Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Л.Баярбаатар "Энэ жил гурван сумын гар болон гүн өрмийн 20 гаруй худгийг засна"

- Орон нутгийн малчид энэ санаачилгыг талархан хүлээж авсан -

Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн хэлтсийн Бэлчээрийн менежментийн хөтөлбөрийн ажилтан Л.Баярбаатартай ярилцлаа.

Говь нутагт усыг чандмань эрдэнэтэй зүйрлэдэг. Оюу Толгой компани говийн малчидтай худаг, усны чиглэлээр хэрхэн хамтран ажиллаж байгаа вэ?
Оюу Толгой компани өмнийн говийн бүс нутаг болон Ханбогд сумын эргэн тойрны газрын үнэ цэнтэй бэлчээр нутгийг хадгалж хамгаалах чиглэлээр 'Бэлчээрийн менежментийн хөтөлбөр' хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр малчдын бүлгээр дамжуулан тогтвортой бэлчээрийн менежментийг хил залгаа сумдад бий болгож хөгжүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах, газар орны экологийн нөхцөл байдал, нүүдлийн мал аж ахуйн онцлогийг харгалзан сумын бэлчээрийн газар нутгийг ангилан хашаа барьж, хамгаалах, тэжээлийн ургамал тариалах, малын үүлдэр угсааг сайжруулах, мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, шинээр худаг гаргах, хуучин худгуудыг засч сайжруулах зэрэг зорилготой юм. Говийн малчид голдуу гар худаг ашигладаг бөгөөд нөхцөл нь муудсан худгаа засах, сэргээх байдлаар уст цэгийн тоог нэмэгдүүлэх ажлыг хөтөлбөртэй хамтран хийх санал санаачилга маш их гаргадаг. Тиймээс Оюу Толгой компани 'Бэлчээрийн менежментийн хөтөлбөр'-ийн хүрээнд 2011-2012 онд Ханбогд сумын малчдын 38 гар худаг, хоёр хөвийг сэргээн зассан. Орон нутгийн малчид, иргэд энэ ажлыг ихээхэн талархалтай хүлээн авсан.

Энэ жил дээрхи ажил үргэлжлэх үү. Хэрвээ үргэлжлүүлэх бол ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
Говьд худаг ус маш чухал. Манай хөтөлбөр Ханбогд суманд хоёр жил үргэлжилсэн. Энэ үед зэргэлдээх Манлай, Баян-Овоо сумын малчдаас “Наад төслөө манайд хэрэгжүүлээч” гэсэн хүсэлт олонтаа ирж байсан. Тиймээс 2013 онд Ханбогдоос гадна нөлөөллийн бүсийн Манлай, Баян-Овоо сумыг хамруулахаар төлөвлөөд байна. Малчдын усан хангамжийг сайжруулах зорилгоор энэ жил гурван сумын гар худаг болон гүн өрмийн 20 гаруй худгийг сэргээн засна. Мөн худаг засварлах ажлыг компанийн удирдлага дэмжиж, тус хөтөлбөрийн зэрэгцээ нэмэлт хөрөнгө гарган бэлчээрийн усан хангамжийн талаар тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна.

Засах худгаа яаж сонгодог вэ. Малчдаас санал авдаг уу?
Энэ шийдвэрийн орон нутгийн иргэд өөрсдөө гаргадаг. Өнгөрсөн жилүүдэд бэлчээрийн мэргэжилтнүүд бэлчээрийн нөхцөл, байдлыг тодорхойлооод малчдаас ирсэн хүсэлтийг харгалзан багийн Засаг дарга нартай хамтран сэргээн засах худгуудаа сонгодог байв. Энэ жилийн хувьд арай өөр. Эхлээд малчид багийн даргадаа засуулах худгийн хүсэлтийг гаргаж, хэдэн онд эвдэрч дарагдсан, бэлчээрийн нөхцөл, хэдэн айлын мал услах боломжтой зэргийг харьцуулан хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрч, багийнхаа хурлаар хэлэлцэж баталсан. Багийн хурлаас баталсан худгуудын жагсаалтыг сумын Мал эмнэлэг үржлийн алба нэгтгэн сумын Засаг даргаар батлуулан манай хөтөлбөрт ирүүлсэн байгаа.

Энэ жил аль суманд хэдэн худаг засах вэ. Ямар ажил хийх вэ?
Энэ жилийн хувьд Ханбогд, Манлай, Баян-Овоо сумаас 20 гаруй худаг засуулах хүсэлтээ ирүүлээд байгаа. Энэ худгуудын заримд нь 50-60 жил эргүүлж хаших ямар ч ажил хийгээгүй байх жишээтэй. Бас хашилтын хана нь нурж дарагдсан, усны түвшин буурч, ундарга нь муудсан худаг ч цөөнгүй бий. Тиймээс бүрэн дарагдсан худаг байвал малтаж, хашилт, шүүр, хамгаалалт, давхарлалт хийх зэргээр технологийн дагуу бүх ажил хийнэ. Хүсэлтээ гаргасан малчидтай ямар байдлаар засч сайжруулахаа урьдчилан тохирч ажиллах юм. Тиймээс малчид ажлын явцад хамтран оролцох ёстой.

Худгаа засаад малчдад хүлээлгэж өгөх үү. Мэдээж, тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарсан учраас гэрээ хэлэлцээр хийх байх л даа?
‘Бэлчээрийн менежментийн хөтөлбөр’-ийн онцлог бол малчдын оролцоог илүү харгалздаг. Худгаа сонгохоос эхлээд, засах, усны баталгаажуулалт хийх гээд үе шат бүхэнд малчид идэвхтэй оролцдог. Худгуудаа засч дуусаад малчдад хүлээлгэж өгнө. Үүнээс хойшхи хаших, хамгаалах, арчлах бүх ажлаа малчид өөрсдөө хариуцахаар хамтын ажиллагааны гэрээ хийдэг. Гүн өрмийн худаг зассан бол мэргэжлийн байгууллага ундарга, түвшинг нь тодорхойлсон паспорт гаргаж өгнө. Энэ жил гурван суманд гүн өрмийн 6-8 худаг засах төлөвлөгөө бий. Худаг өрөмдөх, цооног суулгах, худаг амлах, мотор тавих гээд өндөр зардалтай л даа.

Худаг засах ажлын үр дүн аль хэр гарч байна вэ?
Говийн малчдын усны хэрэглээг гар болон гүн өрмийн худгаар хангадаг. Зарим гар худаг дарагдаж, тухайн орчны бэлчээрийг ашиглах боломжгүй болдог. Устай болсноор бэлчээрээ ашиглаж эхэлсэн. Малчдын хувьд олон цагаар ховоо татах, ундарга шавхагдсан үед хүлээж цаг алдах зэрэг олон бэрхшээл байсан. Энэ бүхнийг тодорхой хэмжээгээр шийдсэн гэж бодож байна.

Худаг засах ажлаа хэзээнээс эхлэх вэ?
Ирэх сарын дундуур эхлэхээр төлөвлөж байна. Бид 4-5 дугаар сард худгаа сонгож, 6 дугаар сард худгийн үндсэн мэдээллээ цуглуулах, нөхцөлөө тодорхойлох судалгаа хийсэн юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.