Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хөрөг найруулал: Тэнхээт хөлгийн эзэн

Хүмүүс уурхайн ажил хүнд, эрчүүд голдуу ажилладаг хэмээн ойлгодог. Тэгвэл өмнийн говь дахь дэлхийд тэргүүлэгч Монголын уул уурхайн Оюу Толгой компанид цөөнгүй бүсгүй ажиллаж, бүр эрчүүдтэй мөр зэрэгцэн хүнд даацын машин жолоодож байна. Тэдний нэгтэй уулзахаар тус компанийн ил уурхайг зорилоо. Хөрс, хүдэр ачсан аварга том машинууд алгуур өгсөх замаар жигд хурдтай, ар араасаа цувна. Тасралтгүй үргэлжлэх уг цувааг зөвхөн алсаас харах боломжтой. Машины бүхээг чамгүй өндөрт байрладаг болохоор жолооч нар эргэн тойрондоо ойрхон байгаа хүн, амьтныг харж чаддаггүй. Тиймээс хоорондоо зөвхөн дотоод холбоогоор л харилцана. Бид жолооч бүсгүйтэй холбогдож, уулзах цагаа товлолоо. Үдийн хоолондоо ирсэн жолооч нар газар ухсан ховилд машиныхаа арын хоёр дугуйг оруулж зогсоох дүрэмтэй. Өнхрөхөөс сэргийлж байгаа нь тэр. Удалгүй уулзах хүн маань ч ирлээ.

Уул уурхайн хүнд даацын машины жолоочоор цөөхөн эмэгтэй ажилладаг юм байна. Бараг л гарын арван хуруунд багтах тоотой тэдний нэг нь Г.Солонго. Алс баруун Алтай нутгийн бүсгүй Оюу Толгой ХХК-ийн ил уурхайд операторын ажилтай. Оператор гэдэг үгийн учрыг зарим хүн ойлгохгүй байж магадгүй. Хүнд даацын машины жолоочийн мэргэжлийн нэр л дээ. Энэ бүсгүйн уг мэргэжлийг эзэмшсэн түүх сонин. Тэрээр анх Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг, уул уурхайн компанид тогооч болжээ. Гэхдээ түүний сонирхлыг тэнд байх том том машин, техник илүүтэй татаад байж. Уурхайнхан Вагнер Ази компани операторын сургалт явуулж байгаа тухай ярилцахыг сонсоод очиж бүртгүүлжээ. Гэхдээ сургалтын төвийн багш нар түүнийг тийм ч таатай хүлээж авсангүй. “Чи сурч чадах уу. Машин техниктэй харьцаж байсан уу” гэж асуухад нь “Би чадна, техник их сонирхдог” гэж гуйсаар байж орж. Тэр сургалтад Г.Солонгоос өөр эмэгтэй хүн байсангүй. Онолын сургалтаа дуусгаад Багануурын нүүрсний уурхайд дадлага хийхээр очиход мөн л “Эмэгтэй хүн жолооч хийдэг юм уу” гэж гайхан асууж байв. Анх удаа хүнд даацын машин хараад өөрөө ч “Ямар том, сүртэй юм бэ. Би барьж чадах болов уу” гэж эргэлзэж байсан гэнэ. Сургалтаа дуусгаад байтал “Оюу Толгойд оператор ажилд авна” гэсэн зар гарсны дагуу шалгуулж тэнцээд ажилд оржээ.

Түүнээс хойш Оюу Толгой компанийн ил уурхайд хүнд даацын машины жолоочоор гурав дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр “Манай компанийн ил уурхай 150 жолоочтой. Тэдний гуравхан нь л эмэгтэй. Хэдийгээр эрчүүд голдуу байдаг ч бид гурав тэдэнтэйгээ эн тэнцүү ажилладаг. Хүнд даацын машин жолоодох их урамтай, сонирхолтой ажил шүү” хэмээн ярьж байв. Операторын ажил жолоо бариад яваад байдаг амархан мэт санагдах ч маш хариуцлагатай, анхаарал их шаарддаг. Ялангуяа цас, бороотой үед бүр ч амаргүй. Бүхээг дотор дуу чимээтэй, өдөр, шөнийн аль ч ээлжинд ажиллах гээд эмэгтэй хүний хувьд бэрхшээл мундахгүй ч түүний хувьд сонирхсон мэргэжил нь болохоор шантрах үе байдаггүй. Гэхдээ машиныхаа дугуйнд ивээс хийх, авахад хүч хүрэхгүй, эрчүүдээсээ тусламж авах үе бас гаралгүй яахав. Уул уурхай мэдэхгүй зарим хүн жолооч хийдэг гэж ярихаар үнэмшихгүй. Хамаатан садныхан нь машиныхаа хажууд авахуулсан зургаас түүний барьдаг техникийн томыг мэддэг аж. Г.Солонго “Удахгүй олон эмэгтэй оператор мэргэжилтэй болох байх. Хамгийн гол нь өөрөө хүсч, сонирхож энэ мэргэжлийг эзэмших ёстой. Тэгж чадвал амжилтанд хүрнэ” хэмээн хэлж байсан.

Түүний жолооддог Комацү 930Е-4SЕ өөрөө буулгагч 2700-3500 морины хүчтэй. Улаанбаатар хотын гудамжаар давхих сүүлийн үеийн “Ланд Круйзер-200 жийп 381 морины хүчтэй. Тэгвэл энэ машинаас 10 дахин илүү гэхээр аргагүй л хүчтэй техник. Нэг удаа 290 тонн ачаа ачна. Ийм хэмжээний ачааг Монголчуудын сайн мэдэх Зил-130 машинаар 58 удаа зөөнө. Машины өргөн 15, урт нь 18 метр. Дугуйны өндөр гурван метр гаруй, шатахууны сав нь 4.5 тонны багтаамжтай гэхээр үнэхээр нүсэр хөлөг. Оюу Толгойн ил уурхайд ийм машин 28 байдаг. Гэхдээ адил загварын 1,000 орчим машин дэлхийн бусад уурхайд ажилладаг гэсэн. Хэдийгээр өнөөдөр уул уурхайн компаниудад байгаа хамгийн том техникийг жолооддог ч илүү чадалтай, том машин ирвэл барих хүсэлтэй байдгаа Г.Солонго нуулгүй хэлнэ лээ. Б.Явуухулангийн 'Би хаана төрөө вэ' шүлэгт “Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би” гэсэн мөр бий. Тэгвэл өмнийн цэнхэр говьд Монгол бүсгүйчүүд орчин үеийн тэнхээт хөлөг эзэмшиж, жолоодож явна. Хүссэн мэргэжлээрээ сурч, ажиллаж байгаа ийм олон мянган залуу, Оюу Толгойнхон, Монголчууд хамтдаа эх орныхоо ирээдүйг итгэл төгс бүтээж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг өдөр өдрөөр хурдасгаж байгаа билээ.

Ч.Батпүрэв

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.