Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Улаанбаатар хотод бүрэн тохижуулсан гудамж нээгдлээ

- Оюу Толгой ХХК-ийн санхүүжилт, дэмжлэгээр утасгүй интернэттэй гудамжтай болов -

Монгол улс, Улаанбаатар хот - Улаанбаатар хотын шинэ гудамжны нээлт уржигдар орой боллоо. Оюу Толгой ХХК-ийн санхүүжилт, дэмжлэгээр Боловсролын их сургуулийн уулзвараас Спортын төв ордны баруун хойд уулзвар хүртэлх 3,000 ам дөрвөлжин талбайтай оюутны гудамжийг иж бүрэн тохижуулсан байна. Шинэ гудамжны нээлтийн туузыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх нар хайчиллаа. Нээлтэд нийслэл, дүүрэг, Оюу Толгой компанийн удирдлагууд оролцсон бөгөөд энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Хотын тохижилтод хувь нэмрээ оруулсан Оюу Толгой компанийн удирдлага, хамт олонд нийслэлчүүдийн нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье. Оюу Толгой компани Улаанбаатарын нэг гудамжийг 400 мянган ам.долларын өөрийн хөрөнгө оруулалтаар хандив болгож тохижууллаа. Хамгийн чухал нь энэ гудамжны дагуу утасгүй интернэттэй. Улаанбаатар хот анх удаа интернэт сүлжээтэй 'WiFi гудамж'-тай боллоо” хэмээн онцолж байсан.

Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх “Бага тойруугийн гудамжийг орчин үеийн технологи, зураг төслөөр тохижууллаа. Гудамжинд орчин үеийн хотод байх ёстой ЛЭД гэрэлтүүлэг, явган хүний зам, амарч тухлах сандал, хогийн сав, үнэ төлбөргүй утасгүй интернэтийн сүлжээ суурилуулсан” хэмээн ярилаа. Харин Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа “Энэ гудамжаар өдөртөө 30-40 мянган оюутан явдаг. Оюу Толгойн хөрөнгө оруулалтаар оюутан залуусын хичээлдээ явах орчин, нөхцөлийг сайжруулсан чухал бүтээн байгуулалт хийсэн” гэлээ. Энэхүү гудамжны тохижилтын ажлыг Монголын хотуудын холбоо гүйцэтгэсэн байна.

Оюу Толгой компани өнгөрсөн 4 дүгээр сард нийслэл хотод нэн шаардлагатай нийгмийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хувийн хэвшил болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх 'Хөгжлийн төлөөх түншлэл' санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ гэрээний дагуу Оюу Толгой компанид нийслэлийн бага тойруу орчмын гудамжийг хувийн хэвшлийн оролцоотой шинэчлэх, тохижуулах саналыг Улаанбаатар хотын захиргаа тавьсныг талархалтай хүлээн авч ийнхүү санхүүжүүлсэн байна. Оюу Толгой компани нийслэл хотоос гадна орон нутаг, тухайлбал Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумуудад нийгмийн томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа аж. Энэ ажлынхаа хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газартай тус сумыг хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд үүнд заасан үндсэн таван ажлын нэг болох сумын төв доторхи 5,1 км замыг хатуу хучилттай болгох ажил эхлээд байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.