Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой компани ирээдүйн боловсон хүчнээ 'Эрдэнэт'-д бэлтгэж байна

Дэлхийд тэргүүлэгч Монголын уул уурхайн Оюу Толгой компани ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэхийг ариун үүрэг, эрхэм зорилгоо хэмээн үздэг билээ. Чухам энэ үүргээ биелүүлж, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Монгол орны өнцөг булан бүрт Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв олноор байгуулсан юм. Тэдгээр төвд ирээдүйд Оюу толгойд ажиллах хүсэл эрмэлзэлтэй олон зуун монгол залуу суралцаж буй. Тэдний зарим нь Орхон аймаг дахь Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд онолын мэдлэг эзэмшиж, уулын баяжуулах 'Эрдэнэт' үйлдвэрт дадлага хийж байна. Хичээлийн танхимд олж авсан онолын мэдлэгээ дэргэдээ байх үйлдвэрт дадлага хийж бататгана гэдэг тэр бүр амархан олдох боломж биш. Чухам ийм алтан боломжийг Оюу Толгой компани олгож буй юм. Одоо тэнд Дорнод, Архангай, Дархан-Уул, Өмнөговь, Булган, Дорноговь, Сэлэнгэ, Өвөрхангай, Орхон аймаг, Улаанбаатар хотоос ирсэн 128 хүн гагнуурчин, цахилгаанчин, механикч-засварчин, токарьчны мэргэжлээр суралцаж байна. Тэд 25-42 насныхан. Энэ бол хүмүүний сурч боловсрох, хийж бүтээх ид нас. Тэдэнд нэг нийтлэг зорилго, гэгээн хүсэл мөрөөдөл бий. Тэр нь сургуулиа амжилттай төгсөөд Оюу толгой компанид ажиллах. Нэг насаараа дэлхийн тэргүүлэгч компанид ажиллаж, XXI зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалтад гар бие оролцоно гэдэг хэн хүнд ногдох хувь тавилан биш билээ.

Суралцах дөрвөн жилийн хугацаанд тэдний сургалтын төлбөр, дотуур байрны зардал, сурах бичгийн үнийг хүртэл Оюу Толгой компани бүрэн даахын зэрэгцээ суралцагчдад сар болгон мөнгөн тэтгэлэг олгодог юм. Өөр аймаг, хотоос суралцаж буй хүмүүст жилд хоёр удаа нутагтаа очиж ирэх хоёр талын замын зардлыг ч Оюу Толгой компани хариуцдаг. Оюу Толгойн санхүүжилтээр суралцагчдад дутагдаж гачигдах зүйл огт алга. Наад зах нь тэдэнд гурван ээлжийн өмд цамц, дулаан хүрэм, ноосон цамц, гутал зэрэг ажлын хувцас, нүдний шил, хамгаалалтын малгай, бээлий мэт хөдөлмөр хамгааллын хэрэгслийг Оюу Толгой компаниас олгодог. Суралцагчдын 60 гаруй нь Технологийн сургуулийн дотуур байранд амьдардаг. Байр нь ч сургуулийнхаа хажууханд, дулаан, цэвэр, тохилог, бүх юм эмх цэгцтэй, гал тогоо, халуун ус, интернэт гээд амьдралын хэрэгцээ бүрэн. Харин дотоод журам нь нэлээд хатуу. Орой 23 цагаас хойш гадагшаа гарахгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр хичээл таслахгүй, өрөөндөө тамхи татаж, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй. Чухам энэ мэт чанга шаардлагынхаа ачаар тэднийх 2011 онд улсын тэргүүний дотуур байраар шалгарчээ. Дотуур байрныхан 'Хангарьд' клубын усан санд орох, бялдаржуулах танхимд очих, англи хэлний дамжаанд суух, хөдөлмөр хамгаалал, мэргэжлийн хичээлээр үзсэн сэдвийн дагуу авхаалж сэргэлэнчүүдийн болон сагсан бөмбөгийн тэмцээн зохиох, цасны баяр зохион байгуулах зэргээр чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөдөг тухайгаа ярьж байв.

Суралцагчдын нэг хэсэг нь танхимдаа онолын хичээлээ үзэж, лаборатори дахь ковш, экскаватор, бульдозерын загвар болох сургалтын симулятор дээр дадлага хийж буй бол зарим нь 'Эрдэнэт' үйлдвэрт очиж, засвар механикийн завод, тус үйлдвэрийн голт зүрх болсон баяжуулах үйлдвэр, зам овоолго зэрэг газарт жинхэнэ практик дээр дадлагажиж байна. Багш нар нь ч шавь нартаа шинжлэх ухааны мэдлэг, мэргэжлийн дадлага, арга барил эзэмшүүлэх талаар ихээхэн санаа тавьдаг аж. Механикийн багш П.Цогтбаяр суралцагчдад зориулж 'Слесарийн ажлын үндэс' гарын авлага бичжээ. Гагнуурын багш Г.Чинбаатар 'Эрдэнэт' үйлдвэрт 30 гаруй жил ажиллаж байгаад Технологийн сургуульд ирж дөрөв дэх жилдээ багшилж байна. Тэрээр 'Хийгээр гагнах, зүсэх технологи' ном бичсэнээ удахгүй шавь нарынхаа гар дээр тавина. Токарийн дадлагын багш Т.Батсуурь 'Эрдэнэт' үйлдвэрт 18 жил, дараа нь БНСУ-ын 'Самсунг' корпорацад мэргэжлээрээ зургаан жил ажилласан аж.

Технологийн сургуулийн мэргэжлийн сургалт хариуцсан дэд захирал, Монгол улсын зөвлөх инженер, доктор Л.Батаа Оюу толгойн гэрээт суралцагчдын талаар тун ам сайтай байна лээ. Тэрээр Ленинград /хуучнаар/ хотноо баяжуулагчийн мэргэжил эзэмшиж, 'Эрдэнэт' үйлдвэрт 30 гаруй жилийн хөдөлмөрөө зориулжээ. Тэрээр “сүүлийн үед уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буйгаас тэнд ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх шаардлага зүй ёсоор гарч байна. Гэрээт суралцагчдын хувьд дэлхийд тэргүүлэх Монголын уул уурхайн компани Оюу Толгойд ажиллах өргөн боломжтой. Уул уурхайн чиглэлээр арвин туршлагатай 'Эрдэнэт' үйлдвэрт дадлага хийх бололцоотой. Оюу Толгой компанитай мэргэжилтэн бэлтгэх талаар гэрээ байгуулаад гурван жил боллоо. Энэ хооронд 200-гаад мэргэжилтэн бэлтгэлээ. Оюу Толгойтой хамтран ажилласнаар сургалтад үнэхээр их дэвшил гарч байна. Австрали, Канад, АНУ-ын шилдэг туршлагаас ашиглаж, сургалтын чанараа сайжруулж байна. Олон улсын сургалтын тогтолцоог судалж, түүнийг нутагшуулах талаар хичээн ажиллаж буй. Манай багш нарын дийлэнх нь үйлдвэрт олон жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай хүмүүс. Эхлээд багш нараа сайн сургах ёстой. Энэ зорилгоор Оюу Толгойн тусламжтайгаар Австралийн ETAS группын мэргэжилтэн багш нарыг урьж, багш нартаа хичээл заалгаж байгаа нь үр дүнгээ өгч байна. Суралцагчид маань сургуулиа төгсөөд зөвхөн Оюу Толгой биш, түүнтэй төстэй гадаадын аль ч компанид мэргэжлээрээ ажиллах боломжтой болох юм. Суралцагчдын сурах орчин нөхцөл, ахуй хангамжийг сайжруулах талаар Оюу Толгой компанийн удирдлага ихээхэн санаа тавьдаг. Энэ зууны хамгийн том бүтээн байгуулалтыг цогцлоож буй Оюу Толгой компанид мэргэжилтэн бэлтгэж байгаагаараа манай сургуулийн хамт олон ямагт бахархдаг юм” хэмээн ярьж байна.

Өвөрхангайгаас ирсэн Б.Банзрагч одоо 42-той. Олон жил жолоо мушгижээ. Гурван хүүхэдтэй, том нь аравдугаар ангид сурдаг, бага нь найман сартай. ШУТИС-ийн инженер-физикийн ангийг төгссөн, Орхоны харьяат Э.Цэндзэсэм бүсгүй цахилгааны мэргэжил эзэмшихээр шамдан суралцаж байна. Тэрээр цөөхөн эмэгтэй суралцагчийн нэг бөгөөд шилдэг суралцагчийн алдрыг хэдийнээ хүртжээ. “Найз залуутайгаа удахгүй хамтын амьдралаа эхэлнэ. Тэр минь бас уул уурхайн чиглэлээр суралцаж байгаа. Хоёулаа Оюу Толгойг түшээд сайхан амьдарна даа” гэж Э.Цэндзэсэм ярьж байв. Цахилгааны ангийн дарга Г.Ганжигүүр Дорнод аймгийн цагдаагийн хэлтэст долоон жил ажиллажээ. Эхнэр нь цэцэрлэгийн багш, хоёр хүүхэдтэйгээ нутагтаа амьдардаг аж. Цагаан сараар хоёр долоо хоног тэдэн дээрээ очиж амраад иржээ. Ч.Нямтулга Улаанбаатарын унаган иргэн. Өмнө нь 'Алтайн хүдэр' компанид ажиллаж байжээ. Саяхан охинтой болсон гэнэ. “Токарьчны мэргэжил сонгосноо алдаагүй гэж боддог. Сурч л чадвал бүх боломж бидэнд байна. Оюу Толгой компанид мэргэжлээрээ ажиллах зорилготой” гэж тэр ярьж байлаа. Гурван хүүгийн аав Н.Ганхүү энэ жил 39-тэй. 'Эрдэнэт' үйлдвэрт 5-6 жил гагнуурчнаар ажиллаж байсан гэнэ. Дараа нь БНСУ-д найман жил мөн л мэргэжлээрээ ажиллажээ. “Гагнуурчны ангид сурдаг 19 хүний 14 нь өмнө нь энэ мэргэжлээрээр ажиллаж байсан, цөмөөрөө зэрэгтэй. Зөвхөн гагнуурын кабинет гэхэд манай сургуульд дөрөв бий” гэж тэр хэлэв. П.Алтанзул Эрдэнэт хотынх. Цахилгааны ангийн дарга. “Оюу Толгойн санхүүжилтээр суралцагчдад тавих бүхий л шаардлагыг хангаад гэрээгээр суралцах боломж олж авсан. Сурах нөхцөл бололцоо бүрэн хангагдсан. Суралцах хугацааны бүхий л санхүүжилтийг Оюу толгой компани гаргадаг. Дээр нь сар бүр багагүй хэмжээний цалин авдаг. Өдөрт найман цагийн онолын хичээл заалгаж, оройд нь олсон мэдлэгээ лабораторийн хичээлээр бататгах сургалт явуулдаг юм. Онолын хичээлээ үзсэний дараа 'Эрдэнэт' үйлдвэрт 30-45 хоног дадлага хийдэг. Саяхан тэнд нэг сар дадлага хийж онолын мэдлэгээ бататгалаа. Ер нь дадлага давамгайлсан сургалт ихээхэн өгөөжтэй болж байгаа” гэж тэр ярьсан юм. Б.Барс Өвөрхангай аймгаас иржээ. Тэрээр “Бидэнд тоног төхөөрөмжид засвар хийх, техникийн механикийн үндэс, цахилгаан, электрон систем засварлах, мастерын ажил, явах ангийн засвар, материал судлал зэрэг мэргэжлийн хичээлийн зэрэгцээ харилцааны соёл, англи хэл, байгаль орчин экологи, бизнес эрхлэх урлаг зэрэг хичээл ордог. Дотуур байранд нэг өрөөнд дөрвүүлээ амьдардаг. Солонгост хэдэн жил ажиллаж, нутагтаа ирсний дараа Оюу Толгой компаниас хэрэгжүүлсэн төсөлд хоёр жил хамрагдаад одоо гэрээгээр суралцаж байна” гэлээ.

ТМС-ээс эхлээд техникум, Техникийн дээд сургууль хүртэл дүүргэсэн Д.Оюунцэцэг багш Эрдэнэт үйлдвэрт 30 шахам жил ажилласан туршлагатай, тус үйлдвэрээс төрсөн анхны цахилгааны зөвлөх инженер. Технологийн дээд сургуульд 18 жил цахилгааны хичээл зааж, шавь нартаа цахилгааны нарийн мэргэжил эзэмшүүлэхийн төлөө нойр хоолоо умартан зүтгэсэн нэгэн. Тиймээс өнгөрсөн оны шилдэг багшаар өргөмжлөгджээ. Тэрээр сүүлийн хоёр жилд 30-аад цахилгаанчин бэлтгэн гаргасны дийлэнх нь эдүгээ Оюу толгойд ажиллаж буй аж. “Өнгөрсөн жил Оюу толгой компани цахилгааны сайхан лаборатори байгуулж өгсөнд маш их баярлаж байна. Ер нь манай сургууль сургалтын материаллаг баазын хувьд Монголдоо №1” гэж Д.Оюунцэцэг багш бахархангуй өгүүлж байна лээ. Саяхан тэр Оюу Толгойн уурхайд долоо хоног зочилж, ил болон далд уурхай, баяжуулах үйлдвэртэй танилцаад иржээ. Далимд нь төгсгөсөн шавь нараа хэрхэн ажиллаж байгааг сонирхоод амжиж. “Орчин үеийн өндөр хүч чадалтай техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон мундаг уурхай байна шүү” гэж магтаж байв. Оюу Толгойн гэрээт суралцагчдыг хариуцсан багш Ч.Алтансувд бол тэнд суралцаж буй 128 хүний хамгийн дотнын хүн юм. Нэг ёсондоо тэр өнөр бүлийн өрхийн тэргүүн, аав л гэсэн үг. Тэрээр цэргийн холбооны мэргэжилтэй, армид мэргэжлээрээ 33 жил ажилласан, бэлтгэл дэд хурандаа. Ч.Алтансувд багш ярихдаа”манай сургууль янз бүрийн насны, төрөл бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс суралцдагаараа онцлог. Дээд сургууль төгссөн, Япон, Солонгост ажиллаж байсан, тэр ч байтугай зургаан жил мэргэжлээрээ ажилласан дөрөвдүгээр зэргийн гагнуурчин, цагдаагийн байгууллагад долоон жил алба хаасан нэгэн ч энд суралцаж байгаа. Оюу толгой компанийнхан суралцагчдаа маш сайн сонгосон юм билээ. Тэдэндээ үзүүлэх хангамж ч тун сайн. Технологийн сургуулийн багш нар, Эрдэнэт үйлдвэрт олон жил ажилласан дадлага туршлагатай инженер техникийн ажилтнууд тэдэнд хичээл заадаг юм. Хичээлийн анги танхим тохитой, тоног төхөөрөмж лаборатори маш сайтай. Токарийн кабинет гэхэд л хутга ирлэх төхөөрөмж, өнгөлөгч, нүхлэгч, зорогч болон өрөмдлөгийн суурь машин гээд хэрэгцээт тоног төхөөрөмж цөм бүрэн. Суралцагчид сайн суралцаж мэргэжлээ эзэмшээд Оюу Толгойд ажиллах чин эрмэлзэлтэй байдаг юм. Тийм ч учраас ихээхэн хичээж идэвх чармайлттай суралцдаг” гэв.

Оюу Толгой компанийн Сургалтын албаны ахлах ажилтан Д.Энхбаатар “Оюу Толгойн уурхай бүрэн ашиглалтад орохоор тэнд 3,300 орчим мэргэжилтэй ажилчин ажиллах ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу тэдний 90 хувь нь монголчууд байх учиртай. Тэднийгээ Монгол улсын мэргэжлийн боловсролын байгууллагуудаар дамжуулан одооноос бэлтгэхээс аргагүй. Бид Австралийн мэргэжлийн боловсролын тогтолцоог Монголд хэрэгжүүлэхийг зорьж байна. Яагаад гэвэл, Австралид уул уурхайн салбар ихээхэн хөгжсөн, өндөр хөгжилтэй техник технологи, тоног төхөөрөмж хэрэглэдэг. Тиймээс тус улсын ETAS групптэй хамтарч гэрээт суралцагчдад хичээл заадаг багш нарт зориулсан тусгай сургалт зохион байгуулж байна. Одоогийн байдлаар гэхэд тус группын сургалт, хөгжил хариуцсан удирдлагын нэг Алис Жонс хичээл зааж байгаа. Энэхүү сургалтын үр дүнд багш нар маань олон улсын жишгээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд багшлах эрх буюу дөрөвдүгээр зэргийн гэрчилгээ авна. Зарим хүн манайхыг мэргэжилтэй ажилчдаа дөрвөн жилд бэлтгэж байгаа нь арай урт хугацаа биш үү, дээд мэргэжилтэй ажилчин бэлтгэж байгаа юм уу гэдэг. Манай сургалт бол дипломын сургалт биш. Австрали гэхэд мэргэжилтэй ажилчдаа 4-6 жил сургаж бэлтгэдэг. Хэргийн учир дээд мэргэжилтэйдээ биш, хамгийн гол нь, олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршиж буй. Заавал дөрөв биш, гурван жил ч байж болно шүү дээ. Энэ бол дадлага давамгайлсан сургалт. Сургалтын нийт цагийн 20-30 хувь нь онолын хичээл, 70-80 хувь нь дадлага. Суралцагчдадаа зориулж Технологийн сургуульд 750 мянган ам.доллар буюу нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлээд байна. Өмнө нь бид 300 гаруй хүнийг сургасан, олонхи нь одоо Оюу Толгойд ажиллаж байгаа. Суралцагчид маань төгсөхдөө шаардлага хангавал олон улсад хүчин төгөлдөр байх гэрчилгээ гардаж, зөвхөн Оюу Толгой гэлтгүй дэлхийн уул уурхайн аль ч салбарт ажиллах бололцоотой болох юм. Суралцагчидтайгаа гэрээ байгуулсан. Гэрээний шаардлага ч энгийн. Сайн суралц, чадамж, ур чадвар сайтар эзэмш, Оюу Толгойн шаардлага болзол хангасан мэргэжилтэн бол. Ердөө л энэ” гэж ярьж байна.

Оюу Толгой компанийн гэрээт суралцагчдад зориулан 'Чадамж' нэртэй уралдаант аяныг 6 дугаар сарын 30 хүртэл зарлажээ. Уралдааныг сурах арга барилаа дээшлүүлсэн эсэх, хамт олны бүрдэлт, багаар ажиллах чадвар, мэргэжлийн чадамжийн дээшлэлт, харилцааны соёл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага зэрэг цөөнгүй үзүүлэлтээр дүгнэх аж. Гэрээт суралцагчид суралцахын зэрэгцээ орон нутагтаа 'Сэтгэлийн дэм' аяныг үе үе зохион байгуулдаг юм байна. Энэ аяныхаа хүрээнд тэд өнчин хүүхдүүдийг асрах 'Энэрэл' төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль, олон өнчин хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйнд очиж гурил, будаа, ургамлын тос, элсэн чихэр зэрэг амьдралын хэрэгцээт зүйлс болон бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн нь олны талархлыг зүй ёсоор хүлээжээ. Оюу Толгойн ирээдүйн мэргэжилтэй ажилчид болох гэрээт суралцагчид 'Эрдэнэт'-д ийнхүү өсөн өндийж байна.

Б.Батбилиг

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.