Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Өмнийн говийн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний дээжээ дэлгэлээ

- 'Зах зээлийн өдөрлөг'-т 100 гаруй бизнес эрхлэгч оролцов -

Монгол улс, Өмнөговь аймаг - Намрын налгар өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд “Зах зээлийн өдөрлөг” болж өнгөрлөө. Энэхүү өдөрлөгийг Оюу Толгой ХХК, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан бөгөөд орон нутагт анх удаа болсон арга хэмжээний үеэр бизнес эрхлэгчид бараа, бүтээгдэхүүнээ худалдаж борлуулснаас гадна төрийн байгууллагууд үйлчилгээ, үйл ажиллагааныхаа талаар иргэдэд танилцуулав.

'Зах зээлийн өдөрлөг'-т Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад сумын 100 гаруй бизнес эрхлэгч, малчид хоршоодын төлөөлөл оролцож, сүү, цагаан идээ, үндэсний хувцас, гар урлал, модон эдлэл, малын тоног хэрэгсэл, хүнсний ногоо, даршилсан ногоо гээд олон төрлийн бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Энэ үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Т.Буян-Өлзийтэй уулзахад “Жижиг, дунд үйлдвэр төрийн бодлогоор хөгждөг. Үүн дээр Оюу Толгой компани санал, санаачилга гаргаад 'Говийн шим' хөтөлбөрийг хэрэгжүүлж, анх удаа говийн хөрсөнд ургасан ногооны дээжээ ард түмэндээ хүргэж байгаад сэтгэл өндөр байна. Энэ бол том алхам, том үр дүн юм. Бидний бодлого, уялдаа зөв байвал хамтын ажиллагаа сайн байх нь мэдээж” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Нээлтийн үеэр Оюу Толгой ХХК-ийн Бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн захирал Ш.Байгалмаа “Монгол улсын төдийгүй өмнийн говийн бүс нутгийг зохистой хөгжүүлэх, хөрш сумдын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, өсч дэвжих боломж бүрдүүлж ажиллах нь Оюу Толгой компанийн бодлогын хэсэг юм. Иймээс орон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих 'Говийн шим' хөтөлбөрийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр харахад энэ хөтөлбөрийн хүрээнд чамгүй их зүйлийг бүтээжээ. Уул уурхайгаас хамаарал багатай бизнесийг хөгжүүлж, цаашдаа тогтвортой эдийн засаг бий болгоход хамтын оролцоо маш чухал” хэмээн онцолж байсан.

'Зах зээлийн өдөрлөг'-ийн талаар Оюу Толгой ХХК-ийн Орон нутгийн хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн С.Мягмаржав “Энэхүү арга хэмжээ нь бидний гурван жилийн хамтын хөдөлмөрийн үр дүн юм. 'Говийн шим' хөтөлбөр хэрэгжээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаад бид орон нутагт олон төрлийн бизнесийг хөгжих нөхцлийг бүрдүүлж, дэмжин ажилласан. Өнөөдөр бизнес эрхлэгчид нэгдсэн зохион байгуулалттайгаар бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаад борлуулж байгаад баяртай байна. Иймэрхүү үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсанаар эдгээр бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчилах, харилцан туршлага судлах, зах зээлийн хүрээгээ улам бүр өргөжүүлэх боломж бүрдэх юм” хэмээн ярьлаа.

Өдөрлөгийн үеэр төрөл бүрийн даршилсан, боловсруулсан болон талбайгаас шууд авчирсан ногоо алаглаж байлаа. Говийнхон ч нутгийнхаа хөрсөнд тарьж, ургуулсан ногоог ихээр худалдан авч байв. Бас хамгийн том ногоо шалгаруулах тэмцээнд Баян-Овоо сумын ногоочин Г.Балчинхандын ургуулсан тарвас 8,4 кг татаж тэргүүлсэн нь говийн хөрс эзэндээ үржил шимээ харамгүй өгч байгаагийн илрэл гэлтэй.

Өмнөө олон төрлийн ногоо эгнүүлэн тавьсан эмэгтэйтэй уулзлаа. Тэрээр “Ханбогд сумын Номгон багийн иргэн У.Баттөмөр” гэж өөрийгөө танилцуулаад “Манай сумын иргэд бүлгийн зохион байгуулалттайгаар ногоо тарьсан. Анх удаа 5-6 төрлийн ногоо тарилаа, нэлээд их туршлага ч хуримтлууллаа. Нутгийн хөрсөнд ургасан ногоо гээд хүмүүс их сонирхож, худалдан авч байна. Уг нь нэлээд их ногоотой ирсэн ч борлуулаад дуусах дөхлөө. Говьд цаг агаар харьцангуй дулаан болохоор ирэх 10 сарын дундуур ургацаа хураана. Ийм өдөрлөг зохион байгуулах нь хэрэгтэй, өгөөжтэй юм байна. Хэн, хаана юу хийж байгааг хүмүүс мэдэж авна. Говийн хөрсөнд ногоо ургана гэхэд хүмүүс итгэхгүй байсан. Энд ирээд өөрсдөө нүдээрээ харж, итгэлээ” хэмээн ярьсан юм.

'Зах зээлийн өдөрлөг'-ийг сонирхон, бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаа хүмүүс ч олон байв. Тэдний нэгтэй уулзаж, арга хэмжээний талаархи санаа бодлыг нь сонслоо. Ханбогд сумын иргэн Б. Мөнхбаяр “Энэ их хэрэгтэй арга хэмжээ болжээ. Хүмүүс хийж, бүтээсэн зүйлээ харуулж байна. Залуучууд маань эндээс санаа авна. Анх удаа гэхэд хүмүүс их байна. Би сая нэлээд сонирхлоо. Тэмээний ноосоор хийсэн зүйл ч байна, даршилсан ногоо ч байна. Зохион байгуулалт ч сайтай юм. Ногоо тарьсныг харлаа. Сайн ургаж. Бид нар худалдан авч байснаас өөрсдөө тарьж байгаагүй юм байна” гэлээ.

Энэ арга хэмжээ үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна бусдад санаа өгөх, сэдэл төрүүлэх, үлгэр дууриал болсноороо илүү ач холбогдолтой болж байлаа.

'Говийн шим' хөтөлбөрийн ерөнхий зөвлөхөөр ажилладаг Интерконсалтанг ХХК-ийн бизнесийн зөвлөх Ж.Бүрэндэлгэр “Бид сургалтаа онол, дадлага хослуулж явуулдаг. Бас туршлага судлах аялал ч зохион байгууллаа. Энэ жил бид нийт 270 орчим хүмүүсийг сургалтад хамруулсан. Сургалтын хэрэгцээ, үүн дотроо технологийн сургалтад суух хүсэлт их байдаг. Бизнес эрхлэгчдийн хувьд сурч, мэдэх хүсэл эрмэлзэл ихтэй байдаг. Өнөөдөр тэд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлээд, зах зээлд гаргаж, амжилттай борлуулж байна” хэмээн танилцуулсан юм.

Өдөрлөгийн үеэр шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулахад Ханбогд сумын иргэн Р.Оюунаа, Т.Цогтбаатар, Л.Алтанцэцэг, М.Дамдинсүрэн, Баян-Овоо сумын Б.Сарангэрэл, Манлай сумын Г.Алтанцэцэг, Даланзадгад сумын Э.Отгонхүү нар шалгарлаа. Шилдэг бизнес эрхлэгчдийн нэг Г.Алтанцэцэг тахианы аж ахуй эрхэлж, бизнесээ амжилттай явуулж байгаа аж. Харин Б.Сарангэрэл 2010 оноос талх, нарийн боов үйлдвэрлэж эхэлжээ. Өнөөдөр таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байгаа аж. Э.Отгонхүүгийн хувьд Даланзадгад суманд “Мөнгөн хөөс” авто төвөө 2008 онд байгуулж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Ажиллах хугацаандаа 12 хүнийг ажлын байраар хангажээ.

Өдөрлөгт оролцсон үйлдвэрлэгчид зөвхөн нэг өдөрт 10 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн нь орон нутагт эрэлт байгааг харуулж байв.

Ийнхүү өмнийн говийн бизнес эрхлэгчид өөрсдөө бүтээж, үйлдвэрлэж байгаа гэдгээ ард түмэндээ харуулж, амжилт ололтоо ч хуваалцлаа.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.