Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Амжилтын түүх: Мөрөөдөлтэй залуу инженер

Монголд уул уурхай эрчимтэй хөгжиж байна. Эрчимтэй гэдэг үг өөрөө техник, технологийн ололт, дэвшил, хурд гэсэн олон утга агуулах нь ойлгомжтой. Өнөөдөр Монголчууд шинэ зууны уул уурхайн өнгө төрх, хөгжлийг өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компаниар төлөөлүүлэх болсон билээ. Үнэхээр тэнд өндөр ур чадвартай, нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд ажиллаж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи ашиглаж байна. Аливаа байгууллагын амжилтын үндэс нь сайн ажилтан байдаг. Тиймээс Оюу Толгой компани өөрсдийн ажилтнаа сургууль төгссөн цагаас нь эхлэн тодорхой дараалал, бодлого, зорилготой бэлтгэж эхлээд байгаа аж. Үүний нэг бол “Шинэ төгсөгчдийн хөтөлбөр” юм. Монголын болон гадаадын их, дээд сургуулийг шинээр төгсөгчдөөс сонгон шалгаруулж, хоёр жилийн хугацаатай хамруулдаг хөтөлбөр л дөө. Хоёр жилийн хугацаанд хэд хэдэн үе шаттай сайн инженер бэлтгэнэ гэсэн үг. Тэдгээр төгсөгчид өөрсдийн эзэмшсэн мэргэжлээрээ ажлын байранд дадлага, мэргэшүүлэх болон танхимын, англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдана. Хамгийн гол онцлог нь хоёр жилийн хугацаанд Рио Тинто компанийн бусад улсад байрлах томоохон уул уурхайд ажиллаж, дадлага хийнэ. Үүний дараа Оюу Толгойд компанийн ажилтан болдог. Өнөөдөр ийм байдлаар мэргэжилтнээ бэлтгэж байгаа жишээ тун ховор. Тиймээс энэ хөтөлбөр бусад компаниудад жишиг болно байх.

Хөтөлбөрийн амжилт төгсөгчдөөс хамаарах нь мэдээж. Сайн инженерүүд олон гарвал үр дүнтэй байна гэсэн үг. Тиймээс хөтөлбөрийн тухай өгүүлэхээ түр зогсоож, хөтөлбөрт хамрагдсан залуу инженер Р.Эрдэнэчимэгийн тухай өгүүлье. Тэрээр Орхон аймгийн буюу Эрдэнэтийн уугуул иргэн. Хэдийгээр Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн талаар сайн мэддэг байсан ч инженер биш эмч болох хүсэлтэй 8 дугаар анги хүртлээ суралцсан байна. Харин тэр үед бодлоо гэнэт өөрчилж, Эрдэнэтийн уурхайд ажиллаж, нутагтаа амьдрах бодолтой инженер болохоор шийдэж. Ингээд мэргэжлээ сонгон 2007 онд Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа Технологийн сургуульд элсэж, 2011 онд төмөрлөгийн үйлдвэрлэл, металлургийн инженер мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсөх үедээ Оюу Толгой компанийн “Шинэ төгсөгчдийн хөтөлбөр”-ийн зарыг уншаад сонирхож, дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ангийнхаа оюутнуудын хамт Улаанбаатар хотод ирж байв. Ингээд хөтөлбөрт хамрагдах шалгаруулалтад хэд хэдэн удаа орсны дараа тэнцэж, албан ёсоор гэрээ байгуулаад 11 дүгээр сараас Оюу Толгой компанид ажиллаж эхэлсэн байна.

Хэдийгээр ангиараа ирсэн ч сургуулиасаа Р.Эрдэнэчимэг гарцаараа хөтөлбөрт хамрагдахаар тэнцсэн аж. Тэрээр “Оюу Толгой компанийн Шинэ төгсөгчдийн хөтөлбөр шалгуур нэлээд өндөртэй. Би Эрдэнэтийнх болохоор орос хэлээр дагнаж байсан. Тэгээд шалгаруулалтад тэнцээгүй бол шалтгаан нь англи хэлний мэдлэг байгаасай гэж бодсон” хэмээн хэлж байлаа. Энэ хөтөлбөр хоёр жилийн хугацаанд хүмүүсээ бүх талаар нь хөгжүүлдэг. Эхлээд уурхайд аюулгүй ажиллагаанаас эхлээд бүх ажилтай танилцаж, төрөл бүрийн эрчимжүүлсэн сургалтад хамруулдаг. Би энэ хугацаанд 4 сар англи хэлний сургалтад суусан. Дараа нь хөтөлбөрийн төлөвлөгөөний дагуу 2012 оны 5 дугаар сараас Австрали улс дахь Нортпаркес уурхайд нэг жилийн хугацаатай ажиллаж, дадлага хийхээр явсан” хэмээн ярилаа. Түүний хувьд өмнө гадагшаа явж байгаагүй болохоор Австрали улс үнэхээр сонирхолтой байж. Ялангуяа Нортпаркес уурхайн аюулгүй ажиллагаа, дэг журам, хагас цэрэгжилтийн зохион байгуулалт. Үүнээс гадна түүнд Австрали хүмүүсийн найрсаг, эелдэг зан хамгийн их таалагдаж байлаа. Тэднийг уурхайгаас гадна амьдрах хот, хүмүүсийн ёс заншил, соёлын талаар бараг нэг сар танилцуулж. Үүний дараа Нортпаркес уурхайн баяжуулалтын хэлтэст ажиллаж, дадлага хийж эхэлсэн байна.

Түүний хэлснээр Нортпаркес уурхайд ёстой л алхам бүртээ сурч байж. Хэдийгээр сургуульд онолын хичээл заалгаж байсан ч ажил дээр өдөр бүр шинэ зүйл, шинэ асуудалтай тулгарна. Тэр бүхнийг шийдэж, сурч, мэдэж авдаг байв. Бас тэндхийн инженер, техникийн ажилтнуудын өөрийн сурсан мэдсэнээ сэтгэл харамгүй зааж, ойлгуулах хүсэл ч том боломж олгож байлаа. Нүдээр үзэж, газар дээр ажилласнаар үнэхээр их зүйлийг сурч, мэдсэн байна. Р.Эрдэнэчимэг “Би Нортпаркес уурхайд нэг жил дадлага хийгээд өнгөрсөн 5 дугаар сард ирээд одоо Оюу Толгой уурхайд ажиллаж байна. Тэнд байсан нэг жил буюу 12 сарын хугацаагаа гурван сараар хувааж, өөр өөр хэсэг дээр ажилласан. Эхний гурван сар үйлдвэрлэл дээр операторуудтай, дараагийн гурван сар лабораторид, металлургичидтай хамт дахин гурван сар ажиллана гэх мэтээр хуваасан. Маш их үр дүнтэй болсон” хэмээн тайлбарласан. Түүний хувьд Монголын хамгийн том уурхай Оюу Толгойд ажилладаг бол Эрдэнэтийн талаар бусдаас арай илүү мэдээлэл, мэдлэгтэй орчинд байсан. Тиймээс уурхайн хөгжлөөс эхлээд нөхөн сэргээлт, орон нутгийн иргэдийн харилцаа гээд олон зүйлийг харьцуулж үздэг. Тэрээр төгссөн сургуулийнхаа талаар “Манай Технологийн сургуулийн сургалт маш сайн, шаардлага ч өндөр. Хажууд нь Эрдэнэтийн уурхай байдаг болохоор давуу тал олон бий. Мэргэжлийн багш нар нь голдуу Эрдэнэтийн уурхайгаас ирдэг учраас дадлага талдаа илүү сайн байдаг” хэмээн ярина лээ.

Р.Эрдэнэчимэгийн зорилго бол өөрийн мэргэжлээ сайн эзэмшээд баяжуулалтын шилдэг инженерүүдийн нэг болох. Бас дэлхийн уул уурхайн томоохон төслүүдэд мэргэжилтнээр ажиллах мөрөөдөлтэй. Түүний зорилго, мөрөөдал биелэх биз ээ. Яагаад гэвэл түүний өмнө залуу нас, ажил, амьдарлын уртаас урт зам байгаа.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.