Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Амжилтын түүх: Монголын залуус дэлхийн үйлдвэрт дадлагажиж байна

- Трансвест Монгол нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжигч компаниар шалгарчээ -

Дэлхийд нэртэй том үйлдвэрүүд Монголын уул уурхайн компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлээд удаагүй байна. Хэдийгээр манай улсад худалдан авагчид олон ч тоног төхөөрөмж дээр шууд ажиллах мэргэжилтэй ажилтан ховор. Тиймээс уул уурхайн машин техник нийлүүлэгч компаниуд бүтээгдэхүүнээ зарахаас гадна ажиллах хүчийг нь хамт сургаад эхэлж. Ийм газрын нэг бол Трансвест Монгол компани. Монголчууд Зил-130-аас өөр том авто машин мэдэхгүй байсан цаг саяхан. Тэгвэл өнөөдөр залуучууд оператор гэдэг цоо шинэ мэргэжил эзэмшин, уурхайд 290 тоннын хүнд даацын машин бариад давхиж байна. Мэргэжилтэй сайн ажилтан бэлтгэхийн тулд иж бүрэн тоноглогдсон, сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжтэй анги танхим, дадлагын газар хэрэгтэй. Иймээс Трансвэст Монгол компани 2012 онд 2,000 ам метр талбай бүхий лаборатори, сургалтын танхим, 1,000 ам метр талбайтай дадлагын газартай, албан ёсны эрхтэй 'Трансвест Монгол Мэргэжлийн Сургалтын Төв'-өө байгуулжээ. Энд мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ их, дээд сургуулиудтай ч хамтран ажилладаг. Тус компани 300 гаруй ажилтантай. Чадвартай, сайн ажилтан амжилтын үндэс нь болдог. Тиймээс ажилтнуудаа зөвхөн Монголдоо биш Япон, АНУ дахь Комацугийн үйлдвэрт дадлагажуулан сургаж байна.

Залуучуудад сурч боловсрох, мэргэжилтэй болох хүсэл мөрөөдөл байдаг ч санхүүгийн бэрхшээл тулгарах нь олонтаа. Тус компанийнхан ч энэ бэрхшээлийг шийдэж төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрт хамрагдсан суралцагчид сар бүр цалин авахаас гадна ажлын хувцас, өдрийн хоол, замын зардал, байр сууцаар хангагдах бөгөөд 4 жилийн хугацаатай сурч инженер-механикч, инженер-цахилгаанчин, инженер-гагнуурчны аль нэг мэргэжлээр төгсдөг. Өдөр тутмын зардалдаа санаа зовохгүй болохоор хүмүүс нь ч амжилттай суралцаж байгаа юм. Өнөөдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын 6 хүн энэ хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. Үүний зэрэгцээ богино хугацаатай уул уурхайн салбарын англи хэлний тусгайлсан сургалт явуулах болжээ.

Трансвест Монгол компанийн сургалтаар олон залуучууд мэргэжилтэй, мэдлэгтэй болсон. Тэдэнд уул уурхайн томоохон компаниудад ажиллах боломж нээгдэж, ирээдүйдээ итгэлтэй амьдарч байна. Тиймээс ч энэ компани Оюу Толгой ХХК-ийн 2012 оны нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжигч шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.

Өнгөрсөн хугацаанд Трансвест Монгол компанийхан уул уурхайн машин, тоног төхөөрөмж нийлүүлэгч томоохон нийлүүлэгч болж, үндсэн үйлчлүүлэгчийн тоо 135 хүрчээ. Эднийх 2010 оноос Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллаж байна. Мөн нийгмийн хариуцлагаа биелүүлж өнчин хүүхдийн асрамжийн газар болон нуруу нугасны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг хөгжлийн төвд унаа машин, хоол хүнс, хувцас болон мөнгө хандивлаж байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.