Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Өгүүлэл: Ахмад геологичид Оюу Толгойн уурхайд

Уул уурхайн салбарын ахмадын төлөөлөгчид энэ зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалт болох Оюу толгойн уурхайд зочлов. Энэ удаагийн аялалд Таван толгойн нүүрсний уурхайд арваад жил 'хар алт' олборлож, Монгол улсын хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм алдрыг хүртсэн У.Буянбаатар, 'давсны' хэмээн олон түмнээ алдаршсан, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Сумъяа, Налайхын уурхайг олон жил удирдаж явсан, Сампилын гэхээсээ илүү Налайхын хэмээн олноо хүндлэгдсэн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Жадамбаа, Монголын ахмад геологичдын холбооны тэргүүн И.Логшир, Уул уурхай, дэд бүтцийн яамны нүүрсний салбарыг олон жил удирдаж байсан Р.Сундуй дарга, ШУТИС-ийн багш шинжлэх ухааны доктор Б.Лайхансүрэн, геологич боловч сэтгүүл зүйд олон жил хүчин зүтгэсэн, зохиолч нийтлэлч Н.Өлзийбат, парламентын гишүүн, Төв аймгийн Засаг даргаар ажиллаж асан геофизикч М.Мэндбилэг нарын арав гаруй уурхайчин, геологич багтсан юм. Тэдний хэн нь ч Оюу толгойн уурхайн талаар өчнөөн удаа сонссоноос бус, нэг ч удаа очиж үзээгүй байсан юм.

Оюу толгойн ордыг нээлцсэн, 'Оюу толгой' компанийн Нөөцийн стратегийн хэлтсийн дэд захирал, Монголын геологичдын холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбат, тус компанийн дэд ерөнхийлөгч С.Санждорж нар мэргэжил нэгт нөхдөө халуун дотноор угтаж, Оюу толгойн орд, энэ зууны хамгийн гайхамшигт бүтээн байгуулалтын түүх, өнөөгийн явц байдал, ирээдүйн хэтийн төлөвийн талаар сонирхолтой сайхан яриа өрнүүлсэн билээ.

Аяллынхан хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулах баяжуулах үйлдвэр, хүнд машин механизмын засварын газар, геологийн лаборатори, ил уурхай, сургалтын танхим, Ундайн голыг сайжруулах төслийн үйл ажиллагаатай танилцаж, Ханбогд сумын нутагт орших Дэмчогийн хийдэд зочилсон юм. Тэд Монголд урьд өмнө огт байгаагүй шинэ стандартын хатуу хучилттай 'Ханбумбат' нисэх онгоцны буудал, 320 тонны даацтай 'Комацу' өөрөө буулгагч, 60 болон 120 тонны багтаамж бүхий шанагатай аварга экскаватор, 2.7 км урт хүдрийн туузан дамжуулга, баяжуулах үйлдвэрийн асар том хүдэр бутлагчийг нүдээр үзэж бахдав. 'Оюу толгой'-д аюулгүй байдлыг хэрхэн эрхэмлэдгийг ч тэд онцлон дурдаж, энэ сайхан туршлагыг Монголын бүхий л салбарт нэвтрүүлэх юмсан хэмээж байв.

Энэхүү аяллыг санаачлан зохион байгуулагч 'Оюу толгой' компанийн Олон талт хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Х.Лхамаа “ахмад уурхайчид, геологичдын аялал үнэхээр үр өгөөжтэй болж, сайхан сэтгэгдэл үлдээлээ. Улс орондоо хийсэн хөдөлмөр бүтээлтэй, нас намбатай ахмад хүмүүс болохоор аливаа юманд ноён нуруутай, голч шулуун ханддаг юм байна. Бүгдээрээ уул уурхайнхан учраас бүхнийг мэргэжлийн хүний нүдээр харж, үнэлж дүгнэж байх нь содон байлаа. Монголын уул уурхайн салбарт амьдралынхаа ихэнхийг зориулсан үнэ хүндтэй, алдар нэртэй хүмүүс үүх түүхээ хүртэл сайн мэдэж, хууч хөөрч байхыг харахад бахархмаар. Би Оюу толгойн уурхай руу янз бүрийн бүрэлдэхүүнтэй цөөнгүй аялал зохион байгуулж, олон арван хүнийг өмнийн говьд өрнөж буй энэ том бүтээн байгуулалттай танилцуулсан. Энэ геологичид шиг 'Оюу толгой'-н бүтээн байгуулалтыг үзээд чин сэтгэлээсээ бахархан биширч, баярлан бахдаж байсан хүмүүс нэг их олныг үзсэнгүй. Геологичид, уурхайчид гэдэг маань ямагт шинийг эрэлхийлж, байнга урагшаа харж явдаг, оргилуун хүсэл тэмүүлэлтэй хүмүүс байдаг ажээ. Зөвхөн уул уурхайнхан төдийгүй бүхий л салбарын ахмадуудыг 'Оюу толгой'-н үйл ажиллагаатай танилцуулах аяллыг тогтмол зохион байгуулбал “ахмадын сургаал алт” гэдэг мэргэн үг жинхэнэ утгаараа амьдралд биеллээ олох юм байна гэдгийг сайтар ойлголоо” гэж ярилаа. Ахмадууд 'Оюу толгой'-н бүтээн байгуулалтын талаар ингэж өгүүлэв.

Хөдөлмөрийн баатар У.Буянбаатар: 'Оюу толгой'-н бүтээн байгуулалтыг нүдээр үзэж, үнэхээр их бахархлаа. Тэмээний бэлчээр байсан говь нутагт ийм асар том уурхай, үйлдвэр сүндэрлүүлнэ гэдэг бахархмаар үйл байлгүй яах вэ. 'Оюу толгой'-н удирдлага С.Санждорж, Т.Мөнхбат нар ажлаа арван хуруу шигээ мэддэг хүмүүс юм. Хөрөнгө мөнгө нь байвал монголчууд юуг ч бүтээж чаддагийг энд ирээд үзлээ. 'Оюу толгой'-д аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллыг маш их эрхэмлэдэг юм байна. Энэ үйлдвэрт орчин үеийн шинэ техник, технологи нэвтэрчээ.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Сумъяа: Монгол улсын геологи уул уурхайн хөгжлийн түвшин дэлхийн хэмжээнд хэдийнээ хүрснийг энд ирээд мэдэрлээ. Энэ уурхайг үзээд монгол хүний оюуны их чадамжийг биширч байна. Чанд хатуу сахилга дэг журам, геологич инженерүүдийн өндөр ур чадвар, орчин үеийн хамгийн шилдэг техник, технологийг энд ирээд үзлээ.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Жадамбаа: Уул уурхайн салбарын ахмадууд биднийг урьж, 'Оюу толгой'-н бүтээн байгуулалттай танилцуулж буйд үнэхээр талархаж байна. Энэ бол Монголд төдийгүй дэлхийд танигдах асар том бүтээн байгуулалт юм. Ийм сайхан бүтээн байгуулалтын ажил үйлс нь өөдрөг байгаасай гэж хүсч байна. Оюу толгой шиг орд нэмэгдэхийн хэрээр Монгол улсын хөгжил урагшилж, ард түмний аж амьдрал улам л дээшилнэ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ төслийн талаар ихээхэн ташаа мэдээлэл цацаж, олон түмнийг төөрөгдүүлдэг юм байна гэдгийг газар дээр нь ирж үзээд ойлголоо. Үнэн юм үнэнээрээ байх сайхан шүү дээ.

Сэтгүүлч, геологич Н.Өлзийбат: 'Оюу толгой' төсөл бол XXI зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалт юм. Энэ бүтээн байгуулалтын талаар 600-гаад километрийн цаана телевизороор сонсох, газар дээр нь ирж үзэхийн ялгааг энд ирээд л мэдэрлээ. Ийм том барилга байгууламж гэхэд ямар их эмх цэгцтэй, нарийн чанд дотоод журамтай байдаг юм бэ. Оюу толгой овооны нэр бус, эрдсийн нэр бус, Монголыг дэлхий дахинд таниулах нэрийн хуудас, брэнд болжээ. Энд ажиллаж буй инженер техникийн ажилтан, ажилчид Оюу толгойг оюуны толгой болгон хувиргаж чаджээ.

Геологи, уул уурхайн салбарын ахмадын холбооны тэргүүн И.Логшир: Монголчууд “мянга сонсохоор нэг удаа үз” гэлцдэг. 'Оюу толгой'-н бүтээн байгуулалтыг анх удаа үзлээ. Хөрөнгө оруулагчид ямар их том бүтээн байгуулалт хийснийг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байна. Энэ том бүтээн байгуулалтад монголчууд гар бие оролцсон гэж бодохоор бас л бахархмаар байлаа. Дэлхийд эхний аравт багтах том орд Оюу толгойн уурхай Монголын ард түмэнд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна. Хүний төлөө хэрхэн их анхаарч, ажиллах орчин нөхцөл, аюулгүй ажиллагааг нь сайтар хангадаг нь сайхан сэтгэгдэл төрүүллээ. Юутай ч энд ажилладаг хүмүүс сэтгэл хангалуун байдаг байх аа. Голдуу залуус ажиллаж байгааг харж, Монголын ирээдүй, хойч үеийнхнээрээ бахархах сэтгэл төрлөө. Одоогийн байдлаар ил уурхай, баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Харин энэ том бүтээн байгуулалтын талаархи үнэн бодитой баримт мэдээлэл, сурталчилгааг хэвлэл мэдээллээр дамжуулан олон түмэнд хүргэх ажлаа улам эрчимжүүлээсэй. “Оюу толгой” төслийн талаар буруу ташаа мэдээлэлтэй хүн цөөнгүй байдаг учраас ингэж хэлж байгаа юм.

ШУТИС-ийн тэсэлгээний төвийн захирал, 'Уул уурхайн сэтгүүл'-ийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор Б.Лайхансүрэн: Монголчуудын хувьд XX зууны манлай бүтээн байгуулалт нь уулын баяжуулах 'Эрдэнэт' үйлдвэр байлаа. Тэгвэл XXI зууны манлай бүтээн байгуулалт нь Оюу толгой болж байна. “Оюу толгой” бол уул уурхай, олборлох, баяжуулах аж үйлдвэрийн асар том цогцолбор юм. 'Эрдэнэт'-ийг орос ах нар барьж өгсөн бол 'Оюу толгой'-г гадаадын мэргэжилтний удирдлага дор монголчууд өөрсдөө бүтээн байгуулсан нь бидний бахархал. Зөвхөн уул уурхай бус, барилга, эрчим хүч, хөнгөн, хүнс гээд ШУТИС-ийн бүхий л мэргэжлийн төгсөгчид энэ бүтээн байгуулалтад гар бие оролцсонд багш хүний хувьд бахархаж байдаг юм. Энэ бол үндэсний боловсон хүчний бахархал яах аргагүй мөн. Цаашид мөнгө хөрөнгө, техник, технологи нь байдаг бол манай залуус ямар ч том төслийг хэрэгжүүлэх боломжтой болжээ.

'Энержи ресурс' компанийн зөвлөх Р.Сундуй: Би Уул уурхайн хүрээлэнгээс эхлээд энэ салбарын яам, агентлагт 15 жил нүүрсний бодлого хариуцаж, Багануурын уурхайд 14 жил инженерээс орлогч дарга хүртэл ажилласан уурхайчин хүн. 'Оюу толгой'-н уурхайг анх удаа үзэж буй минь энэ. Уул уурхайн хамгийн орчин үеийн шилдэг техник, технологийг Монголд анх удаа нэвтрүүлж байгааг харлаа. Өнгөт металлургийн салбарт хамгийн хүчтэй 120 тонны даацтай экскаватор гэхэд л Монголд анхных байх жишээтэй. Баяжуулах үйлдвэрийн технологи нь зэс, алт, мөнгийг хүдрийн баяжмалаасаа тодорхойлж, түүндээ үндэслэн баяжмалынхаа зах зээлийн үнийг тогтоож байна. Дэлхийн хэмжээний стандарт нэвтрүүлсэн сайхан үйлдвэр юм. Зэсийн баяжмал дахь үнэт металлын агуулгыг тодорхойлоход хөндлөнгийн хяналтын лаборатори их чухал байдаг. Уурхайд ажиллаж байгаа дөрвөн мянга гаруй хүний ажиллах нөхцөл, аюулгүй ажиллагааг ямар их анхаардгийг алхам тутамдаа мэдэрч явлаа. 80-100 жил ашиглах уурхайн хувьд нийгмийн дэд бүтцийг бий болгоход хөрөнгө оруулагчид, Монгол улсын Засгийн газар хамтран ажиллана гэж найдаж байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.