Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Эзний сэтгэлээр усаа хайрлана

- Усаа хамгаалах, судалгааны ажлаа нээлттэй, ил тод явуулж, хянах, шинжлэх ажлаа орон нутгийн иргэд, малчидтай хамтран гүйцэтгэж байна -

Үйлдвэрлэл явуулах гол хүч нь ус. Тиймээс уул уурхайн компаниуд энэхүү гол хүчээ нээж илрүүлэхийн тулд чамгүй их хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулдаг. Мэдээж, нээсний дараа түүнийгээ яаж ариг гамтай хэрэглэх, ямар техник, технологи ашиглах, хэрхэн хянах вэ зэрэг олон асуулт гарна. Тэр бүгдийг хамгийн оновчтой байдлаар шийдэх ёстой. Өмнийн говьд зэс баяжуулж, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлэхэд бэлэн болчихоод байгаа Оюу Толгой компани усны асуудлаа хэрхэн оновчтой шийдэж байгаа талаар өгүүлье.

Усны нөөц, уурхайн ашиглалт
Оюу Толгой уурхайд ашиглах усны нөөцийн хайгуулыг 2003-2007 онд хийжээ. Уг судалгааны үр дүнд уурхайгаас 40-70 км зайд байрлах Гүний хоолойн усны нөөцийг илрүүлсэн байна. Газрын гадаргаас 150-400 метрийн гүнд байрлах энэхүү дарагдмал ус чанарын хувьд ихээхэн эрдэсжилттэй, хайрга, элс, хөрзөн чулуулгын завсарт байрладаг онцлогтой. Хүмүүс үүнийг булгийн цэвэр ус мэтээр эндүүрдэг. Бас ундны усны шаардлага хангахгүй, ахуйн хэрэглээнд тохиромжгүйг тогтоожээ. Энэ усыг цэвэршүүлэхгүйгээр зөвхөн үйлдвэрт ашиглах боломжтой.

Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Гүний хоолойн газрын доорхи усны ордыг гидродинамикийн болон балансын аргаар үйлдвэрлэлийн зэрэглэлээр үнэлсэн нөөцийг хүлээж авах тухай дүгнэлт гаргажээ. Гүний хоолойг 6 тэрбум найман зуун сая шоо метр (6,800,000,000) усны нөөцтэй хэмээн тогтоосон байдаг. Оюу Толгой уурхай ажиллах хугацаандаа энэ нөөцийн ердөө 20 хувийг л ашиглах юм. Монгол Улсын Усны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 16.1.8, 23, 27 дугаар зүйл, Усны Газрын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны 4/431 тоот Оюу Толгой компани жил бүр ус ашиглах гэрээг орон нутгийн холбогдох байгууллагатай байгуулан ажиллаж иржээ. Түүнчлэн энэхүү гэрээг үндэслэн ус ашигласны төлбөрөө төлж байна. Ханбогд сумын байгаль хамгаалагч, мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар тухайн сарын сүүлчийн долоо хоногт усны худагт байрлуулсан тоолуурын заалтын зөрүүг үндэслэн баталгаажуулж, усны төлбөрийг нэхэмжилдэг. 2012 оны 11 дүгээр сарын байдлаар Оюу Толгой төслийн хэмжээнд ус ашигласны төлбөр болох 76 965 575.5 төгрөгийг Ханбогд сумын төсөвт төлөөд байна.

Шилдэг технологи, арвилан хэмнэлт
Говьд ус бол чандмань эрдэнэ. Тиймээс дээд зэргээр арвилан хэмнэх нь зүйн хэрэг. Оюу Толгой компани усны нөөцийг орон нутгийн иргэд, ирээдүй хойчдоо үлдээхийн тулд хамгийн ариг гамтай ашиглах үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлэхийн тулд хамгийн бага ус хэрэглэдэг шилдэг технологи ашиглаж, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулаад байна. Хөгжил өдрөөр биш цаг, минутаар хэмжигдэж байхад шилдэг техник, технологи ашиглах нь тийм ч хэцүү биш л дээ. Оюу Толгой уурхай үйлдвэрлэлийн явцад хамгийн үр ашигтай хаягдал өтгөрүүлэгч ашиглахаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ үйлдвэрээс гарч байгаа хаягдал усыг бүрэн эргүүлэн татаж баяжуулах үйлдвэрт ашиглана. Хөргөлтийн усыг 100, уурхайн гүний болон ахуйн бохир усыг цэвэрлэж 100, автомашин угаалгын усыг цэвэрлэж 100 хувь дахин ашиглана. Үндсэндээ усыг ууршиж дуустал нь үр дүнтэй ашиглана гэсэн үг. Оюу Толгой компани дэлхийн хамгийн өндөр хэмжээний арвилан хэмнэлтийн загвар ашиглаж байгааг эндээс харж болно. Бас байгаль хамгаалах зорилгоор бохир усаа хаяхгүй байх бодлого ч баримталдаг.

Хамтын оролцоо, Гүний хоолой
Газрын гүний усыг хэрэглэхээр худагт нөлөөлөх үү, түвшин нь буурах болов уу гэсэн эргэлзээ малчдад төрдөг. Говийн гар худгууд 5-15 метрийн гүнтэй. Гүний хоолойн ордын ус маш гүн буюу 70-400 метрийн гүнд байгаа. Энэ хоёрын хооронд 250 метр хүртэл зузаан шаврын үе бий. Тиймээс их гүний усыг ашиглахад хөрсний ус ямар нэг байдлаар багасахгүй. Малчдын гар худгууд уул толгодоос усаа цуглуулдаг хуурай сайр, голын голдирол дагасан, хур тундаснаас хамааралтай. Тиймээс худгийн усны түвшин хур тундас болон орчмын айлуудын малын тоо толгойноос хамаарч хэлбэлздэг. Хавар 3, 4 дүгээр сард худгийн ус нэлээд багасч, 6, 7 дугаар сард бороо орохоор нэмэгддэг нь энэ бүхний баталгаа юм. Оюу Толгой компанийнхан малчидтай хамтраад 2011 оны 6 дугаар сараас худгийн усанд хамтарсан хяналт хийж байна. Малчид өөрсдөө худгийн усныхаа түвшинг хэмжээд, чанарт нь хяналт хийж, тэмдэглэл хөтөлнө. Үүнийгээ Оюу Толгойн ажилчдынхтай тулгаж үздэг. Одоогоор ямар нэг зөрүү гарахгүй байгаа аж. Оюу Толгой компани 2003 оноос эхлэн Ханбогд сумын малчдын гар худгуудад усны түвшин болон чанарын шинжилгээ тогтмол хийж иржээ. Хяналт шинжилгээний үр дүнгээс үзэхэд төслийн үйл ажиллагаанаас хамааран малчдын гар худагт ямар нэг сөрөг нөлөө үүсээгүй болохыг олон жилийн мэдээ баримт харуулж байгаа юм.

Говийн бэлчээр, худаг засвар
Говийн малчид голдуу гар худаг хэрэглэдэг. Хангай шиг задгай усгүй болохоор худгаа дагаж, бэлчээрээ ашиглана. Үндсэндээ бэлчээр, худаг хоёр хоорондоо шууд хамааралтай. Сүүлийн жилүүдэд нэгдсэн зохион байгуулалт, хүн хүч дутмаг болсноос худгаа засах, эргүүлж хаших ажил харьцангуй цөөрсөн байна. Засвар үйлчилгээнээс хамааран худгийн усны түвшин буурах, худгийн ундарга ч багасах болж. Тиймээс Оюу Толгой компани “Ханбогд сумын бэлчээрийн менежментийг сайжруулах” төслийг 2010 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2011-2012 онд Ханбогд сумын малчдын 38 гар худаг, хоёр хөвийг 39 сая төгрөгөөр сэргээн засчээ. Орон нутгийн малчид, иргэд энэ ажлыг талархан дэмжиж, үргэлжлүүлэх хүсэлт гаргасан учраас 2013 онд дахин хийхээр төлөвлөж байна. Ханбогд сумын Гавилууд багийн малчин О.Энхбаяр “Манай худгийн ус нэлээд багасч байсан. Оюу Толгой компанийн “Ханбогд сумын бэлчээрийн менежментийг сайжруулах” төслийн хүрээнд 2011 онд засаж, сайжруулаад нэг жил гаруй болж байна. Ундарга нь сайжирч, шавхрахгүй боллоо. Бид өөрсдөө байнга хэмждэг. Усны түвшинд ямар нэг өөрчлөлт гарсангүй. Оюу Толгой компани малчдын усны асуудлыг шийдэж, тусалж байгаа нь сайшаалтай” хэмээн ярьж байна. Энэ жилийн хувьд малчид, малчны бүлэг, хоршоодоос худгаа засуулах хүсэлтийг нь авч, иргэдийн хурлаар хэлэлцүүлэн худгийн байдал, хэдэн онд эвдэрч дарагдсан болон бэлчээрийн нөхцөл, хэдэн айлын мал услах боломжтай зэргийг харьцуулан хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэх аж. Үүний дараа худаг засах ажлаа 5 дугаар сараас эхлэхээр төлөвлөөд байна. Зассан худгуудын ундаргыг тодорхойлж паспортжуулах аж.

Хяналт шижилгээ, хөрөнгө оруулалт
Оюу Толгой компани 2004 оноос усны хяналт, шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт Оюу Толгой, Гүний хоолой, Галбын говь, Гашуун сухайтын дэд бүтцийн зурвас болон Ундай голын сайр гэсэн дөрвөн үндсэн талбайн газар доорхи болон гадаргын уст цэгийг хамруулдаг. Газрын доорхи усны хяналт шинжилгээ нь усны нөөц, чанар, байгалийн нөхцөлийг судлах, байгалийн горимд үйл ажиллагаанаас үзүүлэх нөлөөллийн цар хүрээг тогтоох, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах зорилготой юм. Энэ хөтөлбөрөөр цооног, худгуудын усны түвшинг цахилгаан багажаар хэмждэг. Зарим цооногт түвшин, температур, агаарын даралт хэмжигч автомат багаж суурилуулжээ. Цооногт суурилуулсан багаж нь сонгосон минутын интервалаар усны түвшин, агаарын даралт, температурыг сар, жилийн турш хэмжин өгөгдлийг санах ойдоо хадгалдаг боловсронгуй эд. Энэ мэтээр цуглуулсан олон жилийн мэдээллийг нэгтгэж сан бүрдүүлснээр газар доорхи усны тэжээгдэл, байгалийн горим болон уст давхаргуудын харилцан холбоо зэрэг асуудлыг нарийвчлан судлах суурь болох юм. Өнгөрсөн оны байдлаар дээрх судалгаанд 86 цооног, 65 гар худаг, хоёр булаг хамрагджээ. Ашиглалтын худаг, цооногуудад усны түвшин хэмжигч автомат багаж суулгасан бөгөөд өдөр бүр ажиллахаар тохируулжээ.

Оюу Толгой компани хяналт, шинжилгээнээс гадна орон нутагт усны нөөц илрүүлэх, хангамжийг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Ингэснээр 2010 онд Ханбогд сумын нутаг дэвсгэрт усны хайгуул хийж, 2011 онд 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, цэвэр усны нөөцийг нь урьдчилсан байдлаар тогтоожээ. Цаашид усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр нэмэлт хайгуул, судалгаа хийхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт усны хайгуул судалгааны ажлыг 185 сая төгрөгөөр хийж, цэвэр усны томоохон нөөц илрүүлсэн байна. Өнгөрсөн онд Баян-Овоо суманд усны нөөц илрүүлэх хайгуулын ажил эхлүүлжээ.

Мөн та эндээс “Оюу Толгой ордод 6709А тоот тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн биелэлт 2012” тайлангаас өгүүлэлд дурдсан болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.

Оюу Толгой компани ийнхүү бүхий л үйл ажиллагаагаа хууль, дүрэм журмын дагуу явуулж байна. Чандмань эрдэнэ болсон усаа хамгаалах, судалгааны ажлаа нээлттэй, ил тод явуулж, хянах, шинжлэх ажлаа орон нутгийн иргэд, малчидтай хамтран гүйцэтгэж байна. Энэ бол эх нутгаа, ургамал, амьтан, усаа эзний сэтгэлээр хайрлан хамгаалж байгаа сэтгэлийн чин илэрхийлэл юм. Монголчууд бүгдээрээ нэг байгальтай, нэг эх оронтой хүмүүс.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.