Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой 'Шилдэг төсөл'-өөр шалгарлаа

- Энэ шагнал нь Оюу Толгой төсөлд оруулсан хүн бүрийн шаргуу хөдөлмөр, хүчин чармайлтын үр дүн юм -

Монгол улс, Улаанбаатар хот - 'Монголын Эдийн засгийн форум-2013' чуулганы хаалтын ажиллагаа уржигдар орой Блю Скай цамхагт боллоо. Монгол улсын Ерөнхий сайд, улс төрчид, бизнесийн салбарын удирдагчид оролцсон энэ арга хэмжээний үеэр Блүүмберг Монгол ТВ-ийн шагнал гардуулах ёслол болж, дэлхийд тэргүүлэгч Монголын уул уурхайн Оюу Толгой компани 'Шилдэг төсөл' хэрэгжүүлэгчээр шалгарлаа.

Оюу Толгой ХХК-ийн Олон талт хамтын ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч С.Отгонбат “Би хэдийгээр компаниа төлөөлж шагнал авах хүндтэй үүрэг хүлээсэн ч, энэ бол Монголчуудын бахархал болсон төслийг шагнаж байгаа хэрэг” хэмээн хэллээ. Энэхүү шагналд шилдэг төсөл хэрэгжүүлдэг олон компани өрсөлдөж Оюу Толгой төсөл шалгарсан байна.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Шагнал авсандаа их баяртай байна. Энэ шагнал бол Оюу Толгойн бүх ажилчид, ханган нийлүүлэгчид, түншүүдийн амжилтыг бодитой үнэлж байгаа хэрэг юм. Оюу Толгой төсөлд оруулсан хүн бүрийн шаргуу хөдөлмөр, хүчин чармайлт бол багийн амжилт. Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголын Эдийн засгийн форум, бидний хүчин чармайлтыг үнэлж шагнасан Блүүмберг ТВ-д энэ үдшийг зохион байгуулсанд нь баярлалаа. Бид хамтран ажиллаж 2013 онд Оюу Толгойн амжилтыг үргэлжлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.

Оюу Толгой компани өнгөрсөн 2 дугаар сарын эхээр анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэсэн амжилт нь 'Шилдэг төсөл' шагналтай давхцаж байгаа юм. Өмнийн говийн эрс тэс ширүүн уур амьсгалд 12 мянга гаруй Монголчууд барилгын эхний үе шатны ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө, төсөвт багтаан амжилттай барьж дуусгасан билээ. Оюу Толгой компани 2013 оны 6 дугаар сард бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна.

Зургийн цомог: Оюу Толгой 'Шилдэг төсөл'-өөр шалгарлаа

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.