Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Д.Эрдэнэтогтох "Таван тивийн оргилын дөрөвт нь гарсан Монголын анхны уулчин болсон"

Оюу Толгой ХХК-ийн ажилтан Уулын спортын олон улсын хэмжээний мастер Д.Эрдэнэтогтохтой ярилцлаа. Тэрээр саяхан Америк тивийн ноён оргил Аконкагуад амжилттай авираад ирсэн юм.

Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа уулын оройд, 2013.02.04

Энэ удаагийн авиралтын онцлог юу байсан бэ?
Авирсан уул маань Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа. Өндөр нь 6,962 метр. Цаг агаарын хувьд Аргентин улсад зун болж байна. Нам доор газраа 30 градус халуун. Харин ууландаа нэлээд салхитай 25-30 градус хүйтэн. Тэнгэр муудсан үедээ маш хүчтэй цасан шуурга тавьдаг. Авиралтын онцлог нь маш богино хугацаанд өндөрт дасан зохицох явдал байсан. Бидний хувьд анх бааз байгуулснаасаа эхлээд 17-18 хоног, яг оройд гарах авиралт орон нутгийн цагаар 2-р сарын 4-ний өглөөний 05.40 цагаас үдээс хойш 19.00 цаг хүртэл үргэлжилсэн. Уулынхаа орой дээр тэнгэр муухайрсан үедээ маш их хүчтэй цасан шуургатай. Үүнээс болоод оргил дээр гарч чадаагүй буцаж байгаа хүмүүс олон таарсан.

Та нарын авиралтын үед цаг агаар ямар байв?
Яг авирах үед бол цаг агаар маш сайхан дулаахан байсан. Тэндхийн цаг агаар 2-3 хоног хүйтэрч цасан шуурга тавьж байгаад 2-3 хоног арай гайгүй болдог. Тэр үед нь хүмүүс авиралтаа хийж эхэлдэг.

Таны хувьд энэ оргил хэд дэх вэ? Дараагийн авиралтаа төлөвлөсөн үү?
Энэ удаагийн авиралт бол миний хувьд эх газрын 5 тивийн оргилын 4 дэх байгаа. Уулчдын заавал гарах ёстой 7 оргилын 4 дэх нь гэсэн үг. Уулчид нэг оргилыг эзэлсний дараа дараагийн оргилыг боддог. Миний хувьд ч ямар ч байсан дараагийн эзлэх ёстой оргил бол эх газрын 5 тивийн Австрали тивийн оргил. Энэ жилдээ амжихгүй бол дараа жил Австрали тивийн ноён оргилд гарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Саяын авиралтад нийтдээ 5 эмэгтэй явсан. Би хоёртой нь урьд нь Эверестэд хамт авирч байсан.

Уулын спортоор хичээллэдэг хүний бахархал юу байдаг вэ?
Спорт 100 хувь үзэгчидтай байдаг. Харин уулын спорт үзэгчгүй. Зөвхөн байгальтай, өөрөө өөртэйгөө тэмцэж, өөрийгөө ялан дийлдэг. Энэ л бахархалтай. Олон өндөр хайрханы оргилд хөл тавинаа гэдэг чинь өөрийгөө ялан дийлж чадаж байгаа хэрэг. Миний хувьд таван тивийн оргилын дөрөвт нь гарсан Монголын анхны уулчин болсондоо баяртай байгаа.

Аливаа спортын амжилт санхүүжилтаас хамаардаг. Санхүүжилтын асуудлаа яаж шийддэг вэ?
Уулын спорт зардал өндөртэй. Би 2004 оноос хойш Оюу Толгой компанийн Даланзадгадын төлөөлөгчийн газар ажиллаж байна. Намайг энэ компанийн ажилтан болоод уулын авиралт хийх болгонд Оюу Толгой компани маань санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ амжилт бол ганц миний өөрийн амжилт биш. Оюу Толгой компанид ажиллаж байгаа мянга мянган Монгол залуучуудын амжилт юм. Оюу Толгой компанийн нийт удирдлагууд болон ажилчдадаа маш их баярлаж явдаг.

МУГТамирчин Г.Өсөхбаярын хамт Эверест-н оргилд, 2006,05,14

 

Африк тивийн ноён оргил Танзан улсын Климанжаро уулын оройд, 2009.02.22

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.