Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: С.Дорждэрэм "Монголд анх удаа сүүлийн үеийн технологи ашиглаж, өргөн уудам талбайд нарийвчлал өндөртэй агаарын тооллого хийлээ"

- Амьтдыг тоолоход үргэж дайжихгүй, давхардаж тоологдохгүй гээд давуу тал олон -

Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн Биологийн олон янз байдлын ерөнхий зөвлөх С.Дорждэрэмтэй ярилцлаа.

Та бүхэн говийн зэрлэг амьтдыг агаараас тоолжээ. Ингэж тоолох нь судалгааны ямар ач холбогдолтой юм бэ. Ямар зорилгоор энэ ажлыг хийв?
Зэрлэг амьтдын хамгааллын менежментийг боловсруулж, хэрэгжүүлэхийн тулд сайтар судалж тухайн амьтад хаагуур, хэдүүлээ тархан амьдарч байна вэ, тэдний хэвийн амьдралд үзүүлэх гол сөрөг нөлөөг мэдэх нь чухал. Ингэснээр хэрхэн хамгаалах, хэзээ, хэрхэн, ямар үйл ажиллагаа явуулбал амжилттай болох вэ гэдгийг оновчтой шийдэж чадна. Ан амьтдыг тоолох, нягтшил, тархалтыг тогтоох олон арга бий. Эдгээрээс хамгийн өндөр нарийвчлалтай, зардал их шаарддаг арга бол агаараас тоолох. Амьтдыг тоолоход үргэж дайжихгүй, давхардаж тоологдохгүй гээд давуу тал олон. Бид өмнийн говийн зэрлэг тууртан амьтдын тооллого судалгааг өнгөрсөн 6-7 дугаар сард хийлээ. Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн 11 сумын нутаг дэвсгэр буюу ойролцоогоор 150,000 ам дөрвөлжин талбайг хамруулсан. Гол зорилго нь хулангийн тархалт, тоо толгойг тогтоох. Тиймээс судалгааны талбайдаа хулангийн тархалтын өнөөгийн гол нутаг дэвсгэрийг хамруулахыг хичээсэн юм.

Иймэрхүү судалгаа өмнө нь манайд хийж байсан уу?
Өмнө нь цагаан зээр, монгол бөхөн зэрэг амьтдыг судлахдаа агаарын тооллогыг ашиглаж байсан юм билээ. Оюу Толгой компанийн захиалгаар хийсэн энэ тооллого нэгдүгээрт, маш өргөн уудам талбайд нарийвчлал өндөртэйгээр хийсэн, хоёрдугаарт, газраас тоолох судалгааны ажилтай адилхан цаг хугацаанд, ижил талбайд зэрэг хийсэн, гуравдугаарт, хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж судлаачийн гаргаж болзошгүй алдааг багасгасан. Үүгээрээ Монгол улсад анхны тохиолдол болсон гэж хэлж болно.


Агаараас авсан аргалийн зураг

Энэ судалгааг хэрхэн хийдэг вэ? Агаарын судалгааны онцлогийг энгийнээр тайлбарлана уу?
Товчхоноор хэлбэл судалгааны талбайн хэмжээнд шулуун шугамын дагуу онгоцоор нисч, гэрэл зураг авч, дулаан мэдрэх бичлэг хийх бөгөөд үүгээрээ амьтдыг таньж тодорхойлон тоолох. Дулаан мэдрэнэ гэдэг нь амьтнаас ялгарах дулааныг агаараас мэднэ гэсэн үг. Дэлгэрэнгүй тайлбарлавал нийт талбайн хэмжээнд хойноос урагш чиглэлтэй, 122 шулуун шугамын дагуу нисч бодит дүрсний дижитал зураг болон хэт улаан туяаны дүрс бичлэг хийнэ. Шулуун хоорондын зай 5 км, нийт урт 30,000 км, онгоцны нисэх өндөр ойролцоогоор 420 метр, нисэх хурд 230 км/цаг байсан. Бодит дүрсний зургийг 7,360 х 4,912 пиксел буюу 2.5 см нягтралтайгаар Nikon D00E аппаратаар, 16 см пиксел бүхий хэт улаан туяаны дүрсийг FLIR P640 аппарат ашиглан авч Оюу Толгой дахь 35 терабит мэдээллийн санд хуулж байршуулсан. Мэдээллийн санд оруулсан зураг бүрийг компьютерийн программ ашиглан шүүлтүүрдэж, орчин тойрноос ялгаатай температур илэрсэн цэгүүдийг нэг бүрчлэн шалгах аргаар тооллого явуулж байна.

Өдөрт ямар хугацаагаар нисэх вэ. Цаг агаар нөлөөлөх үү?
Судалгаанд хэрэглэж байгаа техник хэрэгсэл, арга зүйгээс шалтгаалаад бид зөвхөн өглөө эрт нартай уралдан нисч бага үдийн 11:00 цаг хүртэл зураг авсан. Ингэхгүй бол говьд халсан чулуу зураг дээр 'амьтан байна' гэсэн хуурамч дохио өгч болзошгүй гэж үзсэн л дээ. Гэрэл зургуудаас амьтдыг ялгаж таних, тоолох ажлыг Оюу Толгой компанийн ажилтнууд, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, МУИС-ийн оюутнууд хамтран профессор Ховардын зааварчилгаагаар гүйцэтгэж байгаа. Одоо судалгааны ажил ид явагдаж байна. Оюутнууд тооллого удирдаж байгаа нэр хүндтэй гадаадын мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагаж тоолох ажлаа хийдэг. Тэд маш хурдан сурч бас ч 'малд нүдтэй' залуус болох нь зургаас хулан, хар сүүлт, аргаль, тогоруу, махчин шувууд, мал төдийгүй үнэг, чоно, хярс гээд бидэнд төдийлөн амархан харагдаад байдаггүй амьтдыг таньж байгаагаас илэрхий. Энд ажиллаж байгаа таван оюутан өдөртөө 500 орчим зураг шүүж, амьтдыг тоолж байгаа. Гурван сар орчим ийм эрчээр, алдаа багатай ажиллаж байна гэхээр хэр олон зургийг нэг бүрчлэн шалгаж байна вэ гэдэг нь тодорхой. Энэ гэрэл зургууд газарзүйн мэдээллийн системд холбогдсон нэгдсэн мэдээллийн баазад орж байгаа учраас тоолох ажил дуусах үед хаана, ямар амьтад, хэдүүлээ байсан бэ гэдэг нь нэн тодорхой болно.


Агаараас авсан хулангийн сүргийн зураг

Агаараас авсан цагаан зээрийн сүргийн зураг

Судалгааг ямар байгууллага хийсэн вэ. Энэ талаар хэр туршлагатай газар вэ?
Харьцангуй цомхон ч нэр хүндтэй мэргэжилтнүүдийн баг Монголчуудтай хамтран судалгааг амжилттай гүйцэтгэж байгаа. Төслийн удирдагчаар ажиллаж байгаа доктор Майк Нортон Грифф зэрлэг амьтдын экологич бөгөөд агаарын тооллогын ажил, мэргэшлээрээ дэлхийд танигдсан нэр хүндтэй судлаач. Кени улсад байрлах бараг хүн бүрийн мэддэг алдарт Серенгэйтийн дархан цаазат газарт 1969 оноос хойш ажиллаж, амьдарч байна. Төслийн техникчийн үүрэг гүйцэтгэсэн Дана Слэймэйкэр зайнаас тандан судлах, агаараас судлах талаар мэргэшсэн, маш олон чиглэлийн хэрэглэгчидтэй хамтран сүүлийн 30 гаруй жил ажиллаж байгаа зөвлөх, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангаж, судалгааны туршид онгоцны туслах нисгэгчээр ажилласан АНУ-ын иргэн. Мэдээллийн баазын бүрдүүлэлт, амьтдыг зургаас таньж тодорхойлох, статистик боловсруулалт хийх чухал үүрэг хүлээж багийг удирдаж, Монгол мэргэжилтнүүд болон төсөлд ажиллаж байгаа оюутнуудыг сургасан хүн бол профессор Ховард Фредерик. Одоо Танзани улсад зэрлэг амьтдын агаарын тооллого хийх онол, арга зүй болон хэрэглээ, шинэ технологид суурилсан арга зүй боловсруулах чиглэлээр ажиллаж амьдардаг, мэргэшсэн зөвлөх ажилтан юм.

Тооллогод хаанахын ямар онгоц хэрэглэсэн бэ?
Тооллого судалгаанд 'Томас Эйр' компанийн 'Пилатус-6' нисэх онгоц хэрэглэсэн. Нисгэгч нар, газраас дэмжих багийхан гээд 10-аад хүн говийн халууныг үл ажран цаг хугацаатай уралдан судалгааны хамгийн хүнд хүчир ажил болох 30,000 км урт нислэгийг төлөвлөсөн хугацаанд сааталгүй, аюул осолгүй амжилттай гүйцэтгэлээ.

Судалгааны үр дүнг юунд хэрхэн ашиглах вэ?
Судалгааны үр дүнг, ялангуяа бүрдүүлсэн мэдээллийн баазыг олон чиглэлээр ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл, авсан гэрэл зургийн мэдээллийн баазыг ашиглаад олон төрлийн зэрлэг амьтдын тоо толгой, үржил, мал, малчид болоод дэд бүтэц, төв суурингуудаас ямар зайд тархан байрлаж байгаа, ургамалжилт бэлчээрийн тухайн үеийн нөхцөлтэй хэрхэн уялдаж байгаа вэ гэх мэт олон чиглэлээр нарийвчлан судалж болно. Дашрамд хэлэхэд, агаарын тооллого хийсэн хугацаа хулан унагалах үетэй давхцаж таарсан л даа. Бас хамрагдсан талбайд газар ашиглалт, эвдрэл доройтол ямар байгааг үргэлжлүүлэн судлах боломжтой. Түүнчлэн газраас хийсэн тооллоготой зэрэг явагдсан болохоор үр дүнг нь харьцуулах, давуу болон сул талуудыг тодорхойлж, цаашид тооллого судалгаа хийхдээ ямар арга ашиглах вэ гэдгээ тогтооно. Оюу Толгой компанийн хувьд энэ жил 20 хуланд сансрын дамжуулагчтай, байршил тодорхойлдог хүзүүвч зүүнэ. Одоогийн байдлаар 5-6 хуланд зүүчихээд байна. Ингэснээрээ хулангийн шилжилт хөдөлгөөн хоног, улиралд хэрхэн өөрчлөгддөг, хөдөлгөөнийг зохицуулахад ямар хүчин зүйл нөлөөлж байгаа, хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж, хязгаарлаж байгаа зүйлийг илүү нарийн судална. Үүнд эхний суурь мэдээ болох онгоцноос хийсэн агаарын тооллого чухал хувь нэмэр болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.