Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Амжилтын түүх: Цэцэгсийн хүрээлэнд...

Эх болсон байгалиа унаган төрхөөр нь хадгалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаа нэгэн бүсгүйтэй уншигч таныг танилцуулъя. Энэ бүсгүй бол Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн мод үржүүлгийн мэргэжилтэн Э.Алтанцэцэг юм. Оюу Толгой уурхайгаас 45 км зайд орших Ханбогд суман дахь мод үржүүлгийн газар түүний ажлын байр. Ашиглалтад ороод хоёр жил гаруй болсон мод үржүүлгийн газар 640 ам метр талбайтай хүлэмж, гаднахь хашаалсан газартайгаа нийлээд 5 га юм. Энд говийн мод, бут, сөөг, төрөл бүрийн ховор ургамал тарималжуулдаг. Нэг үгээр хэлбэл, ургамлын томоос том үйлдвэрлэл тасралтгүй явагддаг. Говийн нөхцөлд ургах боломжтой нутгийн ургамлын үрийг цэвэрлэн, хүлэмжинд үрслүүлж, гадаахь талбайдаа шилжүүлэн байгалийн зохилдолгоонд дасгана. Дараа нь биологийн нөхөн сэргээлтэд ашигладаг байна.

Энд 21 хүн байнга ажиллана. Орон нутгийн иргэдээс голлон бүрдсэн энэ багийг Э.Алтанцэцэг удирддаг. Мод үржүүлгийн газрын ажилтнууд анх 'цоохор цэрэг' гэдэг шиг малчин, ажилтан гээд олон төлөөллөөс бүрдэж байж. Өөр мэргэжлийн, мод тарих анхан шатны мэдлэггүй хүмүүс ирсэн болохоор хоёр жил мэргэшүүлж, сургалтад хамруулсан байна. Одоо цөм ажилдаа дуртай, мэдлэгтэй, байгалиа хамгаалах хүсэлтэй болсон байна. Э.Алтанцэцэг 2007 онд ШУТИС-ийг ойн инженер мэргэжлээр төгсчээ. Тэрээр ажлаараа бахархаж явдаг нэгэн.

Э.Алтанцэцэг “Нутгийн иргэд байгалиа хамгаалж, хайрлах сэтгэлтэй байдаг. Тиймээс тэдэнтэй хамтран ажиллаж байна. Малчдаар ургамлын үр түүлгэхээс гадна орон нутгийн иргэдийг мод тарих, нөхөн сэргээх зэрэг ажилд оролцуулдаг” хэмээн ярьж байлаа.

Мод үржүүлгийн газар хамгийн сүүлийн үеийн техник, технологи ашигладаг аж. Хүлэмж гэхэд л нийлмэл оройтой, давхар хулдаасан бүрхүүл, 320 метрийн урттай мананцар үүсгэгч усалгааны системтэй. Автомат өгөгдөлд нь хэзээ, ямар хэмжээгээр, бордооны ямар найрлагатай усаар услахыг нь тохируулахад хүний оролцоогүй 'ажлаа хийдэг' боловсронгуй эд. Бас халаалтын системтэй учраас гуравдугаар сараас арваннэгдүгээр сарын сүүл хүртэл ургамал тарих боломжтой. Одоогоор хүлэмжинд хайлаас, буйлс, жигд, чацаргана, шар хуайс, хармаг, тэсэг, заг зэрэг модлог болон бутлаг ургамлыг үрээр болон суулгацаар тарьж байна.

“Өвлийн улиралд бэлтгэлээ базаана. Хавар, зун, намрын улиралд мод, ургамлаа тарих, үржүүлж арчлах, ургуулах, зэрлэг ургамал, хортон шавьжтай тэмцэх зэрэг ажлууд хийнэ. Талбайдаа нөхөн сэргээлтэд хэрэглэх зонхилох ургамлаас гадна ховор болон эмийн ургамал тариалдаг. Чихэр өвс, лидэр, сулхир, морин шарилж гээд нэрлээд байвал нэлээд олон” хэмээн Э.Алтанцэцэг ярьж байна.

Цэцэг, ургамал бүхэн амьтай, бас ухаантай гэнэ. Тэрээр эх болсон байгалиа хамгаалах ажилдаа сэтгэл зүрхээ зориулж, тарьсан, ургуулсан, амьдруулсан бүхнээрээ бахархаж явдаг. Бас богинохон хугацаанд хэдэн мянган мод, ургамал үржүүлж байгаа хамт олныхоо ажлын амжилтад баярладаг нэгэн.

Түмэн цэцэгсийн хүрээлэнд үргэлжлэх түүний ажил өмнийн говийг үр хойчдоо унаган төрхөөр нь өвлүүлэх ариун үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.