Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Говь нутгийн уртын дууны гар бичмэл, цомгийн нээлт боллоо

- Соёлын өвийг хадгалж хамгаалах, дэлгэрүүлэхэд түлхэц үзүүлнэ -

Монгол улс, Улаанбаатар хот - Говь нутгийн уртын дууны гар бичмэл, цомгийн нээлт өнөөдөр Монголын үндэсний музейд боллоо. Оюу Толгой ХХК-иас Монгол түмний хүндэтгэлийн их баяр Цагаан сарын босгон дээр 'Говь нутгийн уртын дууны гар бичмэл, цомог'-ийг өргөн барьж байгаа юм. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэн Ж.Сүхбаатарт говь нутгийн ард олны дунд дуулагдаж ирсэн уртын дуунуудыг тэмдэглэн үлдээсэн гар бичмэл үе улиран хадгалагдаж байсныг Оюу Толгой ХХК-ийн Соёлын өвийн хөтөлбөр, Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнтэй хамтран ном, цомог болголоо.

Энэхүү соёлын өвийн чухал баримт бичгийг нээн олж, хээрийн болон эх бичгийн судалгаагаар нягтлан, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж ном болгон хэвлүүлсэн юм. Мөн нутгийн зон олны дунд судалгаа, шинжилгээ явуулж дуунуудын ая дан, үүх түүх, домог, гарал тархацыг нягтлан тодруулж уг номондоо оруулжээ. Үүний зэрэгцээ гар бичмэлд буй ховор дуунуудын аялгууг Монгол улсын архивын сан хөмрөгөөс цуглуулж цомог бүтээсэн байна.

Говь нутгийн төдийгүй Монгол түмний соёлын чухал өв мартагдаж алга болохоос аврагдан, улам баяжигдаж олон түмэндээ хүрч, эрдэм шинжилгээ, урлаг соёлынхон, уртын дуу, Монголын соёлыг сонирхогч хүн бүрт ийнхүү хүрэх боломжтой боллоо. Уртын дууны ном, цомогийн ажил нь нийгмийн хүчтэй өөрчлөлтийн үед биет бус соёлын өвийг хэрхэн хадгалж хамгаалан, судалж, цаашид дэлгэрүүлж өвлүүлэхэд түлхэц үзүүлж байгаа жишээ юм. Энэхүү уртын дууны гар бичмэл, цомгийг олон нийтэд зориулан унших, сонсох, татаж авах боломжтойгоор цахим хуудсанд байрлууллаа.

Оюу Толгой ХХК-ийн Соёлын өвийн хөтөлбөрийн хүрээнд Монголчуудын үе үеийн туршид бүтээж ирсэн соёлын биет ба биет бус өв, дурсгалуудыг, хадгалж хамгаалах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаагийн нэг үр дүн бол энэхүү бүтээл юм. Уг хөтөлбөрөөр соёлын биет бус өв болох ардын болон уртын дуу, тоглоом наадам, үндэсний спорт, урлан бүтээхүйн ухаан, уламжлалт мэдлэг зэргийг судлах, хамгаалах, олон түмэнд түгээх, сэргээх, залуу үед өвлүүлэн сургах, дэмжин хөгжүүлэхээр олон ажлуудыг хийж байна. Мөн байгалийн болон хүний гараар бүтсэн бүс нутгийн соёлын өв бүхий газар нутгуудыг тогтоох, бүртгэлжүүлэх, аман түүх, бичиг соёлын өвийг хамгаалах, эртний дурсгалуудыг судлан шинжлэх, хуучны сүм хийдийг сэргээн засварлах зэрэг олон ажлууд гүйцэтгэж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.