа орхиж буй Оюу Толгой ХХК Монголын олон зуун компанитай хамтран ажилладаг билээ. Бидний худалдан авах үйл ажиллагааны бодлого, зарчим гадаад, дотоодын бүх ханган нийлүүлэгчдэд ил тод, нээлттэй байдаг.

Оюу Толгой ХХК ажилчдын хувцасны шүүгээг Канад улсаас нийлүүлэхээр судалгаа хийж урьдчилсан тохироод байсан ч энэхүү бүтээгдэхүүнийг гадаадаас биш Монголоос ханган нийлүүлэх боломж байгаа эсэхийг судлахаар дотоодын компаниудын дунд нээлттэй тендер зарласан юм.

Энэхүү тендерт Монголын олон компани саналаа ирүүлсэнээс Элмеко ХХК шалгарчээ. Эдний бүтээгдэхүүн загвар болон чанар, өнгө үзэмж зэрэг шалгуурыг хангаснаас гадна тус компани богино хугацаанд бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.

Цахилгаан механикийн чиглэлээр сүүлийн арван жилийн хугацаанд туршлага хуримтлуулсан тус компани Герман улсад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон өөрийн үйлдвэртээ нимгэн төмрөөр төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Элмеко ХХК Оюу Толгойтой ийнхүү хамтран ажиллах болсноор шинэ ажлын байр бий болгох, санхүүгийн талаар бэхжих, орлогоо нэмэгдүүлэх боломжтой боллоо.

Оюу Толгой төслийн барилгын эхний үе шатанд 7,8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд энэ оны наймдугаар сарын байдлаар Монголын ханган нийлүүлэгч компаниудиас нэг их наяд гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан аваад байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.