Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Г.Энхцэцэг "Салбартаа бүрэн мэргэшсэн мэргэжилтэн болох зорилготой"

Оюу Толгой ХХК ажилтнуудаа олон хэлбэрээр сургаж бэлтгэдэг. Өнөөдөр өмнийн говь дахь Оюу Толгойд уул уурхайн инженер, техникийн ажилтнуудын шинэ үеийн төлөөлөл ажиллаж байна. Тэдний нэг нь Баяжуулах үйлдвэрийн хяналтын оператор Г.Энхцэцэг юм.

Баяжуулах үйлдвэр бол уурхайн гол хэсгийн нэг. Тиймээс та нэлээд хариуцлагатай ажил хийдэг хүмүүсийн нэг юм байна. Ямар байдлаар Оюу Толгой компанитай холбогдож, ажилтан нь болов?
Би Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэтийн Технологийн сургуулийг төгсөөд Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоонд ажиллаж байв. Дараа нь уулын баяжуулах 'Эрдэнэт' үйлдвэрт гурван жил гарай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын чиглэлээр ажиллаж байтал Оюу Толгой компани ажилтнаа бэлтгэх нэг жилийн сургалтад бүртгэж байна гэхээр нь шалгаруулалтад орж тэнцсэн юм. Тухайн үед баяжуулалт, металлурги, уулын ашиглалтын инженер, менежмент гэсэн мэргэжлээр элсэлт авсан санагдаж байна. Шалгаруулалтад тэнцсэн хүмүүс 2010-2011 онд Дарханы ШУТИС-ийн харьяа Политехникийн коллежид хичээллэж, 'Эрдэнэт' үйлдвэрт дадлага хийж төгссөн. Миний хувьд эдгээр суралцагчдын нэг.

Оюу Толгой компанийн ажилтнаа бэлтгэх энэ сургалт ямар байдлаар явагдав. Хөтөлбөр нь ямар онцлогтой вэ. Мэргэшүүлсэн гэхээр өмнө нь тухайн мэргэжлээр их, дээд сургууль төгсөгчид хамрагдсан гэсэн үг үү?
Тийм. Зарласан мэргэжлээр бакалаврын боловсролтой, магистр хүн байж болно гэсэн шаардлага байсан. Би мэргэжилдээ дуртай, мэргэжлээрээ ажиллах боломж гарсан учраас энэ сургалтыг сонгосон юм. Тэгээд нэг жил дотуур байранд сууж, өглөөнөөс оройн 17.00 цаг хүртэл, дундаа 1.30 цагийн завсарлагатай хичээллэж байлаа. Оюу Толгой уурхай, тэнд ашиглаж байгаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг тусгай хөтөлбөрөөр заасан болохоор олон талын мэдлэг олгосон. Чадварлаг олон багш хичээл зааж байлаа. Их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй хүмүүсийн мэдлэгийг сэргээж шинээр олгосон. Миний хувьд энэ үеийн англи хэлний эрчимжүүлсэн сургалтаар мэдлэгээ сайжруулсан гэж боддог. Үүнийг дагаад өөр боломж гарсан л даа.

Амжилттай суралцсан хүмүүст боломж олгосон уу. Эсвэл шалгаруулсан уу?
Сургалтад хамрагдсан хүмүүсээс шалгаруулж, Дарханаас долоо, Эрдэнэтээс нэг хүн сонгож, АНУ-ын Солт Лейк хотын Кеннекотын уурхайд нэг сар дадлага хийлгэхээр явуулсан юм. Бид энэ уурхайд богино хугацаанд бутлуур, тээрэм, флотаци, хяналтын өрөө зэрэг бүх хэсэгт дадлага хийх зорилготой байсан юм. Газар дээр нь дадлага хийсэн болохоор үр дүнтэй юм билээ.

Нэг жил мэргэшиж, нэг сар уурхай дээр дадлага хийж, туршлагатай болсон хүмүүс Америкаас ирээд Оюу Толгойд шууд ажилласан уу?
2012 оны 5 дугаар сард Америкаас ирээд ажилдаа орж байлаа. Гэхдээ шууд ажиллаад эхлээгүй. Үйлдвэр, ажилтайгаа хоёр сар гаруй танилцсан. Дарханы нэг жилийн сургалт төгссөн хүмүүс өнөөдөр бүгдээрээ Оюу Толгойд ажиллаж байна.

Баяжуулах үйлдвэрийн хяналтын оператор хүн ямар ажил хийдэг вэ. Мэргэжлийнхээ талаар уншигчдад танилцуулна уу?
Баяжуулалтын операторын ажлыг энгийнээр хэлбэл хүдрээ уурхайгаас хүлээн авч бутлахаас нь эхлэн баяжмал гарах хүртэл бүхий л тоног төхөөрөмжөө зөв удирдан явуулах. Баяжмал бэлэн болтлоо олон шат дамжлагатай. Операторууд эдгээр дамжлага, тоног төхөөрөмжүүд болон үйлдвэрлэлийн технологийг хамгийн сайн мэддэг. Тухайлбал, хөвүүлэн баяжуулах хэсгийн оператор гэхэд процесс дэх хатуулаг, урвалж, ус, агаар гээд жижиг өөрчлөлтийг ч андахгүй.

Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ. Энэ мэргэжлийг сонгоход хэн нэгний нөлөө байсан уу. Уул уурхайн мэргэжил эмэгтэй хүнд хэцүү санагддаг уу?
Би их сургуульд орох хүртлээ уул уурхайтай ойр байсан. Аав, ээж хоёр маань баяжуулагч мэргэжилтэй. Миний хань, аав, ээж “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг. Эрдэнэтийн хүүхдүүд бусад аймагтай харьцуулахад уурхайтай илүү ойр. Хүү маань хүртэл өвөө, эмээгээ дагаж хааяа үйлдвэр дээр очих сонирхолтой болоод байгаа. Эмэгтэй хүнд уул уурхайн мэргэжил хүнд гэж бодогдож байгаагүй. Зарим хүнд шөнийн ээлжинд гарахаас эхлээд хэцүү санагдаж магадгүй. Хурдан дасдаг учраас бэрхшээл гарахгүй л дээ.

Уурхай дээр чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх цаг, боломж гардаг уу?
Өөрийгөө хөгжүүлэх чөлөөт цаг мэдээж гарна. Бүх төрлийн спортоор хичээллэнэ. Ажилчид бас англи хэл ч сурч байгаа. Ер нь л үр бүтээлтэй өнгөрүүлдэг дээ.

Дэлхийд тэргүүлэгч уурхайн шинэ үеийн төлөөллийн хувьд ирээдүйн тань зорилго юу вэ?
Эзэмшсэн мэргэжлээрээ аав, ээж шигээ уул уурхайн салбарт бүрэн мэргэшсэн мэргэжилтэн болох зорилготой. Аав, ээж хоёр мэргэжлээрээ 35 жил ажиллаж байна. Би Оюу Толгойн ирээдүйг их өөдрөгөөр төсөөлдөг. Уул уурхай бол Монголын хөгжил нь. Тиймээс энд ажилладаг хүн бүр мэргэжилдээ шилдэг нь байх ёстой гэж боддог. Шилдэг байхын тулд гадаад, дотоодын шилдэг инженер, зөвлөхүүдээс байнга суралцах ёстой.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.