Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Л.Оюунчулуун "Эмэгтэй жолооч нар машиндаа үзлэг хийхээс эхлээд их нямбай, няхуур ханддаг"

Өнөөдөр бүсгүйчүүд уул уурхайн бүтээн байгуулалтад эрчүүдтэй мөр зэрэгцэн оролцож, аварга том машин жолоодож явна. Тэдгээр бүсгүйчүүдийн нэг болох Оюу Толгой ХХК-ийн Ил уурхайн оператор Л.Оюунчулуунтай ярилцлаа.

Ийм хүнд даацын машиныг голдуу эрчүүд барьж харагддаг. Та яаж яваад оператор мэргэжилтэй болов. Өөрөө сонирхсон уу, эсвэл тийм шаардлага байсан уу?
Би 2004 онд Оюу Толгой ХХК-д үйлчлэгчээр ажилд ороод нэг жил орчим болж байлаа. Манай компанид Канадаас ирсэн Ларри гэдэг менежер байсан. Тэр хүн бидэнтэй хамт нэг өдөр гадуур явж байгаад BobCAT гэдэг жижигхэн машин заагаад та нар ийм техник барьмаар байна уу гэж асуусан. Би ч барьмаар байна л гэлээ. Тэгээд орой нь манай үйлчилгээний ахлах ажилтанд хэлээд маргааш өглөөнөөс нь хоёр эмэгтэйг хүнд даацын оператораар сургахаар хүлээлгэж өгч байлаа. Маргаашаас нь шууд ажлын байраа өөрчлөөд тухайн үед манай компанид байсан хамгийн том машин болох CAT 769D машин дээр 3 сар дадлага хийлээ. Би өмнө нь жижиг машин ч барьж байгаагүй. Их л сонирхолтой санагдаж байлаа. Үүний дараа CAT 773D гэдэг 60 тоннын даацтай машин гурван жил барьсан. 2011 онд ил уурхай нээгдэж анхны эмэгтэй оператор болж, 290 тоннын даацтай Комацу техникийн жолоочоор ажиллаж байна. Хүнд даацын машин жолоодоход хүнээс маш их анхаарал шаарддаг нэлээд онцлогтой л доо.

Эмэгтэй хүний хувьд хүнд даацын машин жолоодох хэр хэцүү ажил вэ?
Өөрийнхөө хүссэн ажлыг хийж байгаа болохоор шантрах тохиолдол бараг гардаггүй. Эрчүүдээс дутахгүй, зэрэгцэж ажиллана гэсэн бодолтой л явдаг. Гэхдээ бэрхшээл гарна. Наад зах нь дугуйны ивээсээ өргөж дийлэхгүй, эрчүүдийнхээ туслалцааг авна. Том машины дугуйны ивээс нь том, хүнд жинтэй байдаг. Гэхдээ эмэгтэй жолооч нарт бас давуу тал бий. Миний бодлоор эмэгтэй жолооч нар машиндаа үзлэг хийхээс эхлээд их нямбай, няхуур ханддаг юм шиг санагддаг.

Одоо Оюу Толгой ХХК-ийн ил уурхайд хэдэн эмэгтэй оператор байгаа вэ?
Манайд нийт 150 жолооч гурван ээлжээр ажиллаж байгаа. Ердөө 3 нь л эмэгтэй.

Эмэгтэй жолооч нар яагаад цөөхөн байдаг юм бол. Хүнд ажил гэж бодоод оператор мэргэжлээр сурдаггүй юм болов уу?
Эмэгтэйчүүд хүнд ажил гэж боддог байх. Зарим нь ч сонирхдоггүй биз. Уул уурхай, үүн дотроо хүнд даацын машин жолоодох эмэгтэй хүний хувьд хүнд ажил. Наад зах нь бүхээг дотроо гэхэд маш их дуу чимээтэй. Тиймээс байнга чихний хамгаалалт хэрэглэнэ. Өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарал тавих ёстой. Гэхдээ их бахархалтай ажил. Хэдийгээр миний барьдаг машиныг нүдээрээ хараагүй ч гэсэн манай гэрийнхэн, манай ээж надаар их бахархдаг.

Өөрийнхөө барьж байгаа Комацу машинаа танилцуулах уу? Даац, хүчин чадал, овор хэмжээ гээд.
Комацү 930Е-4SЕ автосамосвал 2,700 - 3,500 морины хүчин чадалтай. Хөдөлгүүрийн давуу тал нь өгсүүр газар хүч алдалгүй гардаг. Уурхайн гүний хэмжээ нэмэгдэх тутам өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой. Өндөр чанартай, удаан эдэлгээтэй, найдвартай ажиллагаатай, цахилгаан систем сайтай. Дугуй нь мотортой, хөдөлгүүр нь тосон хөргүүртэй. Ийм загварын 1,000 машин дэлхийн бусад уурхайнуудад ажилладаг гэсэн. Одоо манай ил уурхайд 28 байгаа. Машины өргөн нь 15, урт нь 18 метр байдаг. Дугуй нь гэхэд 3 метр гаруй өндөр. Би дугуйныхаа хажууд зогсоход талд нь ч хүрэхгүй. Нэг удаа 290 тонн ачаа ачна. Манайхан Зил-130 машин гэж сайн мэддэг. Тэгвэл 60 ширхэг Зил-130 машинд ачих ачааг нэг удаа ачна гэсэн үг. Сонирхуулахад бакаараа 24 цаг явдаг. Бак нь гэхэд 4,5 тонн шатахууны багтаамжтой.

Эмэгтэй хүний хувьд уурхайд олон хоногоор ажиллахдаа ар гэрийн амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ. Танай гэр Улаанбаатар хотод байдаг уу?
Уурхайд 28 хоног ажиллаад 14 хоног амарна. Манай гэр Улаанбаатар хотод байдаг. Манай гэр бүлийн хүн маань бас уурхайд ажилладаг. Хоёулаа уурхайд ажилладаг болохоор ар гэр, хүүхдүүдээ хоёр ээждээ даатгачихаад л явж байна даа.

Цас, бороотой, хальтиргаа гулгаатай үед ийм хүнд даацын машин барих анхаарал их шаарддаг байх. Уурхайд аюулгүй ажиллагааг хэрхэн мөрддөг вэ?
Уул уурхайд аюулгүй ажиллагаа маш чухал. Цаг агаар ч бидний ажилд маш их хамаатай. Тухайлбал цас, бороо орлоо гэхэд л бүгдээрээ ажлаа зогсоогоод аюул эрсдэлийг нь үнэлээд, ажиллах боломжтой гэсэн үед л эхэлнэ. Цас, бороо орсны дараа машин явах боломжтой юу гээд зам, талбайгаа шалгаж, засна. Учир нь газрын гүнээс өгсүүр замаар хөрс, хүдэр зөөдөг. Аюултай байгаа бол ажлаа зогсоо гэсэн зарчимаар л ажилладаг. Хүмүүс ямар ч нөхцөлд байнга л ажиллаад байдаг гэж ойлгодог байх л даа. Уул уурхай бол багийн ажил. Тиймээс хүн бүр урдаа явж байгаа машины дугуйг хий нь сул байна уу гээд ажиглаж хардаг. Машин маш том учраас өөрсдөө дугуйны хий нь суларч байна уу гэдгээ шууд мэдэх боломжгүй байдаг.

Энд ажиллаж байгаа хүний хувьд Монголын уул уурхайн хөгжлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
Би ирээдүйгээ сайхнаар төсөөлдөг. Залуу хүний хувьд мөрөөдөл их бий. Би дэлхийн хэмжээний уурхайд, сайхан хамт олонтой, хүссэн мэргэжлээ эзэмшээд, хүссэн ажлаа хийж, мөрөөдлөө биелүүлж яваа гэж боддог. Энд олон хүн ажиллаж байна. Ард гэр бүл нь байгаа. Тэр гэр бүлүүд бүгдээрээ ажилтай, орлоготой, ирээдүйдээ итгэлтэй амьдарч байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.