Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой ХХК соёл, спортын шинэ төвөө нээлээ

- Энэ төв нь хэмжээ, хүчин чадлаараа Монгол улсад хоёрт орох юм -

Монгол улс, Улаанбаатар хот - Эрүүл биед саруул ухаан оршдог. Тиймээс сүүлийн үед эрүүл мэнд, спортын хөрөнгө оруулалтыг бүх нийтээрээ дэмжин, компани, албан байгууллагууд ч үүнд анхаарлаа хандуулах болсон билээ.

Тэгвэл дэлхийд тэргүүлэгч Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК ажилчдынхаа эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт хийн, соёл, спортын шинэ төв барьж, өнгөрсөн лхагва гарагт нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей, Монголын үндэсний олимпийн хорооны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Монгол улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт, Кикбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан нар оролцсон юм.

Энэ үеэр Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Бид дэлхийн хэмжээний уурхай байгуулж байгаа. Түүнтэй адил дэлхийн стандартад нийцсэн соёл, спортын цогцолборыг барьж дуусгалаа. Би компанийнхаа ажилчдыг бүгдээрээ ирж, спортоор хичээллэдэг газар нь байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Миний болон манай гэр бүлийн хувьд спорт чухал үүрэгтэй. Тиймээс өдөр бүр спортоор хичээллэдэг. Энэ төв нээгдсэнээр Оюу Толгой компанийн ажилчид спортоор хичээллэн, эрүүл байх боломж бүрдлээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Компанийн ажилчдын хувьд нээлтийн энэ өдрийг хүсэн хүлээж байсан нь оролцогчдын яриа, сэтгэгдлээс шууд мэдэгдэж байлаа. Бас арга хэмжээнд зориулсан сагсан бөмбөгийн тэмцээн нэлээд өрсөлдөөнтэй, сонирхолтой явагдсан. Соёл, спортын төв нь Оюу Толгой дахь ажилчдыг нэгэн зэрэг бүх төрлийн спортоор хичээллэн, амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой төдийгүй хэмжээ болон тохижилт, тоног төхөөрөмж, хүчин чадлаараа Монгол улсад Буянт-Ухаа цогцолборын дараа хоёрт орох юм. Төв нь дотор талдаа сагсан болон гар бөмбөгийн 4 талбай, гимнастик, фитнесс, бодибилдинг, аеробик болон захиргааны оффис, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хувцас солих өрөө, wellness kафе, хүлээн авах хэсэг, харин гадна талдаа спорт тоглоомын өвөл, зуны талбайтай юм.

Дашрамд өгүүлэхэд энэхүү төвийг Монголын үндэсний 'Барилга корпароци' ХХК-ийн 100 орчим ажилтнууд сүүлийн үеийн зарим дэвшилтэт техник, технологи ашиглан 8 сарын хугацаатай барьж, хүлээлгэн өгчээ.
 

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин:

Оюу Толгой гэдэг Монголын шилдэг үйлдвэрт, Монголын шилдэг залуучууд ирж бүтээн байгуулалт хийж байгаа.

Залуучууд амрах, биеийн тамираар өөрийгөө чийрэгжүүлэх, үр бүтээлтэй ажиллахад энэ спортын төв маш чухал юм. Нийгмийн хөгжил дэвшил бүтээн байгуулалт байдаг бол хүний хөгжил дэвшил спорт, биеийн тамир байдаг. Тиймээс энэ шаардлагыг хангасан спортын төв барьсан явдалд Монголын үндэсний олимпийн хорооноос талархаж байна.

Оюу Толгой ХХК-ийн Захиргааны ажилтан М. Намуун:

Би сагсан бөмбөгөөр хичээллэх дуртай. Энэ төв ашиглалтад ороогүй байхад бид нар жижигхэн зааланд спортоор хичээллэдэг байлаа. Компанийн ажилчид жил бүр нэмэгдэж, заал танхим хэрэгтэй болсон.

Өнөөдөр ийм том иж бүрэн спортын төв нээгдэж байгаад баяртай байна. Миний хувьд өдөржин хөдөлгөөнгүй сууж ажилладаг. Тиймээс хөдөлгөөн хэрэгтэй, спортоор хичээллэх хэрэгтэй байдаг.

 

Зургийн цомгийг сонирхоно уу

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.