Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Говьд олон улсын жишигт нийцсэн нисэх буудал баригдлаа

- Монгол компаниуд нисэх буудлыг барихдаа дэлхийн шилдэг техник технологи ашиглажээ -

Монгол улс, Улаанбаатар хот - Монголын говьд анх удаа олон улсын жишигт нийцсэн 'Ханбумбат' нисэх буудлыг Оюу Толгой ХХК барьж, байгууллаа. Иргэний тээврийн Боинг 737-800 w, ачааны С 130 онгоц буух боломжтой. Нэг цагт 240 зорчигчдод үйлчлэх хүчин чадал бүхий үйлчилгээний барилга, агаарын хөдөлгөөн удирдах цамхаг, галын аюулгүй байдлыг хангах иж бүрэн хэрэгсэл бүхий алба зэрэг олон хэсгээс бүрдэнэ. Нисэх буудлын зураг төслийг 'Татах хүч' ХХК-ийн 10 гаруй архитектор, инженер техникийн ажилтан оролцсон баг Монгол гэрийн хэв маягийг зэс, алтны өнгөтэй хослуулан өвөрмөц шийдлээр бүтээжээ.

Нисэх буудлын хамгийн гол чухал хэсэг болох хөөрч буух зурвас замыг дэлхийн шилдэг техник, технологи ашиглан барьжээ. Энэ талаар барилгын гүйцэтгэгч болох 'Арц Суварга' ХХК-ийн Ерөнхийлөгч Ш.Алтансүх “Бид АНУ-ын 'Гомако' компаниас нийлүүлсэн хатуу хучилттай зам тавигч төхөөрөмжийг Монголд анх удаа ашиглалаа. Ингэснээр бүтэн 3 жилд гүйцэтгэх 3,250 метр урт, 45 метр өргөнтэй хөөрч, буух зурвас замын ажлыг 90 хоногт дуусгасан” хэмээн ярилаа.

Нисэх буудлын зурвасын үйлчилгээ, хяналт шалгалт, нислэг хөдөлгөөний удирдлага, гэрэл дохиолол, холбоо зэрэг мэргэжлийн үйл ажиллагааг Эй Си Эйч Сервисэс ХХК хариуцан явуулах юм. Тус компанийн захирал М.Мэндбаяр “Бид бэлтгэл ажлаа үндсэндээ дуусгаад байгаа. Монгол инженерүүдийн гараар баригдсан ийм сайхан нисэх буудлын үйл ажиллагааг явуулах болсондоо бахархаж байна” гэлээ.

Ханбумбат нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилгад үйл ажиллагаа явуулах компанийг удахгүй шалгаруулах юм. Энэ талаар Оюу Толгой ХХК-ийн Бүс нутгийн хангамжийн ажилтан Д.Батболдоос тодруулахад “Бид орон нутгийн компани, байгууллагуудын дунд үйлчилгээ эрхлэх тендер зарласан. Удахгүй дүгнэнэ. Энд 20 гаруй байнгын ажлын байр гарна” гэж ярилаа.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.