Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Монголын мэргэжлийн сургалтын орчин үеийн жишиг сургууль Налайх дүүрэгт сүндэрлэж байна

- Батс-Өргөө 850 мянган хүн\цаг осол аюулгүй ажиллажээ -

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой компани Монгол улсын боловсролын салбарт 126 сая ам.долларын хөрөнгө оруулж байгаа билээ. Таван жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд Техник, технологийн 3 сургууль шинээр барих, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 4 төвийг шинэчлэн сайжруулж, тоног төхөөрөмжөөр хангах, үндэсний хэмжээнд 6,600 ажилтай боловсон хүчин бэлтгэх гэх зэрэг томоохон ажлуудыг гүйцэтгэж байгаа юм.

Түүний нэг нь тус компанийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүрэгт барьж буй Техник технологийн сургууль юм. Уг сургууль 6,000 ам метр талбай бүхий сургалт-үйлдвэрлэлийн хичээлийн байр, 2,500 ам метр талбайтай оюутны дотуур байр, багш нарын орон сууц, биеийн тамирын талбай, спортын танхимаас бүрдэх иж бүрэн цогцолбор юм. Энэхүү цогцолборыг барилгын салбарт ажилласан арав гаруй жилийн туршлагатай “Батс-Өргөө” компани барьж байна. Жишиг сургуулийн шавыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тавьжээ. Түүнээс хойш өнөөг хүртэлх жил гаруйн хугацаанд тус компани огт осол эндэлгүй ажиллажээ. Компанийн гүйцэтгэх захирал Ж.Батсайхан “Манай компанийнхан сургуулийн барилгын шав тавьснаас хойш 380 хоног буюу 850 мянган хүн\цаг осол аюулгүй ажиллалаа. Энэ бол Оюу Толгой компанийн аюулгүй ажиллагааны туршлагаас сайтар суралцсаны үр дүн юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бидний энэ амжилтыг үнэлж, өргөмжлөл хүртээсэн юм” гэж сэтгэл хангалуун өгүүлэв.

Оюу Толгой компанийн хангамж, дэд бүтцийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Айвон Велла барилгын ажил амжилттай үргэлжилж байгааг онцлон дурдаад “Техник технологийн сургууль бол Налайх дүүргийн олны нүдэнд тусахуйц өндөрлөг газар байгуулж буй Оюу Толгой компанийн бүтээн байгуулалтын нэг хэсэг юм. Төслийг хэрэгжүүлж эхэлсэн нэг жилийн туршид осол аюулгүй ажилласан нь бахархууштай үзүүлэлт. ‘Батс-Өргөө’ өмнө нь манай компанитай хоёр ч төсөлд хамтран ажилласан, найдвартай, итгэл даах түнш юм” хэмээн үнэлэв. Тэрээр ‘Батс-Өргөө’ компанийнханд осол аюулгүй ажилласныг нь өндөр үнэлж өргөмжлөл гардуулав.

Энэ үеэр ажлын байрандаа аюулгүй ажиллагааны дүрмийг ягштал баримталж, амьдралд хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан М.Хадбаатар, Т.Батцэрэн, Ж.Цогжаргал, Г.Болорхүү, Ц.Батнасан, О.Баяр-Эрдэнэ нарыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр урамшуулсан юм. Осол аюулгүй 850 мянган хүн\цаг ажилласныг тэмдэглэсэн энэхүү ёслолд Соёлын тэргүүний ажилтан, уртын дууч Б.Батболд оролцож, монгол ардын уртын дуу ‘Эртний сайхан’-аар ая барьж, ‘Алтайн магтаал’-аа хайлж барилгачдын сэтгэлийн утсыг дуу хуурын эгшгээр хөглөв.

“Сургуулийн барилгыг ирэх намар хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ашиглалтад өгнө, та бүхэн манай хамт олонд итгээрэй” гэж Ж.Батсайхан захирал нүүр бардам амласан юм. Монголын мэргэжлийн сургалтын орчин үеийн жишиг сургууль удахгүй үүдээ нээх нь ээ.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсез компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд оршдог Оюу Толгой компани 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.