Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Өгүүлэл: Австрали явсан Монголын багш нар ганзага дүүрэн олзтой ирдэг

 - Мэдлэг, чадвартай багш нар л сайн ажилчин бэлтгэдэг -

Монголчууд 'Шавийн эрдэм багшаас' хэмээн ярьдаг. Энэ бол эрдэм ном заасан багшаа хүндэтгэж байгаа хэрэг ч, сайн багшийн шавь нар сайн сурагч байдаг гэсэн санаа. Тиймээс эрдэм номтой, мэдлэг чадвартай хүмүүс бэлтгэж, чадах эсэх нь олон зүйлээс хамаатай ч чадвартай сайн багш илүү үүрэгтэй. Өнөөдөр манай улсад уул уурхай, зам, барилга, төмөр зам, дэд бүтэц зэрэг томоохон бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, үүнийг дагаад мэргэжилтэй, сайн ажилтны эрэлт нэмэгдсэн. Энэ бүх эрэлтийг хангах хүндхэн ачааг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд 'нуруун дээрээ үүрч' байна. Хэдийгээр энэ төвүүдийг дэмжин хөрөнгө оруулалт хийж, шинээр барьж, суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг өгч байгаа ч багш нарыг нь сургах, чадваржуулах ажил илүү чухал байлаа. Тиймээс Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарыг сургаж, мэргэшүүлэх болсон юм. Оюу Толгой ХХК мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх хамгийн том сургалтын хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд Монгол улсын хэмжээнд техник технологийн 3 жишиг сургууль шинээр барьж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 4 төвийг иж бүрэн сайжруулах, уул уурхайн инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх, гадаад дотоодын тэтгэлэг хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн зэрэгцээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарыг сургаж байгаа нь энэ.

Гурван жилийн хугацаатай хэрэгжих багш нарыг сургах төслийг Австралийн эрх бүхий сургалтын байгууллага болох ИТАС групп явуулж байгаа юм. Тиймээс  төгссөн багш нар Австралийн сургалтын тогтолцооны дагуу “Сургалт ба үнэлгээний гэрчилгээ 4, сургалт зохиох, хөгжүүлэх диплом” авч байна. Багш нарт заах арга зүй болон үнэлгээг хэрхэн хийх, сургалтыг хэрхэн зохион байгуулах, боловсруулах талаар сургалт явуулж байгаа юм. Анхны 90 багшаа өнгөрсөн жил төгсгөж байсан бол түүнээс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 152 багш төгсч, гэрчилгээгээ авчээ. Бас хамгийн сайн 100 багш сонгогдож, бусаддаа түгээн дэлгэрүүлэх сургалт хийх үүрэг хүлээсэн аж. Сургалтын онцлогийн талаар Австралийн мэргэжлийн ИТАС группын захирал Роб Грэхэм “Монгол улсад уул уурхай эрчимтэй хөгжихийн хэрээр мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ шаардлага ч өсөн нэмэгдсэн. Монголд мэргэжилтэй боловсон хүчин дутагдаж байгаа. Гэвч бид хамтдаа хичээвэл тун удалгүй Монголчууд дэлхийд шагшигдах сургалт, мэргэжилтэй хүмүүс болж чадна” гэж онцолж байсан юм.

'Мянга сонсохоор нэг удаа үз' гэдэг. Үүний адил Оюу Толгой компани багш нарыг мэргэшүүлэх сургалтад хамрагдсан хүмүүсээс хамгийн сайн 30 хүнийг сонгож, бүх зардлыг нь гаргаж Австрали улсад туршлага судлах боломж олгодог. Явсан багш нар ч ганзага дүүрэн олзтой ирдэг байна. Тэдний хувьд Австрали улсын мэргэжлийн сургалтын тогтолцоотой танилцахын зэрэгцээ тэндхийн мэргэжлийн боловсролын байгууллагууд сургалтаа хэрхэн зохион байгуулдаг, ямар шинэ техник, технологи ашигладаг, сургалтын орчин, дадлагын байрыг нүдээр үзэж, туршлага судалж, шинэ санаа ч авдаг. Оюу Толгой ХХК-ийн сургалтын ахлах ажилтан Д.Оргилмаа “Аливаа улсын хөгжлийн суурь нь мэдлэг, чадвартай ажиллах хүч байдаг. Тиймээс мэргэжлийн сургуулиуд, тэнд ажиллаж байгаа багшлах боловсон хүчнээ хөгжүүлэх шаардлага байнга гарч байгаа юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарыг сургах хөтөлбөр 2011-2014 онд явагдана. Бид энэ хугацаанд 1,000 гаруй багш, 60 гаруй удирдах ажилтан хамруулахаар төлөвлөж байна” хэмээн ярилаа. Оюу Толгой компани Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд гурван тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн. Нийлүүлэх, түүнийг ашиглах хоёр нэлээд ялгаатай. Суралцаж төгссөн багш нар нийлүүлсэн тоног төхөөрөмжөө ажиллуулах, сургалт явуулах мэдлэг, чадвартай болсон нь бас нэг томоохон үр дүн юм.

Энэ сургалтад хамрагдсан багш нар бүгдээрээ сэтгэл хангалуунаар Монголын мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, олон улсын мэргэжлийн боловсролын дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, багшлах боловсон хүчнийг олон улсын түвшинд хүргэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Оюу Толгой компанид баярлаж байгаагаа илэрхийлж байсан. Үүнээс харахад үнэхээр цагаа олсон ажил байжээ гэлтэй.

Оюу Толгой компанийн хувьд сургалтаа үр өгөөж, хүртээмжтэй болгохын тулд Хөдөлмөрийн яамтай зөвшилцөн, төслийнхөө хугацааг сунгаж, Мэргэжлийн боловсролын салбарт ажиллаж байгаа 2,400 багшийг мэргэшүүлэн Австралийн гэрчилгээ олгох, шинэ багш нарыг ч сургахаар төлөвлөөд байна.

Ийнхүү багш нар Австралийн мэргэжлийн боловсролын арга барилаас Монголдоо шамдан суралцаж байна. Үр дүн нь ч эхнээсээ гараад эхэллээ, цаашид ч гарах биз ээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.