Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Б.Майнбаяр "Оюу Толгой компани археологи, палеонтологийн дурсгал хамгаалах үүргээ маш сайн биелүүлдэг"

- Дэлхий нийтээрээ палеонтологийн шинжлэх ухааныг үлэг гүрвэлтэй холбож, таньж мэдэж байна -

Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Майнбаяртай ярилцлаа.

Сүүлийн үед үлэг гүрвэлийн музей байгуулна, үүн шиг чухал зүйл бараг алга шахуу дуулдах болов. Мэргэжлийн хүнтэй уулзсан болохоор палеонтологи, үүн дотроо үлэг гүрвэлийн судалгааны ажлын талаар манай уншигчдад ярьж өгнө үү ?
Палеонтологийн шинжлэх ухаан, түүн дотроо сээр нуруутан амьтад буюу бидний сайн мэдэх үлэг гүрвэлийн судалгаа нэлээд их хугацаа шаарддаг. Судалгааны хэд хэдэн шатлалын дараа үр дүн нь гардаг онцлогтой. Учир нь, хээрийн судалгааны ажил, малтлага хийж, илрүүлээд дараа нь тээвэрлэх, техник боловсруулалтын ажил хийх гээд олон дамжлагатай. Техник боловсруулалт гэхэд л тухайн олдворын бүрэн бүтэн байдал, хадгалагдсан нөхцөл, агуулагч хурдас, хуримтлалаас шалтгаалаад тодорхой хугацаа шаардана. Хамгийн багадаа 15 хоног, цаашлаад 2-3 жил боловсруулна. Дараа нь судалгаанд шилжүүлнэ. Судалгааны ажил хийх үед бас л их хугацаа, хичээл зүтгэл шаардлагатай. Тухайн материалыг эхэлж олдсон бичиглэл хийгдэж, нэгэнд тодорхой болсон, ижил төрлийн бүх материалтай харьцуулна. Үлэг гүрвэлийн нэг яс оллоо гэхэд холбоотой бүх баримт, мэдээллийг харьцуулж үзсэний дараа л үр дүн гардаг. Манай төвийн хувьд үлэг гүрвэлийн судалгаа тэргүүн эгнээнд тавигддаг. Дэлхий нийтээрээ палеонтологийн шинжлэх ухааныг үлэг гүрвэлтэй холбож, таньж мэдэж байна.

Манай улсын аль аймагт үлэг гүрвэлийн олдвор их байдаг вэ?
Үлэг гүрвэлийн олдвортой гол газрууд гэвэл Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь аймаг, бас Увс аймгийн зарим хэсэг. Дэлхийд хожуу Цэрдийн галав буюу 150-иад сая жилээс нааших үлэг гүрвэлийн хувьсал хөгжил зэргийг харуулах газар бол манай орон. Энэ талын судалгаа, шинжилгээ олдворын төрөл зүйлээрээ дэлхийд Монгол дээгүүрт ордог юм.

Хүмүүс, албан байгууллага түүхийн энэ дурсгалыг хайрлан, хамгаалах талаар хэр мэдлэгтэй болж байна вэ. Хандлага нь өөрчлөгдөж байна уу?.
Хүмүүс палеонтологийн дурсгал, үлэг гүрвэлийн олдворын талаар тодорхой мэдлэгтэй болсон. Манай улсад сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимтэй хөгжиж байна. Түүх, соёлын дурсгалт газруудад ч олборлолт, хайгуулын ажил хийж байгаа. Уул уурхайн компаниуд хуулийн дагуу археологи, палеонтологийн дурсгалыг хамгаалах талаар үүрэг, хариуцлага хүлээнэ. Тухайлбал, хайгуулын ч, ашиглалтын лицензтэй ч байсан ялгаагүй компани бүр талбайдаа ажил эхлэхээс өмнө археологи, палеонтологийн хайгуул, судалгаа хийлгэж, урьдчилсан дүгнэлт гаргуулах ёстой. Уул уурхайн компаниудаас Оюу Толгой археологи, палеонтологийн дурсгал хамгаалах, авч үлдэх үүргээ хуулийн дагуу маш сайн биелүүлж байгаа.

Та Оюу Толгой үүргээ сайн биелүүлж байгаа гэлээ. Энэ талаар тодруулна уу?
Оюу Толгой компани Гүний хоолойгоос 80 км урт ус дамжуулах хоолой тавьж, газар шорооны ажил хийсэн. Энэ ажлын хамгийн үзүүрийн худгийн станц байгуулах хэсэг үлэг гүрвэлийн олдворт газрын бүсэд орсон юм. Тиймээс мэргэжлийн палеонтологичгүйгээр тухайн хэсэгт газар шорооны ажил хийгүй байх шийдэлд хүрсэн юм. Учир нь, энэ хэсэгт байгалийн цөөнгүй илэрц бүхий тогтоц байсан л даа. Ингээд тухайн хэсэгт палеонтологич ажиллахдаа бүх талбайд эрэл хайгуул хийж урьдчилсан судалгаа явуулсны дараа зарим шугамын зургийг өөрчилж, тойруулж гаргах, шилжүүлэх, бүр онцгой талбайг дайрч гарсныг нь зогсоох (CTP1 PB01) зэргээр ажлын зураг гаргаж батлуулсан юм. Учир нь зарим шугам илэрцийн хэсгийг дайрч байв. Соёлын өвийн хууль, мөн палеонтологийн малтлага хийх журмын дагуу энэ хэсэгт ажил хийсэн. Бид талбайд ажиллах зааварчилгаагаа бичгээр өгсөн учраас хүндрэл гараагүй. Үндсэндээ палеонтологч байхгүй үед газар хөнддөггүй байлаа. Гүний хоолойд газар шорооны ажил хийхэд палеонтологчид 20-60 см өнгөн хэсгийг авахуулж шалгаад цааш нь тодорхой шатлалаар ухуулж, хянаж байсан. Үндсэндээ хяналтаа хийгээд, хажуугаар нь малтлагаа хийж байлаа. Ийм байдлаар явахад Оюу Толгой компанийн төлөвлөсөн ажил мэдээж удааширна, хугацаа нь сунана. Гэхдээ тэднийх хүн төрөлхтний түүхэнд чухал өв болох олдворыг хамгаалах үүргээ сайн биелүүлсэн. Бид сайтар хамтарч ажилласан учраас үр дүнд хүрсэн гэж бодож байна. Тэнд нэг палеонтологч гүйцэтгэгч компанийн зургаан хүнтэй ажиллана. Бусад уул уурхайн компаниуд ч ийм жишигт хүрэх байх. Залуу хүний хувьд ч, энэ чиглэлийн мэргэжилтний хувьд ч итгэлтэй л байна.

Гүний хоолойгоос ямар олдворууд илэрсэн бэ?
Манай төвийн долоон ажилтан 2011 оны 11 дүгээр сараас 2012 оны 5 дугаар сар хүртэл өвөл, хаврын зургаан сар тэнд ээлжээр ажилласан. Энэ хугацаанд бидний ажиллах нөхцөл боломжийг Оюу Толгой компани хангаж өгч байлаа. Тэндээс бүрэн гүйцэд олдвор олоогүй. Гэхдээ гурван газар томоохон малтлага хийж, матар, яст мэлхий, үлэг гүрвэлийн том жижиг, хуруу, хумс, шүд зэрэг 80 гаруй гипсэн ороолт бүхий олдвор цуглуулаад байна. Эдгээр олдворыг Оюу Толгойн газар шорооны ажил хийсэн талбайгаас холдуулж, хөрстэй нь гипсэн ороолт хийж авах, авран хамгаалах малтлагын эхний шатны ажил хийсэн боловч дараагийн шатны эх хурдсаас нь салгах боловсруулалтын ажлыг хараахан хийгээгүй байгаа. Палеонтологийн олдворыг эх хурдас чулуулгаас нь салгах лабораторийн боловсруулалтын ажил хийсний дараа авран хамгаалах ажил дуусах ёстой. Тус талбайд голын гарал үүсэл бүхий тунамал хурдас зонхилон илэрч, эртний голын тохой, эргэлт зэрэг хэсэгтээ ясны бөөгнөрлийг бий болгосон байсан.

Үлэг гүрвэлийн мөртэй газрыг хашаажуулсан гэсэн. Энэ нь ямар ач холбогдолтой вэ. Үүнийг танай төвөөс хийж байгаа юу?
Тиймээ, манай төвөөс Шар цавын олдворт газрыг хамгаалах санааг төсөл болгон боловсруулж, Оюу Толгой компанийн Соёлын өвийн хөтөлбөрөөс хамтран хийж байна. Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо сум Оюу Толгой компанийн шууд нөлөөллийн бүсэд багтдаг. Энэ гурван сумын нутагт палеонтологийн нэлээд хэдэн дурсгалт газар бий. Эдгээр нь хожуу Цэрдийн галавын эхэн үеийн 96 сая жилээс нааших амьтан, ургамлын хувьсал хөгжлийн үндсэн баталгаа болдог үлэг гүрвэлийн зарим бүлгийн эх нутаг болох нь тогтоогдсон газрууд л даа. Түүний нэг нь Шар цав дахь хатуурсан элсэн чулуунд хадгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн мөр бүхий газар. Энэхүү газрыг 1995 онд Монгол-Японы палеонтологийн хамтарсан экспедиц анх нээж, 1996, 2001 онд нарийвчилсан судалгаа хийсэн байдаг. Шар цавд машинтай хүмүүс явж, зэрим хэсгээс тайраад авсан тохиолдол ч бий. Тиймээс палеонтологийн нөөц газар болгон аялал жуулчлалын эргэлтэд оруулах зорилгоор хүн, байгалийн нөлөөллөөс хамгаалж, хашаажуулах төсөл хэрэгжүүлж, өнгөрсөн 3 дугаар сарын 20-нд дуусгалаа.

Энэ мөр судалгааны талаасаа ямар ач холбогдолтой вэ?
Судалгааны талаасаа тухайн амьтны жин, биеийн хэмжээ зэргийг тогтооход чухал. Мөр нь хадгалагдан үлдсэн тохиолдол дэлхийд олон байгаа л даа. Гэхдээ нэг дор ийм олон бөөгнөрсөн мөр ховор. Өнөөдрийн байдлаар үлэг гүрвэлийн мөр жим нь хэлбэр хэмжээний хувьд олон янз болох нь тогтоогдсон бөгөөд багаар тооцоход 4-5 янзын үлэг гүрвэлийнх гэдэг нь батлагдсан.

Оюу Толгойн барилгын ажлын үед илэрсэн олдворууд хаана хадгалагдаж байгаа вэ. Хүмүүст энэ талын мэдээлэл дутмаг юм шиг санагддаг?
Мэдээж, Соёлын өвийн хуулийн дагуу Монгол улсын нутаг дэвсгэрээс олсон бүхий л өв улсын өмч байдаг. Бидний Оюу Толгойгоос авчирсан олдворуудыг Палеонтологийн төвд хадгалдаг. Монгол улсын эртний амьтан, ургамлын чулуужсан олдворын сан хөмрөг ШУА-ийн Палеонтологийн төвд төвлөрдөг. Гэхдээ энэ олдворууд бол Палеонтологийн төвийн ч, Оюу Толгой компанийн ч өмч биш, улсынх. Палеонтологийн төвийн ажилтнууд Оюу Толгойн барилгын үед хээрийн нөхцөлд илрүүлсэн материалдаа олон улсын стандартын дагуу бүртгэл, техник боловсруулалт болон бусад бүх хэлбэрийг сонгон хийдэг. Үүнд эвдэж сүйтгэхгүй тээвэрлэж авчрах, авчраад задлан, техникийн боловсруулалт хийж, баримтжуулж, гэрэл зураг авах зэрэг ажил багтана. Ажил үргэлжилсэн өдөр бүр дагалдах зураг авч, баримт бичиг хөтөлнө. Дараа нь судалгаанд шилжүүлнэ. Хэрвээ тухайн үед биш дараа нь судалгаа хийгдэнэ гэвэл эртний амьтад, ургамлын сан хөмрөгт шилжүүлнэ. Уул уурхайн компаниуд соёлын өвийг хамгаалах үүргээ ухамсарлаж, хамтран ажиллах хүсэлт гаргавал бид дэмжихэд бэлэн.

Ч.Батпүрэв

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.