Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: С.Мягмаржав: 'Говийн шим' хөтөлбөр говьд үр шимээ өгч байгаа

- Оюу Толгой компанийн орон нутгийн хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн С.Мягмаржавтай ярилцлаа -

Оюу Толгой компаниас хэрэгжүүлж буй 'Говийн шим' хөтөлбөрийн талаар сонирхох гэсэн юм?
Манай хэлтсээс хэрэгжүүлж буй таван хөтөлбөрийн нэг нь 'Говийн шим' юм. Энэхүү хөтөлбөр зах зээлийн зарчимд суурилсан, уул уурхайгаас хараат бус, бие даасан бизнесийг хөгжүүлэх замаар орон нутгийн эдийн засгийг дэмжиж, хувь нэмэр оруулах зорилготой, 'Тогтвортой хөгжил үйлдвэрлэлээс эхэлнэ' уриатай. Оюу Толгойн уурхайн нөлөөллийн бүсэд оршдог Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад суманд хэрэгжүүлж буй төсөл юм.

Ийм хөтөлбөр хэрэгжүүлэх учир шалтгаан юу байв?
Өмнийн говьд уул уурхай ихээхэн хөгжиж байгаа нь ийм хөтөлбөр хэрэгжүүлэх гол шалтгаан болсон гэж хэлж болно. Учир гэвэл, говийн залуус уул уурхай руу олноороо хошуурч байна. Энэ нь зарим талаар орон нутгийн хөгжилд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй. Тийм учраас орон нутгийн зах зээлийг хамгаалах, тэнд уул уурхайгаас хараат бус бизнесийг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих шаардлага амьдралаас урган гарч байна. Говь нутаг зах зээлээс алс, олон жил гэрэл цахилгаангүй байснаас бизнес эрхэлж хөгжих боломж тун тааруу байжээ. Уурхай хэзээ нэг цагт хаагдахад орон нутаг биеэ даагаад хөгжих учиртай. Чухам энэ шаардлагыг үндэслээд ийм төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Энэ хөтөлбөрт олон бизнес эрхлэгч хамрагдаж байгаа юу?
Дээр дурьдсан дөрвөн сумын 50 гаруй бизнес эрхлэгч бий. Эдний тал хувь нь шинээр бизнес эрхэлж буй хүмүүс.

Оюу Толгой компани 'Говийн шим' хөтөлбөрийн хүрээнд хэдий хэмжээний хөнгөлөлттэй зээлийн сан бүрдүүлсэн бэ?
1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн зээлийг ХААН, ХАС банкинд байршуулаад байна.

Арилжааны банкуудын зээлийн хүү талийсан шүү дээ. 'Говийн шим'-ийн зээл хэдэн хувийн хүүтэй вэ?
Зээлийн хүү ердөө нэг хувь. Гэхдээ хямдхан хүүтэй зээл авч мөнгөтэй болсноор хамаг хэрэг бүтчихгүй шүү дээ. Бизнес эрхлэх арга барил, ур чадвар, овсгоо самбаа гээд олон хүчин зүйл бий. Үүнийг эзэмшүүлэхийн тулд тэднийг бусдын туршлагатай танилцуулж, сургалтад хамруулж байгаа.

Ийм хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн үр дүн гэвэл?
Тун чамлахааргүй дүнтэй байгаа шүү. Манлай суманд талх, нарийн боов, зурагчин, тахианы аж ахуй, Ханбогдод сүүний үйлдвэр, үнээний ферм, гуталчин, халуун ус, үсчин, Баян-Овоод бялууны цех, Даланзадгадад тоосго, блокны үйлдвэр, оёдол, эсгүүр, цайны газар, авто засвар гэх мэт чиглэлээр бизнес хөгжиж байна. Дээрх сумд хэрэгцээт хүнсний ногооныхоо дийлэнх хувийг Хятадаас, эсвэл Улаанбаатар хотоос зөөж хангадаг байв. Говийн байгаль, цаг агаар, хөрс ногоо тарихад тийм ч таатай биш байдгаас хүмүүст туршлага бараг байсангүй. Дээрх хөтөлбөрийн хүрээнд энэ жил нөлөөллийн бүсийн гурван суманд хүнсний ногоо тарьж ургуулах талаар туршилт явууллаа. Өнгөрсөн хавар Ханбогдод 15, Баян-Овоо, Манлайд тус бүр гурван га талбайд хүнсний ногоо тариалсан. Оюу Толгой компани үрээр хангах, худаг гаргах, хүлэмж барих зэрэг ажлыг санхүүжүүлсэн юм. Хүмүүс хэд хэдээрээ нийлж ногоо тарих, услах, зэрлэг зулгаах, арчилж тордох хамаг ажлаа хамтран хийж байгаа. Бэрхшээлээс нь шантраад орхиод явсан хүн ч бий. Говьд ус ховор учраас дуслын усалгаа хийдэг бороожуулагчийг анх удаа хэрэглэсэн. Зарим эрсдэл байсан ч ургац овоо шүү. Өргөст хэмхийн анхны ургацаа саяхан хураалаа. 49 бизнес эрхлэгчид 380 сая төгрөгийн зээл олгов. 100-гаад хүнийг сургалтад хамрууллаа. 54 ажлын байр шинээр бий болголоо гээд тоочвол чамгүй ихийг амжуулжээ. Энэ бол бид бүхний хамтын амжилт. Хамгийн товчоор хэлэхэд “Говийн шим” говьд үр шимээ өгч байна.

Хэтийн зорилго юу вэ?
Ер нь бизнесийг салбар салбараар нь төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэл баримтална. 2015 оноос уул уурхайн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго тавьж байна.

'Говийн шим' хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараахь хаягаар хандана уу.

Ханбогд дахь салбар оффис
Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цаг уурын гудамж 1-5
Утас: 976-153512188, 976-153512194

Баян Овоо дахь салбар оффис
Өмнөговь аймаг, Баян-Овоо сум
Утас: 976-70536208

Манлай дахь салбар оффис
Өмнөговь аймаг, Манлай сум
Утас: 976-70536607

Даланзадгад дахь төлөөлөгчийн газар
Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 3-р баг, Тост Говь ХХК-ийн байр
Утас: 976-7053 3941
Факс: 976-7053 3963

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.