Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Уул уурхайн компаниуд орон нутгийг хөгжүүлэхэд хамтарч ажиллана

- Уг арга хэмжээг Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн хэлтэс зохион байгууллаа -

Монгол улс, Өмнөговь аймаг - Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын орон нутгийн харилцааны ажилтнуудын туршлага солилцох чуулга уулзалт 10 дугаар сарын 11-12-нд Оюу Толгой уурхайд боллоо. Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн хэлтсээс зохион байгуулсан уг арга хэмжээнд холбогдох албаны хүмүүс болон Уул уурхайн ассоциаци, 'Эрдэнэс Тавантолгой', 'Энержи Ресурс' 'Таван толгой', 'Өмнийн говийн элс', 'МАК', 'Хүннү коул', 'Хүрээ дэл' зэрэг компаниудын орон нутгийн харилцааны хэлтсийн 40 гаруй төлөөлөл оролцсон юм.

Чуулга уулзалтад оролцсон компаниуд өөрсдийн нийгмийн хариуцлагын бодлого, хэрэгжилтийн талаар илтгэл тавьж, туршлагаа хуваалцан, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцжээ. Энэ үеэр Рио Тинтогийн Нийгмийн асуудал хариуцсан захирал Брюс Харви Рио Тинтогийн олон улсын хэмжээнд баримталж буй орон нутгийн харилцааны бодлого, хэрэгжилтийн талаарх туршлагаа хуваалцсан бол Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа Монголын уул уурхайн түүхэн хөгжил дэвшлийг танилцуулахын зэрэгцээ уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч буй ард иргэдэд хүртээмжтэй, байгаль орчинд хариуцлагатай үйлдвэрлэл явуулахыг Өмнөговь болон бусад аймгууд дахь уул уурхайн компаниудад уриалсан байна.

Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн хэлтсийн менежер О.Энх-Ариунаа “Өмнөговь аймгийн нутагт тухайн компаниудын нийгмийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь агуулгын хувьд ижил төстэй байдаг тул бид үйл ажиллагаагаа уялдуулж, улмаар орон нутгийн иргэдэд хүрэх өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал юм. Иймд зорилго, хамрах хүрээ нь ижил төстэй төслийг нэгтгэн хамтран хэрэгжүүлэхийг уриалж байна. Цаашид хамтарч ажиллахын тулд компаниудын нэгдсэн сүлжээ байгууллаа. Энэ бол чуулга уулзалтын үр дүн” хэмээн ярилаа.

Дашрамд өгүүлэхэд, энэхүү чуулга уулзалтыг өмнө нь Өмнөговь аймгийн Уул уурхайн ассоциаци, Энержи Ресурс компани хамтран зохион байгуулсан байна. Дараа жилийн уулзалтыг Эрдэнэс Тавантолгой ХХК зохион байгуулахаар болов.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.