Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Дархан-Уулд 3,8 тэрбум төгрөгийн өртөгтэй сургуулийн өргөтгөл, оюутны байр ашиглалтад орлоо

-Ингэснээр орон нутагт мэргэжилтэй ажилтан бэлтгэх боломж нэмэгдлээ-

Монгол улс, Улаанбаатар хот - ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж нь олон жил мэргэжлийн ажилтан, инженер техникийн ажилтан бэлтгэж ирсэн манай улсын ууган сургуулийн нэг бөгөөд өнөөгийн эрэлт, хэрэгцээнд нийцэхийн тулд хүчин чадлаа нэмэгдүүлэх, өргөжих шаардлага гарч байсан юм. Тиймээс Оюу Толгой ХХК Мэргэжлийн боловсролын салбарт хийж байгаа 168 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтынхаа хүрээнд энэхүү сургуулийн өргөтгөлийн барилга, оюутны дотуур байрыг 3,8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн шинээр барьжээ.

Энэхүү өргөтгөлийн барилга, оюутны дотуур байрын нээлт өнгөрсөн ням гарагт боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Ганболд, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд зэрэг зочид, албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр тус сургуулийн захирал Ш.Мөнгөндуулга “Өргөтгөл ашиглалтад орсноор сургалтын орчин, хүчин чадал, тоног төхөөрөмж нэмэгдэж 4 мэргэжлээр сургалт нэмж явуулах боломжтой болсон. Өмнө нь манайх 250 оюутны байранд 370-аад оюутан амьдарч байсан. Одоо оюутны дотуур байрын асуудлаа бүрэн шийдэж чадлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Өргөтгөлийн барилга нь 250 оюутны хүчин чадалтай бөгөөд бүрэн тоноглосон сургалтын 4 танхим, номын сан, компьютерын өрөөтэй, харин оюутны байр нь 108 ортой, бүрэн тоноглож, тохижуулсан байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав ”Сургууль 31 жилийн дараа шинэ байрандаа орж байна. Ингэснээр оюутнуудын сурах бололцоо нэлээд нэмэгдэнэ. Политехник коллеж ойр орчмын хүүхдүүд сурдаг биш үндэсний хэмжээнд боловсон хүчин бэлтгэх сургууль. Иймээс шинэ дотуур байртай болсноор элсэлт нэмэгдэх боломж бүрдэнэ” хэмээн ач холбогдлын талаар ярьж байсан.

Ийнхүү орон нутгийн мэргэжлийн боловсролын сургуулийн хүчин чадал, сургалтын чанар болон оюутнуудын амьдрах нөхцөл сайжирч, олон мянган залуучууд мэргэжил эзэмшин, сайн ажилтан болох боломж бүрдэж байна.

Оюу Толгой ХХК-ийн захиалгаар Политехник коллеж 60 оюутан оператор мэргэжлээр сургасан бөгөөд өнөөдөр бүгдээрээ Оюу Толгой уурхайд ажиллаж байна. Мөн эдгээр ажилчдын 8 нь АНУ-ын Юта мужийн Кеннекот уурхайд дадлага хийж, мэргэжлээ дээшлүүлжээ.

Зургийн цомгийг сонирхоно уу

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.