Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: М.Эрдэнэ "Монголоос анх удаа дартсын төрөлд Азийн хэмжээнд амжилт үзүүллээ"

Оюу Толгой ХХК-ийн ажилтан М.Эрдэнэтэй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хосын төрөлд алтан медаль аваад ирсний дараахан уулзаж, ярилцлаа.

Аварга болсонд баяр хүргэе.
Баярлалаа.

Оролцсон тэмцээнийхээ талаар танилцуулах уу?
Азийн аварга шалгаруулах дартсын ес дэх удаагийн тэмцээн Гонконг хотноо өнгөрсөн сарын 19-21-нд болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд 20 орны 248 тамирчин оролцсон. Манай улсаас би өөрөө багаа удирдаж, тавуулаа оролцсон байгаа. Миний түрүүлсэн хосын төрөлд 128 баг 32 хэсэг болж, хасагдах журмаар тоглосон. Аваргын төлөө Белги улсын багтай тоглож 2:0-оор хожсон. Манай улсын хувь энэ төрлөөс анх удаа томоохон шагнал авлаа.

Азийн аваргын тэмцээнд Белги улсын баг оролцож болох уу. Энэ спортын хувьд дүрэм нь өөр байх уу?
Азийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн учраас аль ч улсаас оролцох боломжтой. Тиймээс Азийн бүх улсаас гадна АНУ, Белги, Норвеги, Испани улсын тамирчид оролцсон байгаа.

Энэ спортоор хичээллээд хэдэн жил болж байна. Өмнө нь ямар уралдаан тэмцээнд оролцож байсан бэ?
Энэ тэмцээн бол гадаадын дөрөв дэх удаагийн тэмцээн. Санхүүгийн байдлаас шалтгаалаад голдуу Азид болсон тэмцээнүүдэд оролцдог. Манай улсад энэ спорт хөгжөөд 20 орчим жил боллоо. Эхний үед хүмүүс дартсыг спорт биш тоглоом гэж ойлгодог байсан. Харин сүүлийн жилүүдэд спорт гэж хүлээн зөвшөөрч эхэлсэн байгаа. Нийтийн биеийн тамирт хувь нэмэр оруулж байна гэж үзсэн. Тиймээс тамирчдад спортын цол зэрэг олгохоор болсон. Миний хувьд бүр багаасаа л энэ спортыг мэддэг байсан. Харин 1998 оноос хойш идэвхтэй хичээллэж байна. Бас Монголын дартс сонирхогчдын холбооны тэргүүнээр ажилладаг. Би Оюу Толгой компанийн ажилтан болоод гурван жил болж байна. Сүүлийн нэг жил 14 хоногийн амралтын хугацаандаа бэлтгэлээ хийж байсан. Уурхай дээр бол ажлынхаа чөлөө заваар оройн цагаар бэлтгэлээ хийнэ. Би дартсын талаар ажилтнуудад байнга танилцуулж байна. Хэдийгээр манай холбооны хувьд өөрийн гэсэн заал танхимгүй, санхүүгийн хувьд бэхжээгүй ч сүүлийн жилүүдэд хүмүүс нэлээд сонирхож эхэлсэн. Миний хувьд Оюу Толгойд ажиллаж байгаадаа их баяртай байдаг. Учир нь хүссэн тэмцээндээ оролцох санхүүгийн баталгаатай болсон. Ажлаа зохицуулж, бэлтгэлээ хийх боломжтой. Энэ бол надад олдож байгаа давуу талууд.

Дартсын спортын онцлог юу байдаг вэ?
Энэ спорт Англи улсад 1700-гаад онд үүссэн түүхтэй. Дартсын спортыг хамгийн шударга гэж үздэг. Хичээллэхэд тусгай заал танхим хэрэггүй. Ердөө 2.5 метр өргөн газар байхад тоглож болдог. Орон зайн хувьд боломжтой. Бас хичээллэх хүнд хөрөнгө мөнгө тийм ч их шаардлагатай биш. Үндсэндээ 250 мянган төгрөгөөр бүх хэрэгсэлээ авчихдаг. Нэг удаа авчихсан байхад нэлээд олон жил хэрэглэнэ. Хэрэглээний явцад эвдэрсэн бол бага зэрэг засвар үйлчилгээ хийх шаардлага гарна. Энэ спорт сэтгэн бодох чадвар сайжруулж, ой тогтоолтыг нэмэгдүүлнэ. Хүн зүгээр шидээд байхгүй. Эхлээд энд, дараа нь тэнд ононо гэх мэтээр үргэлж тооцоолдог. Биеийн баримжаа, нүдний хараа оролцож маш их төвлөрөл явагдана. Бас асар их хөдөлгөөн ордог. Өндөр оноо авах гэж шидсээр байгаад өөрийн мэдэлгүй 2-3 цаг болсон байдаг. Үндсэндээ 2.3 метрийн зайд 30 секундад хоёр удаа алхдаг. Биллиард нэг цаг тоглоход 5 км алхдаг гэдэг. Тэгвэл дартсын хувьд үүнээс ч олон км алхдаг.

Дараа дараагийн ямар уралдаан тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа вэ?
Ирэх 7 дугаар сард Бээжингийн нээлттэй тэмцээн болно. Наймдугаар сард дэлхийн цомын тэмцээн БНХАУ-ын Шанхай хотод болно. Энэ оны 10 дугаар сард АНУ-ын Лас-Вегас хотод болох олон улсын тэмцээнд оролцох урилга авсан. Тамирчдын хувьд олон уралдаан тэмцээнд оролцсоноор туршлага хуримтлуулна. Бие биенээсээ суралцана. Давуу тал их бий. Дартсын спортын хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн олимп шиг өндөр шалгууртай. Манай улсын хувьд зөвхөн Ази тивийн аврага болсон хүн л оролцох эрхтэй. Хосын төрөл ордоггүй болохоор ганцаарчилсан төрөлд тивдээ түрүүлж оролцох эрхээ авна гэсэн үг. Манай тамирчдын хувьд ийм хэмжээнд арай хүрээгүй байна л даа.

Ярилцлага өгсөнд баярлалаа. Спортын амжилт хүсье.
Баярлалаа.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.