Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: П.Март "Оюу Толгой ХХК ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг анхааран ажиллаж байна"

Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн ахлах ажилтан П.Марттай ярилцлаа.

Оюу Толгой компанийн нийгмийн үйлчилгээний талаар ярих уу. Мэдээж ажилтнуудаа дэмжсэн олон бодлого хэрэгжүүлдэг байх л даа?
Сургалтын тусламж тэтгэлэг, жирэмсний болон амаржсаны дараа олгох цалин тэтгэмж, ажилтнуудынхаа эрүүл мэндэд оруулж байгаа хөрөнгө оруулалт гээд олон зүйлийн талаар ярьж болно. Тухайлбал, Оюу Толгой ХХК жирэмсний болон амаржсаны амралтын 120 хоногийг 180 хоног болгон нэмэгдүүлж, эхчүүдэд зургаан сарын турш үндсэн цалингаа авах боломж олгодог. Эхний 120 хоногийн хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэмжийг үндсэн цалин хүртэл нь нэмэгдүүлж олгодог бол сүүлийн 60 хоногийн тэтгэмжийг компаниас үндсэн цалингаар нь тооцож сар бүр ажилтанд нэмж олгож байгаа. Түүнчлэн шинээр мэндэлсэн хүүхдийн эцэгт мөн хүүхэд үрчлэн авч буй ажилтнуудад олговортой чөлөөг олгодог.

Танай компани Монгол улсын түүхэн дэх хамгийн том сургалтын хөтөлбөрийг улс даяар хэрэгжүүлж байгаа гэдэг. Харин компанийн ажилтнуудаа сурч, боловсроход ямар хөрөнгө оруулалт хийж байна вэ?
Тийм ээ, Монгол улсын Засгийн газар, Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа мэргэжлийн боловсролын хөтөлбөр улс даяар мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна. Бид боловсролын хөтөлбөрт нийт 126 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа.

Оюу Толгой ХХК нь боловсрол мэдлэг, чадвараа ахиулах хүсэлтэй ажилтнуудаа сурч боловсроход нь дэмжих, санхүүгийн туслалцаа үзүүлэх зорилготой 'Ажилтны сурч боловсрох санаачилгыг дэмжих тухай бодлого' хэрэгжүүлж байгаа. Мэдлэг, боловсрол, мэргэжлээ дээшлүүлэхэд нь дөхөм болох урт болон богино хугацааны сургалтуудад ажилтнууд хамрагдах боломжтой байдаг. Богино хугацааны сургалтад эзэмшсэн болон нарийн мэргэшлийн ур чадварын давтан сургалт, мэргэжлийн үнэмлэх олгох сургалт, их, дээд сургуулийн бэлтгэл дамжаа багтах жишээтэй. Мөн бакалавр, магистр, докторын зэрэг олгох урт хугацааны сургалтад сууж болно.

Манай ажилтнууд АНУ, Англи, Өмнөд Африк зэрэг улсуудад очиж Рио Тинто компанийн дэлхийн түвшний томоохон уурхайнуудад туршлага судалж байна. Үүнээс гадна шинэ төгсөгч хөтөлбөрийн хүрээнд залуу боловсон хүчнээ бэтлгэж, Рио Тинтогийн бусад уурхайд сурч, ажиллаж туршлага хуримтлуулах боломжийг олгож байгаа. Компанийн сургалтын хэлтсээс техникийн болон мэргэжлийн мөн удирдах ур чадварыг сайжруулахад чиглэсэн олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Товчхондоо гэвэл сурч, боловсрохыг бүх талаар дэмждэг.

Ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ?
Эрүүл мэнд бол юугаар ч сольшгүй үнэт зүйл. Тиймээс Оюу Толгой ХХК ажилтнуудаа тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт оруулдаг. Үүний зэрэгцээ ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан Оюу Толгой уурхай талбар дээр соёл, спортын төв ашиглалтад оруулсан. Энэ төв нь ажилтнуудыг нэг зэрэг бүх төрлийн спортоор хичээллэх, амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжоор хангаж байна. Соёл, спортын төв нь сагс болон гар бөмбөгийн 4 талбай, гимнастик, фитнесс, бодибилдинг, аеробикийн тусгай өрөө танхимууд, мөн спорт тоглоомын өвөл, зуны гадна талбайтай. Түүнчлэн Улаанбаатар дах спорт клуб нь компанийн санхүүжилтээр ажилтнуудын дунд төрөл бүрийн спортын арга хэмжээ зохион байгуулж, амралт чөлөөт цагыг зөв зохистой өнгөрүүлэхэд чиглэсэн сагс, хөл бөмбөг, боулинг зэрэг спортын төрлүүдээр хичээллэх боломж олгож байгаа.

Хүмүүсээ орон сууц худалдан авах зэрэг нийгмийн асуудлаа шийдэхэд нь хэрхэн тусалдаг вэ? Ажилтнууд нийгмийн асуудлаа шийдсэнээр илүү сайн ажиллах боломж бүрдэх байх.
Оюу Толгой ХХК ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарч 'Сэтгэл хангалуун амьдрал' нэртэй ажилтанд дэмжлэг үзүүлэх итгэмжлэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Хэрвээ ажилтанд гэр бүл, ажил, хувийн амьдралтай нь холбоотой бэрхшээл тулгараад, шийдвэрлэх арга зам зөвлөгөө, дэмжлэг хайж байгаа бол энэхүү хөтөлбөрт хамрагдаж, мэргэжлийн хүмүүсээс сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээг үнэгүй авах боломжтой.

Ажилтнуудаа орон сууц худалдан авахад нь дэмжих асуудал маш чухал. Компанийн зүгээс Голомт, ХААН, Худалдаа хөгжлийн банкуудтай гэрээ байгуулан, ажилтнуудаа орон сууцны хөнгөлттэй зээлд хамруулж байгаа. Зээлийн хүүгийн хувьд хөнгөлттэй нөхцөл олгохын зэрэгцээ байрны урьдчилгаа төлбөр болон банкны үйлчилгээний шимтгэлүүдэд хөнгөлөлт үзүүлдэг.

Цалингаас гадна ямар нэг нэмэлт урамшуулал байдаг уу. Уурхай бол бусад байгууллагаас илүү онцлогтой газар?
Мэдээж байгаа. Уурхайн талбарт ажилласны нэмэгдлийг олгодог. Мөн хэвийн бус нөхцлийн, шөнийн ээлжинд ажилласны, мэргэжлийн зэргийн, ажил орлон болон хавсран гүйцэтгэсний, хоол, унааны, илүү цагийн нэмэгдлүүдийг тус тус олгодог. Оюу Толгой ХХК ийм байдлаар ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг анхааран ажиллаж байна.

Оюу Толгой ХХК-ийн ажилтан Б.Мандах:

Манай компани ажилтнуудынхаа нийгмийн олон асуудлыг шийдэн дэмжлэг үзүүлдэг. Би амаржсан эхчүүдэд олгодог зургаан сарын цалинтай тэтгэмжийг авсан. Хүүхдээ харж, асрах боломж олгож, урт хугацаанд цалинг нь бүтнээр олгож байгаад баяртай байна.

Оюу Толгой ХХК-ийн ажилтан Г.Мандах-Оргил:

Би мэргэжлийнхээ чиглэлээр сургалтад хамрагдсан. Сургалтын зардлыг компаниас бүрэн төлж, холбогдох сурах бичгийг авах боломжоор хангасан. Манай компанийн сурч, боловсрох, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй бүх хүнд ийм боломж олгодог. Ажилтнаа сурч боловсрох, хөгжүүлэх, аюулгүй ажиллахад манай компани хамгийн сайн анхаардаг.

Оюу Толгой ХХК-ийн ажилтан Ц.Мөнхчулуун:

Би орон сууцны хөнгөлөлтэй зээлд хамрагдсан. Оюу Толгойд олон залуучууд ажилладаг. Тохьтой байр сууц хүний хамгийн чухал анхан шатны хэрэгцээ байдаг. Харин орон сууцнаас цааших хэрэгцээг хүмүүс өөрсдөө сонгож бүтээдэг бол би тэр боломжоо олон хүмүүст хэрэг болох тэр л зүйлд зориулна. Надад амьдрах байр хэрэгтэй байсан. Энэ хэрэгцээгээ хангаж чадсандаа баяртай байдаг.

 

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.