Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Л.Удвал "Оюу Толгой компанийн олон улсын тэтгэлэгт давуу тал олон бий"

Оюу Толгой ХХК-иас зарласан олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар тус компанийн Сургалтын ахлах ажилтан Л.Удвалтай ярилцлаа.

Оюу Толгой ХХК-иас зарласан олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулна уу. Энэ хөтөлбөр хэд дэх жилдээ хэрэгжиж байгаа вэ?
Оюу Толгой компани 2010 онд БСШУЯ-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Үүнд 2010-2015 онд гадаадын их, дээд сургуулиудад 30 оюутан тэтгэлгээр суралцуулахаар тусгасан юм. Өнөөдрийн байдаар 15 хүн тэтгэлэг авсан байгаа. Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийг гурав дахь жилдээ зарлаж байна.

Хөтөлбөрт хамрагдах оюутанд ямар шалгуур тавигдах вэ?
Монгол улсын иргэн байх, сурлагын голч дүн 3.4-өөс доошгүй байх, тухайн их сургуулийн англи хэлний мэдлэгийн шалгуурыг хангахуйц TOEFL болон IELTS шалгалтын дүнтэй байх, инженерийн чиглэлээр бакалаврын зэрэг авахаар сурч байгаа эсвэл сургуулиа сүүлийн 3 жил дотор төгссөн, Оюу Толгой компанийн Үндэсний тэтгэлгээс өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх, Оюу Толгой компанид бүтэн цагаар ажиллах хөдөлмөрийн гэрээгүй байх гэсэн ерөнхий шалгуурууд байгаа.

Тухайн оюутан бакалавраар суралцах хүсэлтэй бол ямар шаардлага хангах ёстой вэ?
Уул уурхай, цахилгаан, барилга, металлургийн инженер, механик инженер, геологи, геологийн судалгаа, байгаль орчны чиглэлээр Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн гурав, дөрөвдүгээр дамжаанд суралцдаг байх ёстой.

Хэрвээ магистрын зэрэгт сурах бол шалгуур нь өөр байх уу?
Уул уурхайн инженер, механик инженер, геологи, геологийн судалгаа, цахилгааны инженер, металлургийн инженер, хими, барилгын инженер зэрэг мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг сүүлийн гурван жилийн дотор төгссөн, бакалаврын зэрэгтэй байх зэрэг шалгууртай. Эдгээр үндсэн шалгууруудыг хангах оюутнууд Оюу Толгойн олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргах эрхтэй.

Өргөдөл гаргах хүмүүсийн хувьд анхаарах ёстой гол зүйлүүд юу байх вэ?
Гадаадад мэдээж англи хэл дээр суралцана. Тиймээс юуны өмнө англи хэлний бэлэн дүнтэй байх ёстой. Учир нь манай тэтгэлэгт өргөдөл өгөхөд үзүүлэх гол баримт болно. Өөрөөр хэлбэл “Би тухайн сургуулийн шаардсан оноог авч чадна” гэдгээ баталгаажуулна. Бидний зүгээс албан ёсны дүн л шаардана. Одоо TOEFL-ийн дүнгүй бол яаран шалгалтанд орж, 160 ам.доллар төлөөд 400 оноо авах бол оюутны зорилго биш. Хэрвээ өөртөө эргэлзэж байвал албан бус TOEFL-ийн шалгалтыг 20 ам.доллар төлөөд өгч болно. Хариу нь 7 хоногийн дараа гардаг. Албан ёсны TOEFL-тэй харьцуулахад ярих хэсэг л байдаггүй тул унших, сонсох, дүрэм дээрээ алдаж байна уу гэдгээ мэдэж болно.

Сургууль, багш нарын зүгээс анхаарах зүйлүүд бий юу?
Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт багш нарын тодорхойлолт шаардаагүй. Харин гадаадын тэтгэлэгт шаардана. Оюутнууд ойрын болон алсын зорилготой, тодорхой мэргэжлээр, илүү нарийн, гүнзгийрүүлж сурах ёстой. Энэ хүсэл зорилгыг нь багш нар ойлгож, мэргэжил талаас нь дүгнэсэн тодорхойлолт өгөх нь чухал.

Оюу Толгойн тэтгэлэгт тэнцсэн ч тухайн сургуулийнхаа шаардлага хангахгүй байх тохиолдол бий юу?
Байгаа. Манай шалгаруулалтад тэнцсэн ч сурах сургуулийнхаа шаардаж байгаа англи хэлний оноог аваагүй тохиолдол байсан. Хэрвээ анзаарсан бол шалгаруулалтын зар дээр TOEFL, IELTS-ийн оноогоо заагаагүй байгаа. Яагаад гэвэл тухайн сургуулийн TOEFL, IELTS-ийн онооны шаардлага өөр өөр. Тухайлбал Ютагийн их сургууль TOEFL 577 байхад Куртины их сургууль 570 оноо шаардах жишээтэй. Бритиш Колумбын их сургууль гэхэд хэлтэс бүр нь өөр оноотой. Ерөнхийдөө IELTS 6,5-ээс дээш байхыг шаарддаг. Харьцангуй өндөр гэж санагдаж магадгүй ч англи хэл сайтай оюутанд бол бэрхшээл биш. Заасан оноонд хүрээгүй ч өндөр оноотой оюутнуудыг Оюу Толгой компанийн зүгээс дэмждэг. Ийм оюутнууд тухайн сургуулийнхаа англи хэлний шалгалтыг хэд хэдэн удаа өгөөд тэнцсэн тохиолдол ч бий. Энэ жилийн хувьд зөвхөн гурав, дөрөвдүгээр дамжааны оюутан гэж заасан. Учир нь манайд онолын хичээл голлон, лабораторийн хичээл, дадлага харьцангүй бага байдаг учраас оюутны энд авсан хичээлийн кредитийг шилжүүлэн тооцдоггүй тул суралцах хугацаа нь нэг, хоёр жилээр нэмэгддэг. Тиймээс дөрөвдүгээр дамжааны оюутнуудыг илүү дэмжинэ. Үнэхээр сайн оюутан байвал гуравдугаар дамжаа байж болно. АНУ-ын ногоон карттай, гадаадад бакалаврын түвшинд сурч байгаа эсвэл өөр мэргэжлээр сургуулиа төгссөн хүмүүсийн хувьд боломжгүй гэдгийг анхааруулмаар байна. Харин өөрийнхөө зардлаар уул уурхайн чиглэлээр бакалаврын түвшинд сургуулиа сүүлийн гурван жилийн дотор амжилттай төгссөн, үргэлжлүүлэн магистрт сурах хүсэлтэй хүмүүс өргөдлөө өгөх боломжтой.

Магистрт суралцахаар өргөдөл гаргаж буй хүмүүс юу анхаарах хэрэгтэй вэ?
Магистрт суралцах хүмүүс сүүлийн 3 жил дотор сургуулиа төгссөн, мэргэжилтэй, ажлын туршлагатай байх ёстой. Тиймээс эссэгээ илүү мэргэжлийн тал руу бичих шаардлагатай. Их ерөнхий бичдэг дутагдалтай. Элсэн орохыг сонирхож байгаа сургуулийн цахим хуудас рүү хандаад ямар хэлтэст, ямар чиглэлээр судалгаа хийх боломжтой, ямар багш нар байгаа, ямар шаардлага гаргаж байгаа эсэхийг нарийн мэдсэний дараа өргөдлөө бэлдэхийг зөвлөмөөр байна.

Нийт 30 оюутан суралцахаас 15 нь суралцаж байгаа гэлээ. Үлдсэн 15 оюутныг хоёр жилийн хугацаанд шалгаруулах уу?
Тодорхой төлөвлөгөө амлахгүй. Оюу Толгой компани тоог биш чанарыг чухалчилна. Өнгөрсөн жил нэг л хүн тэнцсэн. Тиймээс үлдсэн хоёр жилд 15 хүн тэнцэх үү, нэг хүн тэнцэх үү гэдэг нь тодорхойгүй. Өргөдөл гаргаж байгаа хүмүүсийн бэлтгэл болон хариуцлага, англи хэлний мэдлэгийн түвшин, ажлын туршлага чухал гэдгийг дахин хэлмээр байна.

Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд ямар тэтгэлэг авах вэ?
Бусад тэтгэлгүүдтэй харьцуулахад Оюу Толгой компанийн олон улсын тэтгэлэгт давуу тал олон бий. Тухайн сургуульд суралцах сургалтын төлбөр, оюутны байрны төлбөр, эрүүл мэндийн даатгал, визний хураамж, онгоцны зардлыг төлнө. Дээр нь сар бүр мөнгөн тэтгэлэг өгнө. Үүний зэрэгцээ жил бүр номын мөнгө гэж өгдөг. Оюутнууд санаа зовох зүйлгүй зөвхөн сурах л үүрэгтэй. Бид сургуулиа төгсөөд Монголдоо ирж ажиллах хүмүүсийг сургаж, дэмжиж байгаа.

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа хэзээ вэ?
2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг. Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээж авахгүй гэдгийг дашрамд сануулъя. Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг өдөр тутмын сонинууд, Оюу Толгойн цахим болон фэйсбүүк хуудаснаас авах боломжтой. Өргөдлийн маягтыг Оюу Толгойн цахим хуудаснаас татаж авна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.