Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Ё.Лхамаа "Оюутнууд сургалтын төлбөр, дотуур байрны зардал, хэрэглээний мөнгөндөө санаа зовохгүй сурна"

Оюу Толгой ХХК 2010 оноос эхлэн Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Энэ хөтөлбөрийн талаар тус компанийн Хүний нөөцийн хэлтсийн Сургалтын мэргэжилтэн Ё.Лхамаагаас тодрууллаа.

Оюу Толгой ХХК-иас зарласан Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулна уу. Энэ хөтөлбөр хэд дэх жилдээ хэрэгжиж байгаа вэ?
Оюу Толгой компани 2010 онд БСШУЯ-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Үүгээр 2010-2015 онд давхардаагүй тоогоор 200 оюутан тэтгэлгээр сургахаар шийдвэрлэсэн юм. Өнөөдрийг хүртэл 100 оюутан тэтгэлэг авсан байгаа. Энэ тэтгэлэг оюутнуудад санхүүгийн туслалцаа үзүүлж, Оюу Толгой компаниас зарладаг бусад хөтөлбөрүүдэд үргэлжлүүлэн хамруулах гол зорилготой. Жил бүрийн 9 дүгээр сард зарладаг.

Хөтөлбөрт хамрагдах оюутанд ямар шалгуур тавигдах вэ?
Монгол улсын иргэн, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2-4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан, бас уул уурхай, металлурги, баяжуулалт, геологи, механик, цахилгаан, хими, байгаль орчин, барилгын инженерийн чиглэлээр суралцдаг, сурлагын голч дүн 3.2-оос дээш, бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх гэсэн ерөнхий шалгуурууд тавигдана.

Оюутнууд ямар материал бүрдүүлэх ёстой вэ?
Анкет, сургуулийн тодорхойлолт, суралцсан хугацааны албан ёсны дүнгийн хуулбар, энэ хугацаанд гаргасан амжилт, авсан шагнал урамшууллын хуулбар, иргэний цахим үнэмлэхний хуулбар зэрэг материалууд бүрдүүлнэ. Бас суралцаж байгаа мэргэжлээ яагаад сонгосон, сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаа, энэ зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн ажиллаж байгаа талаараа зохион бичлэг бичнэ. Анкетын маягтыг Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр 2013 - 2014  хуудаснаас татан авч бөглөнө.

Зохион бичлэгт юу анхаарах ёстой вэ. Өмнө нь ямар алдаа түгээмэл гарч байв?
Зохион бичлэг оюутан тухайн мэргэжлээр суралцахын тулд хэр их чармайж сургуульдаа орсон, мэргэжлээ сайн эзэмшихийн тулд хэрхэн, яаж суралцаж байгаа, цаашдын төлөвлөгөөний талаарх мэдээллийг авах зорилготой. Бид шалгаруулалтын явцад олон зохион бичлэг уншдаг болохоор түгээмэл гардаг алдааг анзаардаг. Тухайлбал, Би Монгол орноо хөгжүүлэхийг хүсдэг, сайн мэргэжилтэн болно гэгчлэн хэт ерөнхий бичдэг. Яаж хөгжүүлэх вэ гэдгээ нарийн илэрхийлдэггүй. Өөрөөр хэлбэл зорилгоо тодорхой гаргаж чаддаггүй. Бас авсан шагнал урамшуулал, оролцсон арга хэмжээнийхээ талаар худал бичиж, ярилцлагын үеэр илэрсэн тохиолдол ч бий. Уран зохиолын аястай шүлэг, өгүүлэг шиг зохион бичлэг ч таардаг. Энгийн үгээр тодорхой бичвэл хүнд илүү хүрнэ. Зарим нь хүнээр бичүүлдэг. Ярилцлагаар шууд мэдэгдэнэ л дээ.

Анкет бөглөхөд анхаарах гол зүйл юу байх вэ?
Авсан шагнал урамшууллаа тодорхой бичиж, батласан хуулбараа хавсаргана. Ялангуяа суурь шинжлэх ухааны олимпиад, мэргэжлийн чиглэлийн уралдаан, тэмцээнд байр эзэлж байсан бол орхихгүй оруулах хэрэгтэй. Урлаг, спортын амжилт чухал нөлөөгүй ч нийгмийн идэвх, оролцоог харуулдаг. Оролцож байсан сайн дурын ажлынхаа талаар бичвэл зүгээр. Оюутнууд цагаа тулгаж, материалаа яарч сандран бэлтгэдэг. Манай тэтгэлгийн нэр хүнд өсч, оюутнууд жилийн өмнөөс ч бэлтгэж байгаа. Өрсөлдөөн ширүүсч байна. Иймд эртнээс сайтар бэлтгэж, материалаа бүрэн бүрдүүлээрэй. Эдгээр материал тухайн оюутны хандлагыг бас тодорхой хэмжээнд илэрхийлдэг.

Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд ямар тэтгэлэг авах вэ?
Тухайн сургуульд суралцах жилийн сургалтын төлбөр, сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг авна. Хөдөө орон нутгийн оюутан бол дотуур байрны төлбөрийг төлнө. Үүнээс гадна Оюу Толгой компанид дадлага хийх боломжтой. Оюутнууд сургалтын төлбөр, дотуур байрны зардал, хэрэглээний мөнгөндөө санаа зовохгүй сурна гэдэг том боломж, том дэмжлэг.

Хэрвээ 2 дугаар дамжаанд суралцдаг оюутан тэтгэлэг авсан бол дараа жил дахин өрсөлдөх үү?
Дахиж өрсөлдөхгүй. Тухайн оюутны сурлагын голч дүн 3,2-оос дээш байвал тэтгэлэг сургууль төгстөл үргэлжилнэ. Энэ бол бас нэг давуу тал.

Шалгаруулалт хэр шударга явагддаг вэ?
Маш шударга. Мэргэжлийн хүмүүс ярилцлагын багт ордог. Шалгаруулалт гурван үе шаттай явагдана. Манай тэтгэлэг авсан оюутнууд сургуульдаа хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүд байдаг гэдгийг бусад оюутнуудаас олонтаа сонсч байсан. Тэдний сурлага ч үүнийг давхар баталдаг. Оюутнуудын сурлагын голч дүн 3,2-оос доош болчихвол тэтгэлэг шууд зогсдог учраас сургуулиа төгстөл мэрийж суралцах шаардлагатай болдог.

Энэ жил хэдэн оюутан Оюу Толгой компанийн тэтгэлгээр суралцах вэ?
2013-2014 оны хичээлийн жилд 35 оюутан шалгаруулж авна.

Орон нутагт байрладаг их, дээд сургуулийн оюутнууд хамрагдах боломжтой юу?
Боломжтой. Дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцдаг оюутнууд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрхтэй.

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа хэзээ вэ?
2013 оны 9-р сарын 20-ны өдрийн 17:00 цаг. Шалгуур хангасан, бэлтгэл сайтай хэнд ч тэтгэлэг нээлттэй. Дашрамд сануулахад хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээж авахгүй. Үндэсний тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой мэдээллийг өдөр тутмын сонинууд, Оюу Толгойн цахим болон фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.