Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Э.Цэлмэг "Шинээр бий болгосон ажлын байрны үзүүлэлтээр улсдаа тэргүүллээ"

- Оюу Толгой компани 2012 онд 1,400 орчим ажлын байр шинээр гаргажээ -

Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөцийн бүрдүүлэлтийн ахлах мэргэжилтэн Э.Цэлмэгтэй ярилцлаа.

Оюу Толгой компани Монголын Топ-150 аж ахуйн нэгээр саяхан шалгарсан. Үүн дотроо хамгийн олон ажлын байр гаргасан үзүүлэлтээр тэргүүлсэн байгаа. Өнгөрсөн жил хичнээн ажлын байр шинээр гаргасан бэ?
Оюу Толгой компани Монгол улсын Засгийн газар болон МҮХАҮТ-ын хамтран шалгаруулсан 2012 оны ТОП-150 аж ахуйн нэгжээс зургаад орлоо. Бид шинээр бий болгосон ажлын байрны үзүүлэлтээр тэргүүлж, төлсөн татварын хэмжээгээр удаалж, компанийн нийгмийн хариуцлага үзүүлэлтээр 11 дүгээр байрт шалгарсан. Өнгөрсөн 2012 онд Оюу Толгой компани 1,400 орчим ажлын байр шинээр бий болголоо. Энэ бол ийм тооны Монгол иргэдийг ажиллаж, хөдөлмөрлөх, өргөн боломжоор хангаж, цаашилбал орлоготой, ирээдүйдээ итгэх итгэлтэй болгож байгаа хэрэг. Оюу Толгой компани 2011 онд 1,000 орчим ажлын байр шинээр гаргасан гэдгээ бас дурьдах хэрэгтэй байх.

Өнөөдрийн байдлаар Оюу Толгой компанийн нийт ажилчдын хэдэн хувь нь Монголчууд байгаа вэ? Ажилчдын цалин хангамжийн талаар ярих уу?
Өнөөдрийн байдлаар Оюу Толгой компанийн нийт ажилчдын 90 гаруй хувь нь монголчууд байгаа. Бид ажилчдадаа Монголын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний цалин хөлс олгодог. Компанийн нэг ажилтан бүрийн ард тэдний гэр бүлийн гишүүдийн амьдралд тодорхой өсөлт, хөгжил гарч байгаад хүний нөөцийн хамт олон бид сэтгэл хангалуун, баяртай байдаг. Үүнээс гадна гэрээлэгч компаниуд, ханган нийлүүлэгчдийн ажилтны тоо, гэр бүлийн гишүүдийг нь нэмбэл Оюу Толгойгоос шууд болон шууд бусаар үр ашгийг нь хүртэж байгаа хүмүүсийн тоо нэлээд их олон болох байх.

Ажилд орсон хүмүүсийн сэтгэл ханамж ямар байна вэ? Ажлын байрны суурьшил хэр байгаа бол?
Оюу Толгой компани цалингаа өрсөлдөхүйц түвшинд байлгаснаар шилдэг сайн ажилтнуудыг татах, ажилчдыг урамшуулан идэвхжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөл бүрдүүлдэг. Манай хамт олны дунд ажлаасаа гарах, өөрийн санаачлагаар ажлаа өөрчлөх явдал маш бага байдаг нь ажилд орсон хүмүүс хэр сэтгэл хангалуун байдгийн илрэл болов уу. Монгол ажилтнууд эх орондоо дэлхийн түвшний техник технологийг ашиглаж, олон улсын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, хөдөлмөрлөдөг болохоор сэтгэл хангалуун байдаг. Дэлхийн хэмжээний том төслийн бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаадаа бахархаж явдаг.

Ажилчдаа сургах, хөгжүүлэх чиглэлээр ямар ажлууд хийдэг вэ? Өөрөөр хэлбэл хувь хүний хөгжлийг хэрхэн дэмжиж байна вэ?
Мэдээж гадаадын өндөр мэдлэгтэй мэргэжилтнүүдээс ажлын байран дээрээ байнга суралцаж байгаа. Үүнээс гадна ажилчдаа сургаж хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг нь ахиулах тал дээр нэлээдгүй анхааран ажиллаж байна. Ажилтнууд Америк, Англи, Өмнөд Африк зэрэг улсуудад очиж Рио Тинто компанийн дэлхийн түвшний томоохон уурхайд туршлага судалж байна. Мөн бид ажилтны сурч боловсрох санаачлагыг дэмжин богино болон урт хугацааны сургалтыг санхүүжүүлж байгаа.

Компанийн зүгээс ажилчдынхаа нийгмийн асуудлуудыг хэрхэн шийддэг вэ?
Бид энэ асуудал дээр их анхаарч байгаа. Бүх ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт жил бүр хамруулдаг мөн жирэмсний чөлөө, тэтгэмжийг хуульд заасан хугацаа, хэмжээнээс илүү олгодог. Үүнээс гадна ажилчиддаа тулгарсан аливаа асуудал, бэрхшээлд нь туслах үүднээс сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөгөө үнэ төлбөргүй авах эрхээр хангаж байна.

Гадныхан дарга, Монголчууд гүйцэтгэх ажил хийдэг гэсэн ойлголт манайд байгаа. Монголчууд удирдах түвшинд ажиллаж байгаа юу?
Манай компанид Дэд ерөнхийлөгчөөс эхлээд хэлтсийн менежерүүдийн түвшинд 30 гаруй, дунд шатны удирдах албан тушаалд 200 гаруй Монгол иргэд ажиллаж байна. Ер нь Монгол ажилчид удирдах түвшний ажлыг өвлөн авах үйл явц сүүлийн үед хурдацтай явагдаж байгаа гэж хэлж болно. Жишээ нь, манай компанийн Бизнесийн анализ хийдэг баг байна. Компанийн жилийн төлөвлөгөөнөөс эхлээд хамгийн чухал шийдвэр гаргах үйл явцад оролцдог уг хэлтсийг анх гадны мэргэжилтэн удирдаж ажиллаж байсан бол өнөөдөр энэ албыг Монгол эмэгтэй төвөггүйхэн удирдаад явж байна. Энэ явц гэхэд л ердөө жилийн дотор болж буй юм. Цаашид ч удирдах албанд ажиллаж буй түр хугацаагаар ажиллаж буй гадны мэргэжилтнүүдийн албыг ийнхүү Монголчууд чиглүүлэн явах олон боломж бий гэж үзэж байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.