Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Өгүүлэл: Р.Бадамдорж "Өөрсдөө хүч хөдөлмөр гаргаж тарьсан загаа хамгаална"

- Оюу Толгой ХХК загийг бортогонд үрслүүлж, байгальд тарьж байна -

Өмнийн говьд налгар намар болж байна. Энэ өдрүүдэд говьд анх удаа заг тариалж, нөхөн сэргээлтийн ажил хийж эхэллээ. Сүүлийн хэдэн жил хавар, намрын улиралд хот, хөдөөгүй л мод тарих болсон. Гэхдээ говийн унаган ургамал болох заг тарих ажил үүнээс арай өвөрмац онцлогтой. Оюу Толгой компани хэрэглээний усаа уурхайгаас 70 км зайтай байх Гүний хоолойгоос авдаг. Энэ ус татах хоолойгоо газрын гүнд байрлуулахын тулд газар шорооны ажил нэлээд хийжээ. Тиймээс Гүний хоолойд нөхөн сэргээлт хийж, нийт 6 га газарт заг тарьж байгаа нь энэ. Заг үрслүүлэх, тарих, арчлах ажил хугацаа их шаардана. Эхлээд үрээ цуглуулж, дараа нь бортогонд үрслүүлнэ. Бас бортоготой чигээр нь гадаа ил талбайд суулгаж, байгальд нь дасгана. Үндсэндээ хоёр зун, нэг өвлийг өнгөрөөгөөд бортогоноос нь гаргаж, байгальд нь ийнхүү суулгадаг. Үрслүүлсэн тарьц нь өндөр байх нь чухал биш. Хамгийн гол нь өтгөн саглагар, урт үндэстэй байвал ургах чадвар төдий чинээ сайн байдаг аж.

Намрын улиралд тарьснаар хавраас илүү газартаа дасан зохицох, ургах чадвар нь нэмэгдэх зэрэг давуу талтай. Эдгээр загийн суулгац нь 30-50 см өндөр бөгөөд ирэх 11 дүгээр сард дахин усалж, хөрстэй нь бэхжүүлэн хөлдөөж, орчинд нь дасган, өвлийн улирлыг давах нөхцөл бүрдүүлэх юм. Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн ахлах ажилтан Б.Алтанцэцэг “Бид Мод үржүүлгийн газартаа 2011 оноос эхлэн загийн үрээр үрсэлгээ хийж эхэлсэн. Одоо үүнийгээ нөхөн сэргээлтэд ашиглаж байна. Энэ намар 10-11 мянган загийн суулгац тарина. Нөхөн сэргээлтийн энэ ажлыг Оюу Толгой компанийн Байгаль орчны болон Бүсийн хөгжил, нийгмийн хэлтэсээс зохион байгуулж, орон нутгийн иргэд, малчид оролцож байна” гэлээ.

Оюу Толгой компанийн Мод үржүүлгийн газар уурхайгаас 45 км зайтай Ханбогд суманд байдаг. 2011 онд ашиглалтад оруулсан мод үржүүлгийн газар нь 640 ам дөрвөлжин хэмжээтэй хүлэмж, гадна талын хашаалсан газартайгаа нийт 5 га газрыг хамардаг. Энд говийн нөхцөлд ургах боломжтой нутгийн үрийг цуглуулан бэлтгэж цэвэрлээд, дараа нь хүлэмжиндээ үрслүүлж, үүнийгээ гадаах талбайдаа шилжүүлэн байгалийн зохилдолгоонд нь дасгана. Хүлэмж нь нийлмэл оройтой, давхар хулдаасан хальсан бүрхүүл, 320 метрийн урттай мананцар үүсгэгч усалгааны системтэй. Халаалтын системтэй учраас 3 дугаар сараас 11 дүгээр сарын сүүлч хүртэл ургамлаа тарих боломжтой юм. Энд нөхөн сэргээлтэд ашиглаж байгаа загийн үрсэлгээг бэлтгэжээ. Мод үржүүлгийн газарт өнөөдөр 21 хүн ажиллаж байна.

Заг бол говийн хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, элсний нүүдэл зогсоох, говийн экосистемийн тэнцвэрийг хадгалдаг чухал үүрэгтэй ургамал. Тиймээс ч энэ нөхөн сэргээлтийн ажилд орон нутгийн иргэд тун таатай хандаж, сэтгэл гарган ирж, гар бие оролцож байсан юм. Тэдгээр хүмүүсийн нэг Ханбогд сумын Баян багийн малчин Р.Бадамдорж “Би өмнө нь мод тарьж байсангүй. Энд өөрийн гараар олон заг суулгалаа. Нүх ухах, тарих ажил хийлээ. Тэмээ 1-2 настай ийм загийг идэж магадгүй. Өөрсдөө хүч хөдөлмөр гаргаж, тарьсан болохоор энэ хэсэгт тэмээ, мал оруулахгүй хамгаална” гэж ярьж байсан юм.

Говьд ойн шугуй үүсгэдэг цорын ганц ургамал бол заг. Харамсалтай нь өнөөдөр тэр шугуй “Заган шугуйт говь минь замилан хорвоод алдартай” хэмээн дуунд л үлдэж. Говийнхон загаа түлшиндээ хэрэглэж их хэмжээгээр устан, зарим нь байгалийн аясаар сэргэх чадваргүй болжээ. Тиймээс заг тариалах нь зөвхөн Оюу Толгой компанийнх биш говь нутгийн хүн бүрийн санаа тавих, хийж гүйцэтгэх ажил юм.

Нэг талаас уул уурхайн компани санаачилга гарган, нөхөн сэргээлт хийж, нөгөө талаас нутгийн иргэд дэмжин, хамтран ажилласнаар Галбын говьд заган шугуй бий болох биз ээ.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.