Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Тэмдэглэл: Уул уурхайн орон Австралиар...

- Байгалийн баялгаа түшиглэж, хариуцлагатай уул уурхайг эрчимтэй хөгжүүлж өндөр хөгжилтэй улс болжээ -

Дэлхийд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, амжилтад хүрсэн олон улс орон бий. Үүний нэг бол Австрали улс. Энд уул уурхайг ухаалгаар хөгжүүлж, энэ салбарынхаа орлогыг оновчтой зарцуулж чаддаг. Ухаалгаар хөгжүүлэх гэдэг нь уул уурхайн компаниуд хариуцлагатай байж, үүргээ биелүүлдэг, харин орон нутаг нь дэмжин, хамтран ажиллаж, үр дүнг нь хамтдаа хүртэж, хөгжихийг хэлээд байх шиг.


Нүүрсний Бенгалла уурхай

Хариуцлагатай уурхайн шилдэг жишээ Бенгалла
Австралийг уул уурхайн орон гэдэг. Үүнийг батлах мэт нэг бүс нутагт 20 гаруй уурхай ажиллаж байх юм. Манайхаар бол нэг аймагт ийм тооны уурхай зэрэгцээд оршиж байна гэсэн үг. Энэ бүс нутгаар явахад манайхны төсөөлдөг шиг эвдэж сүйдсэн байгаль, хатаж ширгэсэн гол горхи, ухаж сэндийчсэн газар ердөө ч таарахгүй. Битүү ой шугуй, тариалангийн талбай, үзэсгэлэнт байгаль, тэгш толигор засмал замууд л байх. Ой дундуур явсаар бидний очсон газар бол нүүрсний Бенгалла уурхай. Тийшээ явж байхад уурхай руу биш амралтын газарт очиж байгаа мэт сэтгэгдэл төрөх аж. Бенгалла жилд 9,5 сая тонн нүүрс гаргадаг бөгөөд 420 үндсэн, 100 гаруй гэрээт ажилтантай. Одоогийн байдлаар 2017 он хүртэл ажиллах зөвшөөрөл авсан бөгөөд үүнээс цааш 21 жил үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтээ энэ оны сүүлчээр гаргах гэнэ. Ингэснээр жилд 15 сая тонн нүүрс гаргах боломж бүрдэх аж. Өнөөдөр нүүрснийхээ 40 хувийг Япон, 22 хувийг Өмнөд Солонгос, 3 хувийг БНХАУ, үлдсэн хувиа бусад орнууд руу гаргадаг. Энэ уурхай Австрали улсын байгалийн үзэсгэлэнтэй газар байдаг. Манайхаар бол Хөвсгөл аймагт. Тиймээс байгаль орчны нөхөн сэргээлтийг дээд зэргээр хийж, уурхай орон нутгийн иргэдэд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ уурхайгаас 4 км зайтай Muswellbrook гэдэг жижиг хот байх аж. Уурхайгаа тойруулан өндөрлөг хийж, битүү мод тарьсан нь дуу чимээг тусгаарлах төдийгүй, тоосжилтыг ч давхар бууруулдаг байна. Эднийх бүх тоног төхөөрөмж, машин техник дээрээ дуу намсгагч суурилуулж. Өртөг зардал маш ихтэй ч дуу чимээг дээд зэргээр багасгадаг. Үүнээс гадна уурхайн талбайгаа тойруулан тоосжилтыг хянах автомат төхөөрөмж тавьсан бөгөөд агаар сорж, тоосжилтын хэмжээг мэдээлдэг боловсронгуй эд. Хэрвээ хүчтэй салхитай өдөр байвал уурхай үйл ажиллагаагаа түр зогсоодог. Ингэснээр орон нутгийн иргэдэд тоосжилтын нөлөө үзүүлдэггүй. Бенгалла уурхайн Техникийн үйлчилгээний менежер Девид Митчел “Манай уурхай тусгай машинаар ус шүршихээс гадна автомат ус цацагч ашигладаг. Тоосжилт болон дуу чимээний талаар орон нутгийн иргэдээс ямар нэгэн санал, гомдол ирдэггүй. Үйлдвэрлэлийн хэрэгцээний бүх усаа Хантер голоос авч, 80 хувь эргүүлэн ашигладаг” хэмээн ярьж байсан. Бенгалла нөхөн сэргээлтээ үйл ажиллагаатай хамт явуулдаг. Ашигласан газраа унаган төрхөнд нь оруулах бус илүү сайжруулдаг гэж байсан. Үүний тулд газраа зөв хөндөх, хөрсөө зөв хуулж, хадгалах, хадгалсан хөрсөө нөхөн сэргээлтэд ашиглах гээд бүгд тусгай журмаар явна. Уурхайн хувьд орон нутгийн иргэдтэй байнга харилцаатай байж, жил тутамд нээлттэй өдөр зохион байгуулдаг. Хамгийн сүүлд явуулсан нээлттэй өдрөөр 1000 гаруй хүн ирж уурхайтай танилцсан байна.

Хамтдаа хөгжиж, харилцан ойлголцох олон нийт
Өнөөдөр Монголчууд уул уурхайгаар амьсгалж байна. Гэхдээ уурхайн хөгжлийн сайн сайхан, хөгжил дэвшлийг харахаасаа өмнө үнэн худлыг үл мэдэх дамын үгэнд илүүтэй итгэж, харлуулан ойлгож туйлширч байгаа. Уг нь Монголчууд нүдээрээ хараагүй зүйлд итгэхгүй, үнэн худлын хооронд дөрвөн хуруу зайтай гэж ярилцдаг даа. Тэгвэл Австралийн иргэд уул уурхайн талаар ямар бодолтой байдаг талаар сонирхлоо. Өмнө өгүүлсэн Бенгалла уурхай нь Коал энд Эллайд компанийн дөрвөн уурхайн нэг. Энэ компанид Рио Тинто 80 хувийн хөрөнгө оруулалттай аж. Нью Кастл мужийн Маслбрук, мөн Синглтон хотын төв хэсэгт Коал энд Эллайд компанийн орон нутагтай харилцах төв байх аж. Уурхай дээрээ бус нутгийн иргэдийн оршин суудаг хотын төвд байснаараа харилцахад хялбар болсон төдийгүй санал хүсэлтээ шууд өгөх зэрэг олон давуу талтай. Коал энд Эллайд компанийн дөрвөн уурхайн хувьд орон нутгийн иргэдтэй бие биенээ хүндэтгэсэн, найрсаг харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх зорилготой. Үүний тулд орон нутгийн иргэдээс санал авч, үйл ажиллагаандаа тусгадаг байна. Тус төвийн хувьд иргэдэд нээлттэй байж, ил тод байдлыг эрхэмлэдэг. Бас орон нутгийн хөгжлийг дэмжих сан байгуулсан бөгөөд үүгээрээ дамжуулж, уугуул иргэд, тэдний ажил эрхлэлтийг дэмжих, хөдөө аж ахуй, боловсрол, соёлд хөрөнгө оруулах зэрэг олон ажил хийдэг байна. Нутгийн иргэд тусгай дугаарын утсаар өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлдэг. Тэндхийн иргэдтэй уулзахад уул уурхайг хөгжүүлэх ёстой, Австрали улсын хувьд уул уурхай бол хөгжлийн үндэс гэдэгтэй бид бүгдээрээ санал нийлдэг хэмээн ярьж байх юм. Уул уурхайн компаниуд болон орон нутгийнхан харилцан ойлголцож, хамтдаа хөгждөг гэдгийг эндээс харж болохоор байлаа.


Порт Варата нүүрсний үйлчилгээний компани

Хаана эрэлт байна, тийшээ нүүрсээ гаргана
Бидний очсон Порт Варата нүүрсний үйлчилгээний компани нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ чиглэлээр дэлхийд хамгийн томд ордог. Галт тэргээр ирсэн нүүрсийг ялгаж, ангилан, усан онгоцонд ачих ажлыг 24 цагаар хийнэ. Энэ жилийн хувьд 107,1 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөөд байгаа гэсэн. Компанийн хувьд бүрэн хүчин чадал нь жилдээ 133 сая тонн гаргах. Өнгөрсөн онд 1025 усан онгоцод нүүрс ачжээ. Ачигдсан нүүрсний 33 хувийг Япон, 13 хувийг БНСУ, 18 хувийг БНХАУ, үлдсэнийг Мексик болон бусад орнууд хүлээж авдаг байна. Эндээс харахад Австрали улс хаана эрэлт байна, тийшээ нүүрсээ гаргадаг бололтой. Харин тээвэрлэх зай тийм ч чухал биш юм шиг. Мексик улс гэхэд Австралиас нэлээд хол зайтай. Гэхдээ нүүрсээ экспортлож л байна. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг болох нүүрсний үнэ буурлаа, эрэлт багаслаа хэмээн дээр дооргүй л ярилцаж байна. Харин тэнд тийм яриа алга. Эсрэгээрээ Порт Варата нүүрсний үйлчилгээний компани тээвэрлэлтийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байх юм. Ямар ч байсан дэлхийн зах зээлд нүүрс эрэлттэй байгаа бололтой. Австрали гэхэд 100 гаруй жил нүүрсний уурхай эрхэлжээ. Зөвхөн Нью Сауд Вуэлс мужид байрлах 60 гаруй нүүрсний уурхайн одоогийн батлагдсан нөөц нь 12 тэрбум тонн байгаа аж.

Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани Рио Тинто хөнгөн цагаан, зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр олон төрлийн бүтээгдэхүүн олборлодог. Дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулж, хамгийн шилдэг менежмент хэрэгжүүлж байгаа. Австрали дахь Рио Тинто компанийн менежменттэй зарим уурхайн талаар өгүүлэхэд ийм байна. Удахгүй үүдээ нээх Оюу Толгой уурхайн менежментийг ч Рио Тинто компани хэрэгжүүлж байгаа билээ. Монголд уул уурхай хөгжлийн гараанаасаа гарсан. Манай улсын хувьд уул уурхайгаа түшиглэн хөгжих шаардлага ч бий, боломж нөхцөл ч бүрдсэн. Ийм замаар хөгжсөн улсуудын туршлага дэлхийд олон байдаг. Үүний нэг нь Австрали улс. Энэ улсын хөгжлийн түүх бидэнд сайн жишээ төдийгүй шууд хэрэглэх туршлага болох боломжтой гэдгийг давтаж хэлмээр санагдлаа.

Ч. Батпүрэв

 

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.