Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Улсын Дэд Мэргэн М.Доржсүрэн: "Оюу Толгойн нэрийг наадмын дэвжээнд дахин гаргах юмсан"

‘Оюу толгой’ компанийн ‘Оюу толгой’ баг Ардын хувьсгалын 91 жилийн ойн их баяр наадмын шагайн харваанд түрүүлсэн билээ. Тус багийн ахлагч, улсын дэд мэргэн Магвалын Доржсүрэнтэй энэ жилийн наадмын босгон дээр уулзаж ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. Тэрээр ёстой л дөч хүрсэн эр, дөрөв дарсан ат гэгдэх ид насан дээрээ яваа, харваач гэхээсээ улсын цолтой бөх гэвэл илүү үнэмшмээр өсгөлүүн бие хаатай нэгэн. Залуу цагтаа Ханбогд хайрхныхаа овоо тахилгад зодоглож шөвгөрч явсан гэсэн шүү.

Сайхан зусч байна уу, мэргээн. Наадмын бэлтгэлээ аль хэр базааж байна даа?
Сайхаан. Энэ жил манай говь нутгаар бороо хур элбэгтэй сайхан зун болж байна. Бэлтгэлээ ерөнхийдөө сайн хангасан.

Та аль нутгийн хүн бэ. Одоо ямар ажил эрхэлж байна вэ?
Ханбогдын унаган хүүхэд. Тэр сайхан хайрхны хажууд төрж өссөн хүн дээ. Одоо хувиараа жижгэвтэр бизнес эрхэлж байгаа.

Ямар төрлийн бизнес вэ. Хэдийгээс бизнесмэн болов?
2008 оноос барилгын блок цутгаж борлуулж эхэлсэн юм. Ашиг орлого ч гайгүй шүү.

Хэдүүлээ амьдардаг вэ?
Тавуулаа. Эхнэр маань Оюу толгойн ханган нийлүүлэгч CIS компанийн орон нутаг дахь нийгмийн ажилтан. Гурван хүүхэдтэй.

Хэзээнээс шагай сонирхож эхлэв?
Арваад жил болж байна. 1990-ээд оны сүүлчээс л шимтэн дурлах болсон доо.

‘Оюу толгой’ багийнхаа түүхийг товч өгүүлбэл?
Манай баг бүрдээд хоёр жил гаруй болж байна. Уржнангийн наадмаар анхлан улсын наадмын тоос үзэж, ноднин харин сайн харваж түрүүлснээрээ бахархалгүй яахав. Баг маань есөн хүнтэй. Ахмад нь жар дөхөж байхад хамгийн залуу нь 18-тай Х.Хосбаяр гэж хүү бий.

Наадамд түрүүлсэн багийн гишүүд цөм алдар цол хүртсэн биз дээ?
Тэгэлгүй яах вэ. Би гэхэд дэд мэргэн болсон. Хоёр хүн маань улсын мэргэн, бас хоёр хүн дархан мэргэн, нөгөө хоёр нь гарамгай мэргэн цол хүртсэн юм.

Наадмын шагайн харваанд түрүүлсэн баг ямар бай шагнал гарддаг юм бэ?
Хоёр сая төгрөгийн байтай.

Ноднингийн аварга багийн бүрэлдэхүүнд энэ жил өөрчлөлт орсон уу. Шинэ хүмүүсээр хүч сэлбэв үү?
Хуучин багийн бүрэлдэхүүн бараг хэвээрээ шахуу байгаа. Хоёр хүн л өөр багт тоглохоор явсан. Сайхан онодог залуучууд манай багт шинээр орж ирсэн.

Танай баг хэдийнээс ‘Оюу толгой’ компанийн нэр дээр харваж байгаа юм бэ?
Ноднин жилийн наадмаас эхлээд л энэ компаниар овоглон зодоглож байна даа. “Оюу толгой” компани монголчуудын эртний уламжлалт тоглоом наадмыг дэмжих зорилгоор биднийг ихээхэн дэмжиж байгаад баяртай байдаг.

Оюу толгой’ компани ямар хэлбэрээр танай багийг дэмждэг гэж?
Өнгөрсөн жилийн наадамд ‘Оюу толгой’-н нэрийн өмнөөс оролцож түрүүлсний дараа тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей манай багийнхныг хүлээн авч уулзаад “Шагайн харваа бол багийн спорт. Хүн бүр хичээж бие биеэ дэмжиж байж амжилтад хүрдгийн үлгэр жишээг манай шагайн харвааны багийнхан харууллаа. ‘Оюу Толгой’ компанид ч бид багийн ийм л зарчмаар ажилладаг” гээд бидэнд баяр хүргэж, амжилтаа бататгахыг захисан юм. Ийм сайхан сэтгэлийн үг манай багийнханд ихээхэн урам зориг өгсөн шүү. Энэ үеэр Камерон ерөнхийлөгч бидэнд 20 сая төгрөгийн хандив өгсөн.

Тэр хандивыг ямар зүйлд зарцуулав?
Багийнхаа бэлтгэлийг базаах, мод, хашлага, хасаа, сум мэт шагайн харвааны хэрэгслээ сайжруулах, өсвөр хойч үеэ сургаж бэлтгэх, тэмцээн уралдаанд оролцох, багийнхандаа урамшил олгох гэх мэт зүйлд зарцуулсан.

Багийнхаа залгамж халааг хэрхэн бэлтгэж байна вэ?
Манай суманд шагайн спорт үнэхээр эрчимтэй хөгжиж байгаа. Хэд хэдэн баг бий. Сайхан харвадаг залуус ч цөөнгүй байна. Саяхан болж өнгөрсөн энэ жилийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Ханбогд сумын таван харваач оролцсоноос хоёр нь дөрөв, тавдугаар байрт шалгарлаа.

Шагайн харваач бэлтгэлээ хийхдээ юуг голлон анхаардаг вэ?
Мэдээж, цэц мэргээ л сайжруулахын төлөө бэлтгэлээ базааж таарна. Ингэхийн тулд сэтгэл санаагаа тайван байлгаж, хашлага, сум зэрэг хэрэгслээ сайтар эзэмших ёстой. Өглөө босч хөнгөн цайлаад сум тавьдаг. Үүнийг ‘хасаа шимэх’ гэдэг юм. Тэгээд нийллэг, шувтарга, мэргэ үе гээд гурван үед хоёр хоёроороо сууж байгаад харвана гэсэн үг.

Харваачид сайхан хийсэн үнэтэй хашлага, сум, хасаа хэрэглэхийг эрхэмд үздэг. Танай багийнхан энэ талаар аль хэр вэ?
Хашлага, сум харваач бүрт байдаг. Надад гэхэд хоёр ч хашлага бий. Сайн дархан сайн модоор хийсэн гайгүй л хашлага. Мэдээж, сайн харваач хүн сайхан хэрэгсэлтэй байхыг эрхэмлэлгүй яах вэ. Өмнөговьд ч, Улаанбаатар хотод ч шагайн харвааны хэрэгслийн сайн дархчуул цөөнгүй бий болжээ.

Өнгөрсөн жилийн наадмын харваанд гэхэд 40-өөд багийн 550 гаруй харваач оролцож байсан санагдана. Тийм олон баг ямар зарчмаар өрсөлддөг юм бэ?
Жишээ нь, дээрх 50 баг арав арваараа таван бүс болоод бүсээсээ шалгарсан нь нөгөө хэсгийнхэнтэйгээ сугалаагаар таарч харвана. Ерөнхийдөө хөлбөмбөгтэй төстэй гэсэн үг.

Яг сум тавьж байх үед харваач хүн юуг анхаарах ёстой вэ?
Алдартай мэргэн харваач надад “харваач хүн 16-18 зүйлийг бодож дотоод сэтгэлээ чангалж байж л сумаа тавьдаг юм шүү” гэж захиж байсан юм.

Шагайг багийн спорт гэлээ. Тэгэхээр багийн амжилт гишүүн бүрээс хамаарч таарах нь дээ?
Тэгэлгүй яах вэ. Яах аргагүй багийн тоглоом. Хоёр хоног дараалан харвахад ганц ч алдаагүй хүн нэг л удаа хасаа оноогүй тохиолдолд багийн амжилт хойш татагдана шүү дээ. Тэгэхээр үнэхээр хариуцлагатай. Ёстой л нэг нь нийтийн төлөө байхаас өөр арга байхгүй.

Тоглоом наадам, уралдаан тэмцээн юм чинь хор шар хөдөлнө биз?
Ёстой хамгийн хор шар хөдөлгөдөг тоглоом чинь шагай шүү дээ. Шагайг есөн тохой буюу 9.72 метрээс харвадаг. Тийм хол зайд хүргэж харвана, хүргэхдээ заавал ононо гэдэг тийм ч амар зүйл биш. Ямар дуран хараатай буугаар буудаж байгаа биш.

Буу гэснээс шагайн харваанд бас буу маягийн хэрэгсэл ашиглаж байгаа харагддаг шүү дээ?
Түүнийг бас буу гэдэг юм. Шагайн харвааны дүрэмд улсын аварга шалгаруулах тэмцээн, наадмын харваанд зөвхөн 60-аас дээш настай хүн дээрх бууг хэрэглэж болох тухай заасан байдаг.

Шагайн харвааны холбоо хэр зэрэг сайн ажилладаг байгууллага вэ?
Баг, хамт олныхоо төлөө сэтгэл зүтгэл гаргадаг, олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг, ер нь их сайн ажилладаг.

Шагайн тойром гээд орон нутагт шагайн харвааны тэмцээнүүд болж байдаг нь тийм учиртай юм байжээ?
Өө, Бадын бөөр, Наран хөгцөт, Хангинах, Баянцагаан, Хонхор нуурын гээд халхад олон сайхан шагайн тойром бий. Энэ жилийн наймдугаар сард Даланзадгадын ойролцоо байдаг Булгийн тойромд том тэмцээн болно.

Хасаа онохоор харваачид уухайлж байх юм билээ. Тэр чухам ямар учиртай юм бол?
Харваач хүн сайхан уухайлдаг нь ихээхэн ёс төртэй, эртнээс уламжилж ирсэн заншил юм. Сайхан уухайлбал бороо хур орж, газар дэлэгнэж, байгаль дэлхий сэргэнэ гэж үздэг учиртай. Нэг үгээр хэлбэл, тэнгэр, газраа аргадаж байгаа хэрэг юм.

Зарим хүн шагай харвахыг төдийлөн ойшоодоггүй. Муусайн шагайчид, донтсон тоглоомчид гэх маягтай зүйлийг ярьж байдаг?
Шагайн харваа бол Хүннү гүрний үеэс үүсэлтэй гэж түүх шастирт дурдсан байдаг юм гэнэ лээ. Эрт цагт лам, ноёд өргөөндөө тоглож байсан гэдэг. Шагай бол байнга босч суух гэх мэт хөдөлгөөн хийж байдаг учраас эрүүл мэндэд нэн тустай. Уухайлах нь гэхэд хоолойг цээл болгодог. Нүдний харааг хурцалдаг, хүнийг өөртөө итгэлтэй болгодог гээд тооцвол ашигтай зүйл олон бий. Ганцхан жишээ хэлье. Харваачид цэц мэргэнээ харуулахын тулд ‘дүүжин’ харвадаг. Дүүжин гэдэг нь хоёр талаас нь үрж нимгэхээн болгосон мөнгөн зоос юм л даа. Үлгэрлэн хэлбэл, сахлын хутга \бритва\ шиг нимгэн юмыг арав шахам метрийн зайнаас онож харвана гээд төсөөл дөө. Оносон тохиолдолд мөнгөний жингэнэх дуу гараад даанч урамтай даа.

Эмэгтэй хүн шагай харваж болдоггүй юм болов уу?
Бүсгүй хүн сум тавьж байхыг нүдээрээ хараагүй. Харин манай Өмнөговь аймгийн Хөгжимт драмын театрын шагайн харвааны багт эмэгтэй хүн харваж байсан гэх яриа байдаг юм билээ.

Өнөө жилийн наадамд ямар зорилго тавьж байна вэ?
Аль болох өндөр амжилт үзүүлэхийг хичээлгүй яах вэ. Биднийг ивээн тэтгэж байнга дэмжиж байдаг “Оюу толгой” компанийн удирдлага, хамт олонд баярлаж явдгаа илэрхийлэхийн ялдамд тус компанийн нэрийг наадмын дэвжээнд дахин гаргах юмсан гэсэн чин эрмэлзэл дүүрэн байна гэдгээ хэлье. Гэхдээ наадмын бөх, морь, сур харваатай адилхан шагайн харваанд хаанахын хэний баг манлайлахыг урьдчилан тааж хэлэх аргагүй шүү дээ. Монгол түмэн минь сайхан наадаарай.

Б.Батбилэг

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.