Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Үндэсний ханган нийлүүлэгчдэд боломж бий, бид ч дэмжиж байгаа

- Энэ онд Үндэсний ханган нийлүүлэгчдээс нийт худалдан авалтын 50 хувийг авах зорилготой -

Монголын олон үйлдвэрлэгч, нийлүүлэгчид Оюу Толгой ХХК-ийн хангамж, худалдан авалтын талаар мэдээлэл авахыг хүсдэг. Тиймээс Оюу Толгой ХХК-ийн Үндэсний ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх багийнхантай уулзаж, олон асуултад хариулт авлаа. Энэ уулзалтад багийн менежер Б.Сэржмаа, ажилтан З.Эрдэнэ-Амгалан, С.Сайнсүрэн нар оролцож Оюу Толгой ХХК-ийн худалдан авалтын бодлого, тендер шалгаруулалтын журам, хэрхэн ханган нийлүүлэгч болох, ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх ямар ажлууд хийгдэж байгаа зэрэг мэдээлэл өгсөн юм.

Өнөөдөр Оюу Толгой ХХК-д Монголын хэдэн компани ханган нийлүүлэгч хийж байгаа вэ? Монголын үндэсний компани гэдгийг яаж тодорхойлдог вэ?
Б.Сэржмаа: Өнгөрсөн онд нийт 1,131 үндэсний бизнесүүд Оюу Толгой ХХК-д бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлсэн байгаа. Эдгээр компаниуд нийт ханган нийлүүлэгчдийн 67 хувийг эзэлж байна. Монголд бүртгүүлсэн тухайн компанийн 50-иас дээш хувийг Монгол хүн эзэмшдэг бол Үндэсний ханган нийлүүлэгч гэсэн ангилалд ордог. Харин 50 болон түүнээс бага хувийг Монгол хүн эзэмшдэг гадаадын хөрөнгө оруулалттай компанийг гадаадын ханган нийлүүлэгч ангилалд оруулж байгаа юм. Өнгөрсөн 2010 - 2012 онд Оюу Толгой ХХК үндэсний ханган нийлүүлэгчдээс 1.4 их наяд төгрөг буюу 1.1 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан байна

Хэрвээ тендерт гадаад, дотоодын ханган нийлүүлэгчид адил тэнцүү байсан тохиолдолд Монголын компанийг дэмжих үү. Дэмжих бодлого байдаг уу?
С.Сайнсүрэн: Манайх Үндэсний болон Өмнөговийн ханган нийлүүлэгчийг хөгжүүлэх тусгай бодлогуудыг хэрэгжүүлж ажилладаг. Энэхүү бодлогын дагуу Өмнөговийн болон Үндэсний ханган нийлүүлэгчдийг тендерийн техникийн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд гадаадын ангиллын ханган нийлүүлэгчээс илүү давуу эрхтэйгээр сонгохыг зүйлчлэн заасан байдаг бөгөөд үүний дагуу худалдан авалтын үйл ажиллагаа явагдаж байгаа. Үндэснийхээ ханган нийлүүлэгчдийг дэмждэг. Ийм жишээ ч олон бий. Бид ажилчдын хувцасны шүүгээ авахаар судалгаа хийсэн. Тэгэхэд Монголын Элмеко компани гадаадын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй чанарын хувьд адилхан, үнийн хувьд хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэхээр санал өгч тендерт шалгарч байсан. Үндэсний ханган нийлүүлэгчдийг дэмжих бодлогуудыг манай цахим хуудаснаас авч үзэж болно.

Компаниуд тендерт орохдоо ямар алдаа дутагдал түгээмэл гаргадаг вэ?
З.Эрдэнэ-Амгалан: Оюу Толгой компанийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчны шаардлагыг эрхэмлэдэг. Үндэсний компаниудын тухайд энэ тал дээр илүү сайжрах шаардлагатай харагддаг. Мөн бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлэх, ханган нийлүүлэх нөхцлийг бүрэн ойлгох, мөн бодит үнийг санал болгоход анхаарах хэрэгтэй байдаг. Зарим компани хэт өндөр эсвэл хэт бага үнийг санал болгодог.

Хэрхэн ханган нийлүүлэгч болох вэ? Хаана, хэнд хандах ёстой вэ?
С.Сайнсүрэн: Ханган нийлүүлэгчдийн Нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлэх холбоос нь нээлттэй бөгөөд цахим хуудас руу хандах ёстой. Бүртгүүлэх амархан. Ердөө 20-хон асуултыг бүрэн бөглөхөд л болно. Нэмж хэлэхэд Ханган нийлүүлэгчдийн нэгдсэн мэдээллийн сан нь хангамжийн ажилтнуудын боломжит тендерт урих компаниудыг илрүүлэх чухал хэрэгсэл байдаг. Тиймээс ханган нийлүүлэгчээр бүртгүүлж байгаа компаниуд бүртгүүлэхдээ үнэн зөв, бүрэн мэдээллийг асуулгын дагуу оруулах шаардлагатай. Мөн бүртгүүлэхдээ холбоотой нэмж тодруулах зүйл байвал бидэнд шууд хандаж зөвлөгөө авч болно.

Бүртгүүлсэний дараа хэрхэн яаж тендерт оролцох вэ?
Б.Сэржмаа: Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаас боломжит ханган нийлүүлэгчдийг илрүүлэн тендерт урин оролцуулдаг. Хангамжийн ажилтнууд хамгийн багадаа 3 үндэсний ханган нийлүүлэгчийг заавал урин оролцуулах шаардлагыг биелүүлж ажилладаг. Хэрэв боломжит 3 үндэсний компани байхгүй бол нээлттэй тендер зарлах шаардлагатай. Тэгэхээр боломжит үндэсний компаниудыг зах зээлээс илрүүлэхийн тулд нээлттэй тендерийг зарладаг. Эдгээр нээлттэй тендерийн зарыг өөрийн компанийн цахим хуудас болон өдөр тутмын сонинууд дээр тус тус нийтэлдэг. Зарим компани тендерт оролцохдоо бүрдүүлэх материалтай дутуу танилцах, ойлгохгүй байх тохиолдол бий. Тиймээс нээлттэй тендерүүдэд оролцох боломжтой болон оролцох хүсэлтээ илэрхийлсэн компаниудад тухайн тендерийн тухай болон худалдан авах бүтээгдэхүүн үйлчилгээний шаардлагуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх уулзалтуудыг зохион байгуулж байна.

Зөвхөн нээлттэй тендерүүд дээр л мэдээлэл өгдөг гэсэн үг үү?
З.Эрдэнэ-Амгалан: Мэдээллийг аль болох өргөн хүрээгээр өгдөг бөгөөд нээлттэй тендерүүдийн танилцуулга өгөх мэдээллийн уулзалтаас гадна манай худалдан авалтыг сонирхож байгаа бизнесүүдэд сард 2 удаа тогтмол худалдан авах үйл ажиллагааны танилцуулга, ханган нийлүүлэгчээр бүртгүүлэх боломжийн талаар мэдээллийн уулзалтууд зохион байгуулдаг. Өнгөрсөн хугацаанд 12 удаагийн уулзалт зохион байгуулж 492 бизнес эрхлэгчид хамрагдаад байна.

Тендерийн шалгаруулалт ямар байдлаар явагддаг вэ. Шударга байж чаддаг уу. Ямар дарааллаар явагддаг вэ?
Б.Сэржмаа: Оюу Толгой компани нь нээлттэй, ил тод, шударга өрсөлдөөнт, үр ашигтай дэлхийн түвшний худалдан авах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг, үндэсний ханган нийлүүлэгчдийнхээ өсөлт, өрсөлдөх чадварийг нэмэгдүүлэхэд нь дорвитой хувь нэмрээ оруулсан итгэлтэй бизнесийн түнш байхыг зорьж ажилладаг. Тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг захиалж байгаа хэлтэс болон хангамжийн хэлтсийн ажилтнуудаас бүрдсэн тендерийн баг байгуулагдаж тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний шаардлагуудыг болон үнэлгээний шалгууруудыг тодорхойлж гаргадаг. Үүний дараа бизнесүүдэд тендерийн зар хүргэдэг. Тендер бүрт гурваас доошгүй Үндэсний компанийг урьж оролцуулах шаардлагыг мөрдөж ажилладаг бөгөөд хангамжийн ажилтнууд Ханган нийлүүлэгчдийн нэгдсэн мэдээллийн сан руу ханддаг. Түүний дараа тендерт оролцогчдоос материалыг хүлээн авч тендерийн баг урьдчилсан тодорхойлсон шалгууруудын дагуу үнэлгээ хийж гэрээ хийх саналыг гаргана. Гэрээний үнийн дүнгээс хамааран тендерийн багийн бэлтгэсэн гэрээ хийх саналыг Захиалагч хэлтсийн менежер, Хангамжийн хэлстийн менежер, Ерөнхий менежер, Худалдан авах үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөл тус тус хянаж зөвшөөрөл олгосны дагуу тендерийн ялагчийг тодруулдаг.

Томоохон төсөлд ханган нийлүүлэлт хийнэ гэдэг хариуцлагатай ажил. Ханган нийлүүлэгчдэд туршлага хэрэгтэй. Тэднийг хөгжүүлэх, сургах талаар ажил хийгдэж байгаа юу?
З.Эрдэнэ-Амгалан: Мэдээж манай компанид ханган нийлүүлэлт хийдэг компаниудын хөгжил харилцан адилгүй байгаа. Тиймээс тухайн компани юун дээр дутагдалтай байгаа, ямар зүйлээ сайжруулах хэрэгтэй гэдгийг тогтоох ажил хийж байна. 2012 онд эрсдэлтэй, чухал ажил үйлчилгээг үзүүлдэг 318 ханган нийлүүлэгчдэд гэрээ хэрэгжүүлэх чадварын үнэлгээг хийлээ. Үүний хүрээнд Оюу Толгой компаний шаардлагууд болох хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд байгаль орчин, чанарын удирдлага, хүний нөөцийн удирдлага, бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлагатай байдал зэрэг 7 хүрээгээр гэрээ хэрэгжүүлэх чадварыг тус тус үнэллээ. Үүний үр дүнд ханган нийлүүлэгчдийн сайжруулах шаардлагатай сул талуудыг олж илрүүлсэн. Энэхүү үнэлгээний дараагаар илрүүлсэн сайжруулах талуудыг засах хөгжүүлэх тал дээр үнэлгээнд хамрагдсан ханган нийлүүлэгчдэд тусгайлсан зөвлөгөө, сургалтын үйл ажиллагааг явуулж эхлээд байна. Үнэлгээнд хамрагдаагүй, эрсдэл багатай байж болох бусад ханган нийлүүлэгчдэд зориулж 2012 онд 70 сургалт, мэдээлэл өгөх уулзалт, арга хэмжээ зохион байгуулсан. Давхардсан тоогоор 1,434 ханган нийлүүлэгч, иргэд оролцсон байна.

Энэ онд буюу 2013 онд Оюу Толгой компани хичнээн төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаж авах вэ. Ямар төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаж авах талаар гаргасан төлөвлөгөө байдаг уу?
С.Сайнсүрэн: Оюу Толгой компани Үндэсний ханган нийлүүлэгчдээс 2013 онд нийт худалдан авалтын 50 хувийг авна гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Энэхүү 50 хувь ямар үнийн дүнтэй, ямар ямар бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлөөр вэ гэдгийг өөрийн вэб хуудсан дээрээ байршуулсан бөгөөд тухай бүр ямар гүйцэтгэлтэй байгаагаа мөн мэдээлж байгаа. Бас зарлагдаж байгаа бүх нээлттэй тендерүүд зарлагдсан өдөр, хүлээж авах эцсийн өдөр, тендертэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ямар хаягаар хандаж авах талаар байрлуулсан байдаг. Ерөнхийдөө худалдан авалтын талаар цахим хуудасны худалдан авалт цэсээс бүх мэдээллийг авах боломжтой. Уншигчдад энэ цахим хуудас руу байнга хандаж байгаач, мэдээлэл хангалттай байгаа гэдгийг хэлмээр байна.

Тэгэхээр гадаад руу үлдсэн 50 хувь нь явна гэсэн үг үү?
Б.Сэржмаа: Яг тэгэж ойлгож болохгүй. Дээрх хэлсэнчлэн Үндэсний ханган нийлүүлэгч гэж тухайн компанийн 50 хувийг монгол хүн эзэмшдэг Монголд бүртгэлтэй хуулийн этгээдийг хэлнэ. Үүнээс гадна 3 өөр ангилал байгаа. Нэгдүгээрт нь 'Гадаадын ханган нийлүүлэгч 1' гэдэг ангилалд дээрх шаардлагыг хангахгүй буюу 50 болон түүнээс доош хувийг Монгол иргэн эзэмшдэг Монголд бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд байх бөгөөд дээр нь компанийн төв алба нь Монголд үйл ажиллагаа явуулдаг, нийт ажилтны 75-аас дээш хувьд Монголын үндэсний ажилтнууд байх, Монгол улсын нутаг дэвсгэрт нэмүү өртөг бий болгосон байх шаардлагуудыг тус тус хангасан байх ёстой. Тэгэхээр 'Гадаадын ханган нийлүүлэгч 1' гэсэн ангиллын ханган нийлүүлэгчдэд 37 %-ийг зарцуулахаар төлөвлөсөн. Хоёрдугаарт 'Гадаадын ханган нийлүүлэгч 2' гэсэн ангилал байх бөгөөд Монгол улсад бүртгэлтэй, Монгол улсад татвар төлдөг ханган нийлүүлэгчийг оруулна. Харин гуравдугаарх буюу 'Гадаадын ханган нийлүүлэгч 3' гэсэн ангилалд дээрх ангиллуудын шаардлагыг хангахгүй ханган нийлүүлэгч буюу гадаадаас шууд ханган нийлүүлэлт хийж байгаа ханган нийлүүлэгчийг ойлгоно. Тэгэхээр Үндэсний, Гадаадын Ханган нийлүүлэгч 1 болон Гадаадын ханган нийлүүлэгч 2 гэсэн ангилалуудын ханган нийлүүлэгчид нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлдөг үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай Монголын хуулийн этгээдүүдийг хэлэх бөгөөд эдгээрээс нийлээд 2013 онд 87 хувийн худалдан авалт хийхээр төлөвлөсөн байгаа. Үүнийг дэлгэрүүлбэл Үндэсний компаниудад 50 хувийг, гадаадын хөрөнгө оруулалттай Монголд бүртгэлтэй компаниудад 37 хувийг зарцуулна гэсэн үг. Мөн дээр хэлсэнчлэн манай вэб хуудас дээр эдгээр төлөвлөгөө, зорилт, гүйцэтгэл тус тус нээлттэй байгаа.

Үндэсний ханган нийлүүлэгч гэдэгт Өмнөговийн ханган нийлүүлэгч орох уу? Орон нутгийн ханган нийлүүлэгчдийг дэмжих ямар үйл ажиллагаа явагдаж байна вэ?
С.Сайнсүрэн: Өмнөговийн ханган нийлүүлэгч нь доорх шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчийг хэлдэг. Үүнд Өмнөговь аймагт бүртгэлтэй байх, тус аймагт бараа үйлдвэрлэдэг эсвэл нийлүүлдэг, эсвэл үйлчилгээ үзүүлдэг, нийт үндсэн ажилтнуудын 75-аас дээш хувь нь Өмнөговь аймагт амьдарч ажилладаг Монгол улсын иргэд байх, Оюу Толгой ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж буй тухайн байгууллагын төв эсвэл салбар нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн байх шаардлагууд тус тус хамаарна. 2012 онд Өмнөговийн ханган нийлүүлэгчдээс 7,5 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн. 2013 онд 36.4 тэрбум төгрөгийн худалдан авалт хийхээр зорилт тавьсан байгаа. Бид ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, чадавхжуулах зорилго бүхий Бизнес Хөгжлийн Төвийг Өмнөговийн Даланзадгад суманд 2011 онд байгуулсан. Түүнээс хойш олон төрлийн бизнесийг хөгжүүлэх үйл ажиллагааг энэ төвөөрөө дамжуулан хэрэгжүүлж байна. Энэ үйл ажиллагааг Өмнөговийн ханган нийлүүлэлтийг дэмжих багийнхан маань хийдэг. Мөн Ханбогд суман дахь ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, чадавхжуулах ажлуудыг ч бас хийж байна. Энэ ажлын хүрээнд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэнд, бизнес менежмент, чанарын удирдлага, технологийн зэрэг олон төрлийн сургалт зохион байгуулдаг. Давхардсан тоогоор Өмнөговийн 1,058 ханган нийлүүлэгчид хамрагдсан байна.

Өмнөговийн ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэхэд сургалт, зөвлөгөө хангалттай байж чадах уу?
З.Эрдэнэ-Амгалан: Өмнөговийн ханган нийлүүлэгчдэд зориулсан жижиг зээлийн хөтөлбөрийг Хаан, Хас банктай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Ханган нийлүүлэгчид бизнесээ өргөжүүлэх зорилгоор эргэлтийн болон үндсэн хөрөнгийн зориулалтаар сарын 1 хувийн хүүтэй 30 сая хүртэлх төгрөгийн зээлийг авах боломжтой. Өнгөрсөн хугацаанд 70 бизнес эрхлэгч 823,625,019 төгрөгийн зээл авсан байна.

Та бүхэнд үндэсний ханган нийлүүлэгчдийг бий болгох тал дээр өөр хуваалцах зүйл байна уу?
Б.Сэржмаа: Уул уурхайн салбар хөгжиж эхэлж байгаатай холбоотойгоор зарим шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг бизнесийн үйл ажиллагаа Монголд, тэр дундаа Өмнөговь аймагт байхгүй байгаа. Тиймээс бид урт хугацаанд байнга хэрэглэх, нэн тэргүүнд хэрэгтэй бүтээгдэхүүний хэрэгцээг тодорхойлж бизнес эрхлэгчдэд танилцуулах, боломжит бизнес эрхлэгчдийг эдгээр бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх бизнесийг шинээр эхлүүлэхэд, тэр дундаа Өмнөговь аймагт эрхлүүлэх тал дээр дэмжих Зорилтот Бизнесийг Хөгжүүлэх Хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Эхний ээлжинд 6 бизнесийн боломжийг олон нийтэд танилцуулсан. Үүнд метал бэлдэц нийлүүлэх, радиатор сэргээн засварлах, шохой болон шохойн чулуу нийлүүлэх, тээврийн хэрэгслийн дугуй засварлах, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх болон түрээслэх бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ багтаж байгаа. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын бизнес дээр дурдсан бараа бүтээгдхүүний заримыг нь шинээр нийлүүлж эхлээд байна.

Мэдээлэл өгсөн та бүхэнд баярлалаа.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.