Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Монгол улсын хамгийн том, хамгийн дэвшилтэт технологи бүхий аж үйлдвэрлэлийн байгууламж Оюу Толгойн Баяжуулах үйлдвэрийг нээлээ

- Оюу Толгой төсөл 2013 онд зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэхэд нэг алхам ойртлоо -

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой ХХК Монголын хамгийн том, хамгийн дэвшилтэт технологи бүхий баяжуулах үйлдвэрийнхээ нээлтийн ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол улсад суугаа элчин сайдууд, төрийн бусад зочид төлөөлөгчид, Оюу Толгой ХХК-ийн төлөөлөл оролцлоо. Оюу Толгой уурхайн Баяжуулах үйлдвэрийн асаах товчлуурыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг дарж асааснаар ийнхүү Оюу Толгой ХХК 2013 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж эхлэх томоохон алхмыг хийлээ.

Баяжуулах үйлдвэрийг нээж Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Оюу Толгой хэмээх дэлхийд тэргүүлэх техник технологи, стандарт бүхий баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслолын арга хэмжээнд уригдан оролцож байгаа завшааныг ашиглан Монгол улсын Уул уурхайн сайдын хувиар болон Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс энэ бүтээн байгуулалтад оролцсон бүх хүмүүст чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Энэ төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаандаа хийгдэж баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулахад бэлэн болоод байгаа нь манай өвөг дээдсээс хойч үеийнхэндээ өвлүүлсэн үнэ цэнтэй баялгийн маань баталгаа, олон улсад нэр хүнд бүхий Рио Тинто компанийн санхүүжилт босгох туршлага менежментийн чадварын үр дүн гэдгийг цохон тэмдэглэхийг хүсч байна” гэсэн юм.

Богино хугацаанд Оюу Толгойн Баяжуулах үйлдвэрийг барьж байгуулан, ашиглалтад хүлээн авч байгаа нь Монгол улсын хувьд өндөр дэвшил гарсныг илтгэн харуулж байна. Нарийн хөдөлмөр, ур ухаан шаардсан Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад НҮБ-ын гишүүн 44 орны 18 мянга орчим ажилчид оролцсон юм.

Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Г.Батсүх Баяжуулах үйлдвэрийг нээж хэлсэн үгэндээ, “Монгол орныхоо хөрсөн дээр орчин цагийн үйлдвэрлэл, технологийн үнэт зүйлсийг ийнхүү нутагшуулан суурьшуулж байгаагаас гадна уул уурхайн салбарт дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, ур чадвар, дадлага туршлагатай 'хүний капитал'-ын цоо шинэ залуу үеийг төрүүлэн өсгөж байгаагаараа бид бахархаж байна.” гэсэн юм.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Бид Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс баяжуулах үйлдвэрийг нээх хүртэл ололт амжилтаар дүүрэн байлаа. Оюу Толгой ХХК Монгол улсын түүхэн дэх хамгийн том, хамгийн шилдэг технологитой уурхайг барьж байгуулахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Өнөөдөр бид Оюу Толгойн ил уурхай, баяжуулах үйлдвэрийг богино хугацаанд бүтээн байгуулсан амжилт гаргалаа, ирээдүйд бүтээн байгуулалтын болон үйлдвэрлэлийн олон ололт амжилтыг хамтдаа гаргана гэдэгт итгэж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Оюу Толгойн Баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсноор 2013 оны эхний улиралд баяжмалаа үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Харин 2013 оны эхний хагаст зах зээлд нийлүүлж эхлэхээр төлөвлөөд байна. Оюу Толгой эхний шатанд зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнээ ил уурхайгаас олборлосон хүдрээс боловсруулан гаргах юм. Оюу Толгойн нийт баялгийн 80 гаруй хувийг далд уурхайгаас олборлоно. Одоо далд уурхайг барьж байгуулж байгаа бөгөөд 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.