Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Н.Буяннэмэх "Энэ хөтөлбөр надад санхүүгийн хувьд боломж олгож байна"

- Өмнөговийн 28 оюутан тэтгэлэг авлаа -

Монгол улс, Өмнөговь аймаг - Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн хариуцлагын хэлтсээс Өмнөговь аймагт 'Өмнөговийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр' хэрэгжүүлдэг билээ. Орон нутгийн хэрэгцээнд үндэслэн 2005 онд эхэлсэн бөгөөд 9 дэх жилдээ хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Өмнөговь аймгийн хүний нөөцийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг дэмжих, нийгэм, эдийн засгийн салбарт шаардлагатай мэргэжлээр сурч буй чадварлаг оюутан, залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, оюуны хөрөнгө оруулалт хийх замаар төгсөөд нутагтаа ирж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. Энэ хичээлийн жилийн оюутны тэтгэлгийн шалгаруулалт саяхан болж, Өмнөговь аймгийн 11 сумын оюутнууд оролцож, сорил, ярилцлагын шалгаруулалтаар 28 оюутан тэнцэж Оюу Толгой компанийн тэтгэлгээр суралцахаар боллоо. Эдгээр тэтгэлэг авсан оюутнууд, хөтөлбөрийн удирдлагын багийн гишүүдийн хамт Оюу Толгой уурхайн бүтээн байгуулалттай танилцлаа.

Тэтгэлэг авсан ЭМШУИС-ийн оюутан Н.Буяннэмэх “Би энэ жил 4-р дамжаанд суралцана. Анх удаа тэтгэлэг авлаа. Энэ хөтөлбөр надад санхүүгийн хувьд боломж олгож байна. Миний хувьд хичээлдээ сайн суралцах л үлдлээ“ хэмээн ярилаа. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд 3,2-оос доошгүй сурлагын голч дүнтэй суралцаж, сургуулиа төгстөлөө сургалтын бүрэн төлбөр, дотуур байрны тэтгэлэг авдаг. “Өмнөговийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүхий удирдлагын багтай хамтран ажиллаж байна. Тус баг нь Өмнөговьд шаардлагатай байгаа мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн гаргах, оюутнуудыг сонгон шалгаруулах, гэрээ байгуулж, гэрээний үүргийн биелэлтийг хянах, төгсөгчдийг шаардлагатай албан байгууллагуудад зуучлах, ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг амжилттай гүйцэтгэж ирсэн юм.

Тэтгэлгээр суралцаад орон нутгийн төрийн байгууллагууд, хувийн хэвшил, Оюу Толгой болон бусад компанид амжилттай ажиллаж байгаа хүмүүс цөөнгүй бий. Тэдний нэг болох З.Оюунцэцэг гурван жил тэтгэлгээр суралцаж төгсөөд, Гурвантэс сумын эмнэлгийн эмч, эрхлэгчээр орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж байна.

Дашрамд өгүүлэхэд, хөтөлбөрт өнгөрсөн найман жилийн хугацаанд Өмнөговь аймгийн харьяат 215 оюутан хамрагдаж, 139 нь сургуулиа төгсөж, бусад нь амжилттай суралцаж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.