Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Б.Даваасүрэн "Оюу Толгой орлого олоогүй байгаа ч нийгмийн чиглэлд томоохон хөрөнгө оруулалтууд хийж байна"

- Тус компани Монгол Улсын түүхэн дэх хамгийн том сургалт, боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна -

Оюу Толгой ХХК-ийн Нийгмийн хөрөнгө оруулалтын хэлтсийн менежер Б.Даваасүрэнтэй ярилцлаа.

Ард иргэд Оюу Толгой компаниас их зүйл хүлээдэг. Тухайлбал, нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалтуудыг ихээр шаарддаг. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
Оюу Толгой компани нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилгынхоо хүрээнд байгаль орчныг хамгаалах, боловсролыг дэмжих, эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр урт хугацааны туршид үр дүнгээ өгөх, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэлэг, оновчтой, өргөн цар хүрээтэй төсөл хөтөлбөр, санал санаачилгыг дэмжих, хамтарч ажиллах чиглэлийг баримтлан ажилладаг. Хэдийгээр Оюу Толгой компани өнөөдөр нэг ч төгрөгийн орлого олоогүй байгаа ч нийгэмд томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж байна. Үйл ажиллагаа, цар хүрээний хувьд нэлээд том учраас улсын хэмжээнд, өмнийн говьд, нийслэл хотод, буцалтгүй тусламж, хандив гээд тус тусад ярих нь илүү оновчтой байх.

Тэгвэл Монгол Улсын хэмжээнд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалтын талаар эхлээд ярих уу?
Монгол Улс өнөөдөр үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа. Энэ хөгжлийн бүтээн байгуулалтад оролцох мэдлэг чадвартай, мэргэжилтэй ажилтан бэлтгэх хэрэгцээ нэмэгдлээ. Тиймээс шинээр сургууль барих, байгааг нь шинэчлэн сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах, багш нарыг сургах нь чухал байна. Мэдээж энэ бүхэнд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Тиймээс Оюу Толгой компани мэргэжлийн боловсролд 126 сая ам.доллар буюу 168 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ бол Монгол Улсын түүхэн дэх энэ чиглэлийн хамгийн том хөрөнгө оруулалт юм. Тухайлбал, Даланзадгад, Налайх, Өмнөговь аймгийн Ханбогд суманд олон улсын жишигт нийцсэн уул уурхайн гурван сургууль шинээр барьж, Говьсүмбэр, Дархан-Уул, Даланзадгад, Эрдэнэтэд дөрвөн сургуулийг иж бүрэн тоноглож, засч сайжруулна. Өнгөрсөн жил 3,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн 250 оюутан суралцах боломжтой өргөтгөлийн барилга, 108 оюутны дотуур байрыг ашиглалтад оруулсан байгаа. Налайхад шинээр баригдаж байгаа сургуулийг ирэх намар ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ сургууль хичээлийн байр болон багш, сурагчдын дотуур байр, спортын талбай зэрэг цогц барилгатай, эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий кэмп байх юм.

Тоног төхөөрөмжийн хувьд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ?
Бүх аймаг, хотын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 27 төвд тоног төхөөрөмж нийлүүлсэн. Нийтдээ 3.2 тэрбум орчим төгрөг зарцууллаа. Үүний зэрэгцээ эдгээр сургуулийн багш нарыг сургах ажлыг ч давхар хийж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарыг сургах хөтөлбөр нь 2011 оны 11 дүгээр сараас эхэлсэн. Ирэх онд дуусна. Энэ хөтөлбөрийн сургалтад 1,200 багш хамрагдах юм. Засгийн газраас 6,600 мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Оюу Толгой компани дангаараа томоохон бүтээн байгуулалт болон уул уурхайн болон бусад мэргэжлээр 3,300 хүнийг гурван жилийн хугацаанд сургах төсөл хэрэгжүүлж, 30 гаруй сая ам.доллараар санхүүжүүлж байна.

Өмнөговьд оруулж байгаа хөрөнгө оруулалтын талаар тодруулж болох уу?
Дэд бүтцийн чиглэлээр гэхэд Оюу Толгойн уурхайгаас Ханбогд сумын төв хүртэлх 35 кВт-ын эрчим хүчний шугам татаж, цахилгааны найдвартай эх үүсвэртэй болгохоор ажиллаж байна. Энэ ажилд нийтдээ 5.9 тэрбум төгрөг зарцуулсан байгаа. Ханбогд сумын төвд 150 оюутныг сургах хүчин чадалтай Техникийн сургалтын төв байгуулж, өнгөрсөн онд ашиглалтад оруулсан. Даланзадгадад 7 тэрбум төгрөгөөр уул уурхайн жишиг сургууль барьж байгаа. Үүний зэрэгцээ Даланзадгадад 2,6 тэрбум, Баян-Овоо суманд 775 сая төгрөгийн Спорт цогцолбор барьж удахгүй ашиглалтад оруулах гэж байна. Томоохон хэмжээний хөрөнгө оруулалтууд гэвэл энэ. Үүний хажуугаар сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, засварын ажлаас эхлээд өөр олон хөрөнгө оруулалтууд бий. Мөн эрүүл мэндийн салбарт томоохон хөтөлбөр хэрэгжүүлж, хөрөнгө оруулж байна. Ханбогд сумын хүн эмнэлэгт иж бүрэн тоног төхөөрөмжтэй түргэн тусламжийн хоёр машин хандивласан. Үүний зэрэгцээ орон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих чиглэлээр ч хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ дашрамд бизнесийн нэг амжилтын талаар ярья. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Б.Дэлгэрцэцэг 2010 онд хоёр хүнтэй жижиг оёдлын цех байгуулж, Оюу Толгой компанийн бичил санхүүгийн үйлчилгээнд хамрагдсан. Үүнээс хойш Оюу Толгой компанийн ханган нийлүүлэгч болж, үйл ажиллагаагаа байнга өргөжүүлсэн байгаа. Өнөөдөр 20 ажилтантай, өөрийн гэсэн ажлын байр, тоног төхөөрөмжтэй аж ахуйн нэгж болчихоод байна. “Говь уран шаглаа” нэртэй компани болчихоод байгаа. Энд ажилладаг олон хүн ажилтай, орлоготой, ирээдүйдээ итгэлтэй амьдарч байна. Бас улсдаа татвар төлж байна. Энэ бол манай компанийн хөрөнгө оруулалт эхнээсээ үр дүнгээ өгч байгаагийн зөвхөн нэг жишээ нь.

Тэгвэл нийслэлд хөрөнгө оруулалт хийж байгаа юу?
Өнөөдөр Монгол Улсын иргэдийн тал хувь нь амьдардаг нийслэл хотын иргэдийн ундны цэвэр усны хэрэглээг дангаараа шахуу хангадаг Туул голын урсац татарч, ус нь бохирдож байгаа. Тиймээс Төв аймгийн Эрдэнэ суманд ирэх гурван жилийн хугацаанд 100,000 мод тарьж, эх ундаргыг нь сайжруулахаар ажиллаж байна. Хашаажуулах, тарих, арчилж, хамгаалах ажилд нийтдээ 600 мянган ам.доллар зарцуулах юм. Модыг бортогтой үрсэлгээгээр тарих учраас ургах магадлал нь 85 хувьтай. Үүний зэрэгцээ манай компани МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуультай хамтран “Агаарын тоосонцрын бохирдлын PM 2.5-ыг сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан шинэ багажаар хэмжиж, агаарын бохирдлын эх үүсвэрийг нарийвчлан тогтоож, шинжлэх ухааны үүднээс хандсанаар агаарын бохирдлыг бууруулах илүү ухаалаг, оновчтой алхмуудыг тодорхойлох” төсөл хэрэгжүүлж байна. Төслийг хэрэгжүүлэхэд твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн мэдээллийн суваг ашиглан хүмүүсийн оролцоо, идэвх санаачилгыг өрнүүлэх нь чухал байна. Бас оюутнууд орчин үеийн багаж хэрэгсэл дээр дадлагажих ажил хийгдэнэ гэдгийг нэмж хэлмээр байна.

Нийслэлд оруулж байгаа зарим хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Оюу Толгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх нар Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, тохижилтын ажилд дэвшилтэт технологи нэвтрүүлж, хөрөнгө оруулах чиглэлээр Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд Оюу Толгой компани Улаанбаатар хотыг хөгжүүлэх, нийслэл хотын хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс хотын захиргаатай зөвлөлдөж сонгосон гудамжны тохижилтыг сайжруулах 400,000 ам.доллар буюу хагас тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын төслийг энэ онд багтааж хэрэгжүүлнэ. Санамж бичигт заасны дагуу Оюу Толгой компани энэ төслийг байгальд ээлтэй, сүүлийн үеийн техникийн дэвшлийг ашиглан өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, нийслэлийн өмчид хүлээлгэж өгөх үүрэг хүлээж байна. Төслийн хэрэгжүүлэгчээр Монголын хотуудын холбоо ажиллах юм. Энэхүү холбоо 2003 онд улс, аймгийн зэрэглэлтэй хотуудын захирагч нарын санаачилгаар байгуулагдсан, төрийн бус байгууллага. Энэ мэтчилэн Туул голын эхийг хамгаалах болон бусад хөрөнгө оруулалт нийлээд нэг сая ам.доллар буюу тэрбум гаруй төгрөг болж байгаа.

Уул уурхайн компаниуд буцалтгүй тусламж, хандив өгөх арга хэмжээ нэлээд их явуулдаг. Оюу Толгой компанийн хувьд энэ чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
Мэдээж ийм ажлууд олон бий. Бүгдийг нь хэлнэ гэвэл цаг их орно. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд асран хүмүүжүүлэх ажлыг дэмжих үүднээс нэлээд олон ажил хийж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, паралимпийн алтан медальт Д.Баатаржавтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор 'Буянбат' ТББ-ын санаачилсан төслийг санхүүжүүлж байна. Мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 29 дүгээр тусгай дунд сургуулийн дотуур байранд “Сурагчийн хөгжлийн танхим” байгуулж өглөө. Вербист хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хуучин дээврийг сольж, бүх цонхыг нь давхарлах засварын ажилд хэрэгцээтэй мөнгөөр тусалсан. Үүнээс гадна боловсролыг дэмжих чиглэлээр МУИС-тай хамтран Нобелийн шагналт эрдэмтдийг урьж, оюутнуудад цуврал лекц унших ажлыг санхүүжүүлсэн байгаа. “Рио Тинто” компани дэвшилтэт технологи, шинэлэг санааг байнга эрэлхийлж, нэвтрүүлэхийг хичээдэг. Үүний дагуу 'TED x Улаанбаатар' үйл ажиллагааг санхүүжүүлсэн. Спортыг дэмжих үүднээс Уулын спортын олон улсын хэмжээний мастер Д.Эрдэнэтогтохын Америк тивийн ноён оргил Аконкагуад хийх авиралтын зардлыг ивээн тэтгэсэн. Тэрбээр дэлхийн таван ноён оргилын дөрөвт нь авирсан Монголын анхны уулчин эмэгтэй байгаа юм.

Танай компанид санхүүжилт хүссэн төсөл, санаачилга хүргүүлэх бол хаана хандах вэ?
Бидний хувьд энэ жил жижиг төслүүдийг илүү бодитой, үр дүнтэй болгоход анхаарлаа хандуулан ажиллаж эхлээд байна. Хэрвээ эдийн засгийг төрөлжүүлэх, боловсролын дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр бодитой үр дүнд хүрэх бага, дунд хэмжээний төслийн санал санаачилга байвал Оюу Толгой компанийн Олон нийттэй харилцах хэлтсийн Нийгмийн хөрөнгө оруулалтын хамт олонд хандаж болно. Санхүүжилт хүссэн өргөдлийн маягт болон бусад мэдээллийг цахим хуудаснаас авах боломжтой юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.