Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Өгүүлэл: Ажилтай, орлоготой, англи хэлтэй Ханбогдчууд

- Ханбогд сумаас олон иргэн Оюу Толгой ХХК-д ажиллаж байна -

Эх орон сумаас эхэлдэг. Эх орны хөгжил, иргэдийн хөгжил ч сумаас эхэлнэ. Тиймээс сумын иргэд ажилтай, орлоготой, сэтгэл хангалуун амьдарвал тэндээс хөгжил эхлэх нь мэдээж. Тэгвэл ийм хөгжил Өмнөговь аймгийн Ханбогд суманд жинхэнэ утгаараа иржээ. Өнөөдөр Ханбогд гэдэг нэрийг Оюу Толгойгоор дамжуулан дэлхий мэдэх болсон. Хажууханд нь дэлхийд тэргүүлэгч уурхай ажиллаж, Ханбогдчуудад дэвшил, хөгжлийг хамтад нь авчирсан юм. Тэр хөгжлийг хувь хүний өөрчлөлт, ахиц дэвшлээр л үнэлж, цэгнэх нь хамгийн оновчтой ч байж мэднэ. Гэхдээ үүнийг тоо баримт, өөрчлөлт дээр тайлбарлах хэрэгтэй байх.

Өнөөдөр Оюу Толгой компанид Ханбогд сумаас олон хүн ажиллаж байна. Эдгээр хүмүүс уурхайд жолооч, агуулахын ажилтан, баяжуулалтын дээжлэгч, орон нутгийн харилцааны ажилтан, тоног төхөөрөмжийн оператор, бутлуур, карьерын механик, засварчин зэрэг олон төрлийн ажил эрхлэж байгаа юм. Бараг л 10 орчим жилийн туршлагатай нэгэн байхад саяхан шинэ хамт олонтой болсон залуучууд ч цөөнгүй бий. Ийм тооны ажилтны ард төдий тооны өрх гэр бүл байгаа. Тэгэхээр манай нэг сумын олон өрхийн сайхан амьдралыг Оюу Толгой уурхай бий болгож байна гэсэн үг. Оюу Толгойд Ханбогдоос сайн ажиллаж байгаа залуучууд олон. Тэдний нэг болох Оюу Толгой ХХК-Тээврийн хэлтсийн жолооч Д.Мөнхтөр “Би 2011 оноос Оюу Толгой компанид жолоочоор ажиллаж байна. Энд ажиллаж, сайхан амьдарч байгаа орон нутгийн иргэдийн нэг. Бид сэтгэл хангалуун, ирээдүйдээ итгэлтэй ажилладаг” гэж ярьж байлаа. Бас тушаал дэвшин удирдах ажил хийж байгаа, нэг гэр бүлийн хоёр ажилладаг жишээ ч байгаа.

Ажиллаж байгаа хүмүүсээс гадна ажиллах хүсэлтэй нь ч цөөнгүй. Уул уурхайн компанид ажиллахад мэргэжил, мэдлэг, чадвар хэрэгтэй. Энэ бол Ханбогдын залуучуудын өнөөдрийн нэг том бэрхшээл. Гэхдээ Оюу Толгой компани үүнийг олон арга замаар шийдэж байгаа. Бүгдийг нь тоочно гэвэл ихийг өгүүлэх болно. Зөвхөн ганцыг нь нэрлэхэд л тус компанийн Хүний нөөц, сургалтын болон Бүсийн хөгжил, нийгмийн хэлтэс хамтран ажил идэвхтэй хайж байгаа иргэдэд зориулсан “Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц хөтөлбөр”-ийг үе шаттайгаар хоёр жил дараалан хэрэгжүүлж байна. Сумын иргэд аливаа сургалтад хамрагдах боломж багатай, санхүүгийн бэрхшээл гардаг, шинэ төгсөгчид мэргэжлээрээ ажиллахад хэлний мэдлэг хангалтгүй, ур чадвар дутмаг зэрэг олон асуудал байдаг учраас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага гарчээ. Уурхайн нөлөөллийн сумдын иргэдийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, тогтвортой хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэх, ур чадварын сайжруулах зорилготой хөтөлбөр. Энэ жилийн хувьд эхний үе шат нь англи хэлний сургалт байсан. Тус бүрдээ зургаан сар үргэлжилсэн энэ хичээлийн үр дүн ч эхнээсээ гарч, ихэнх нь англи хэлний сургалтаа амжилттай төгссөн. Бас Оюу Толгой уурхайтай танилцах аялал хийж, уурхайчны амьдарлыг нүдээр үзэх боломж олгосон. Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөц бүрдүүлэлт хариуцсан ажилтан Ё.Мэндмаа “Орон нутгийн иргэд хөтөлбөрт маш идэвхитэй хамрагдлаа. Насны хувьд янз бүр байсан ч ажил, хичээлээ зохицуулж сургалтандаа хичээнгүйлэн суусан хүмүүс амжилттай төгслөө. Орон нутагт мэргэжлийн багш нар очиж бүтэн зургаан сар сургалт явуулж , хамт ажиллаж байсан нь сайхан боломж гэж байсан. Эрдмийг хичээлээр гэдэг биз дээ. Хувь хүн өөрөө л хөдөлмөрлөж байж амжилтанд хүрнэ. Бид цэцэг тарих хөрсийг нь бэлдэж үрийг нь суулгаж өгсөн. Харин услаж тордож ургуулах хэрэгтэй” хэмээн ярьж байна.

Үүнээс гадна зөвхөн англи хэл заагаад дуусах биш Хөдөлмөрийн төв биржтэй хамтран 'Хөдөлмөрт эрхлэлтэнд бэлтгэх зөвлөгөө' сургалт явуулж, хувь хүний хөгжил, хандлага, харилцааны талаар цогц мэдээлэл өгсөн юм. Манайхан “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж ярьцгаадаг. Өнгөрсөн жил энэхүү хөтөлбөрт хамрагдсан суралцагчдаас олон хүн ажлын байртай болжээ. Харин 2013 оны хөтөлбөрт хамрагдсан суралцагч Г.Анхбаяр Оюу Толгой компаний Баяжуулалтын хэлтсийн Тосолгооны техникчээр ажиллах болжээ. Түүний хувьд дэлхийд тэргүүлэгч уурхайд үеийнхээ залуустай мөр зэрэгцэн ажиллаж, хөдөлмөрлөх сайхан ирээдүй хүлээж байна. Хөтөлбөрт хамрагдсан олон залуус өөрсдийн хүссэн ажилдаа орж, ирээдүйдээ итгэлтэй алхах биз ээ. Одоогоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц хөтөлбөр”-ийн дараагийн үе шат болох Мэргэжилтэй ажилтан бэлтгэх суурь сургалтын бэлтгэл ажлууд хийгдэж байгаа юм. Энэхүү сургалт Ханбогд сумын Техникийн сургалтын төвд явагдана.

Ийнхүү Оюу Толгой уурхай, Ханбогдчууд хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа хөгжиж байна. Энэ хөгжил бол зөвхөн эхлэл нь. Үүнээс цааш уртаас урт, өргөн тод зам, өдрөөс өдөрт гэрэлтэх ирээдүй биднийг хүлээж байгаа.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.