Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: МУ-ын Засгийн Газар Ханбумбат нисэх буудлыг орон нутгийн 2012 оны шилдэг бүтээн байгуулалтаар нэрлэлээ

- Ханбумбат нисэх буудлыг 2013 оны эхний улиралд ашиглалтанд оруулна -

Монгол улс, Улаанбаатар хот - Барилга хот байгуулалтын яам жил бүр 'Алтан цамхаг' оны шилдэг бүтээн байгуулалт шалгаруулах ёслолын арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Зургаа дахь жилдээ зохиогдож буй 'Алтан цамхаг' шагнал гардуулах ёслолоос Оюу Толгой ХХК хоёр төрөлд шилдэг шагнал гардлаа. 2012 оны Уул уурхайн шилдэг бүтээн байгуулалтаар Оюу Толгой төсөл шалгарсан. Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд баригдаж буй Ханбумбат нисэх буудал 'Орон нутгийн шилдэг бүтээн байгуулалт' дээд шагналыг хүртсэн юм.

Өмнийн говийг дэлхийтэй холбох энэ нисэх буудлын гэрээлэн гүйцэтгэгчээр Арц Суварга компани ажиллажээ. Тус компанийн захирал Ш.Алтансүх “100 хувь Монгол инженер, техник, мэргэжлийн 700 орчим хүний хүч хөдөлмөрөөр боссон энэ нисэх буудал 2012 оны орон нутгийн шилдэг бүтээн байгуулалт төслөөр шалгарсанд тун баяртай байна. Биднийг энэ ажлыг хийж чадах эсэхэд олон хүн эргэлзэж байсан ч бид өндөр зохион байгуулалт, нарийн төлөвлөлттэйгөөр хийж чадлаа. Нисэх буудал маань энэ орон нутгийг эдийн засаг, нийгмийн хувьд илүү нээлттэй болгож, хөгжил авчирна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Оюу Толгойн ХХК-ийн жижиг дунд бизнесийг дэмжих зээлийн хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн 50 гаруй компани үүд хаалгаа нээн, өнөөдөр амжилттай ажиллаж байна. Байнгын ажиллагаатай нисэх буудал нь ажлын байр нэмэгдүүлэх бизнесийн хөгжлийг түргэсгэхэд тустай. Ямар ч дэд бүтэцгүй, Говийн аагим халуун, цаг агаарын эрс тэс нөхцөлд олон улсын стандартын нисэх буудлыг асар богино хугацаанд барьж чадсан нь Монгол инженерүүдийн ур чадвар, мөн дэлхийн шилдэг тоног төхөөрөмжийг ашигласны үр дүн юм.

Нисэх буудлыг барьж дуусгасан нь Оюу Толгой төслийн хувьд ирээдүйд хүрэх олон бахдам амжилтын нэг юм. Энэ сарын 27-нд Баяжуулах үйлдвэрийн нээлтийг Оюу Толгой төслийн талбайд хийна. Ингэснээр Монголчууд ирэх оны эхний улиралд анхны бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах түүхэн үйл явдалд нэг алхам ойртож байгаа юм.

Ханбумбат нисэх буудлын талаар

Ханбумбат нисэх буудлын хөөрч буух зурвас нь нийт 3250 метр урт, 45 метр өргөнтэй. Иргэний тээврийн Боинг 737-800 болон ачааны С-130 зэрэг онгоц хүлээн авах чадалтай. Мөн нисэх зурвасын аль ч талаас бууж, хөөрч болно.

Монгол архитектор нисэх буудлыг Монгол гэрийн хэв маягаар зэс алтны өнгө хоршуулан бүтээжээ. Арц Суварга компани нисэхийн хөөрч буух зурвас цутгахдаа АНУ-д үйлдвэрлэсэн Гомако бетон цутгалтын машиныг тусгайлан захиалж авчирчээ. Энэ аварга машин 44 см-ын зузаантай 7,5 метр өргөн 1 метр урт замыг ганцхан минутанд цутгах хүчин чадалтай. Оюу Толгой төслийн хүрээнд орон нутагт хийж байгаа нийт 12 дэд бүтцийн төслийн нэг нь Ханбумбат нисэх буудал юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.