Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Өмнөговь аймгийн Баян-Овоо сумынхан орчин үеийн спортын заалтай болов

- Оюу Толгой компани уг цогцолборыг нэг тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлжээ -

Өмнөговь аймаг, Баян-Овоо сум - Өмнөговь аймгийн Баян-Овоо сумынхан орчин үеийн спортын шинэ заалтай боллоо. Үүний ачаар сумын сургууль биеийн тамирын хичээл хийх, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх, түүгээр ч барахгүй бүсийн хэмжээний биеийн тамир, спортын тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой боллоо. Оюу Толгой компани өмнийн говийн хөгжилд хувь нэмэр оруулж буй үйл ажиллагааныхаа хүрээнд сумын Засаг дарга, сургуулийн захирлын хүсэлтээр биеийн тамирын заалыг ийнхүү шинээр барьж, Баян-Овоо сумынханд хүлээлгэн өгч байгаа юм.

“Манай сумын спорт заал хуучирч засвар хийх, шинээр барих шаардлага гарсан юм. Тиймээс Оюу Толгой компанид хандан спорт заал барьж өгөхийг хүссэн маань өнөөдөр ийнхүү биеллээ олж байна. Манай сумынхны хүсэлтийг хүлээн авч хамгийн сүүлийн үеийн спорт заал барьж өгсөн Оюу толгой компанийнханд иргэдийнхээ өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье. Энэ бол орон нутгийн иргэдийн боловсрол, эрүүл мэндэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм” гэж шинэ спорт заал хүлээн авах ёслолд оролцож буй Баян-Овоо сумын Засаг дарга Х.Батболд хэлэв.

Оюу Толгой компани спортын заалыг нэг тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлсэн юм. Уг спорт заал нь 30x18 метр ашигтай талбай бүхий заал, спортын хэрэгслийн агуулах, багш нарын өрөө, ариун цэврийн болон хувцас солих өрөө, шүршүүр, иж бүрэн тохижуулсан сургалтын болон талбайн теннисний танхимтай юм. Спорт заал нь Франц улсын брэнд болсон 'Гэрплуур' фирмийн спортын танхимын зориулалтын тусгай шалтай. Орчин үеийн спортын танхимын бүхий л шаардлагыг бүрэн хангасан энэхүү спорт заалд улс, бүсийн болон орон нутгийн чанартай олон төрлийн тэмцээн, уралдаан зохион байгуулах боломжтой.

Баян-Овоо сумын дунд сургуулийн захирал Ц.Нарантуяа хэлэхдээ “Говь нутгийн иргэд, хүүхэд, залуус спортоор хичээллэх, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөх сайхан боломж нээгдлээ. Спорт заал нь хэмжээний хувьд улс, бүсийн ямар ч уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой. Энэ бол бас нэг давуу тал юм” гэв.

Спорт заалыг 'Конконсалтинг' компанийн зураг төслөөр 'Макадам' компанийн барилгачид Оюу Толгойн аюулгүйн стандартын дагуу барьжээ. Эрх бүхий албан тушаалтнуудаас бүрдсэн Улсын комисс уг спорт заалыг ашиглалтад хүлээн авахыг зөвшөөрчээ. Баян-Овоо сумын спортын заал нь Оюу толгой компани орон нутгийн хөгжлийг дэмжиж байдгийн бас нэг нотолгоо болж байна.

Зургийн цомог

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсез компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд оршдог Оюу Толгой компани 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.